Search

Кибер гэмт хэргийн бүлэглэл хаана үүрлэдэг вэ? 

2023 онд дэлхий даяар нэг их наяд гаруй ам.долларыг цахим залиланд алдсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг улам өссөөр байна. Энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр Замби улсад кибер гэмт хэрэг үйлдсэн Хятадын 22 иргэн, Камеруны нэг иргэнд урт хугацааны хорих ял оноосон талаар BBC-ээс мэдээлсэн. Тэд Сингапур, Перу, Арабын Нэгдсэн Эмират зэрэг алс улсын иргэдийг онилж, луйварддаг байжээ. Танд ямар нэг үйл явдалтай ижил санагдаж байна уу?

Улс дамнасан цахим гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааны ИЖИЛ ШИНЖ ЧАНАРУУД

Замби улсад гарсан хэргийг тодруулбал, Лусака хотод байрлах Хятад эзэмшлийн “Golden Top Support Services” компанид дуудлагын төвийн агент нэрийдлээр замбичуудыг оператороор ажилд авч байжээ. Тэд “WhatsApp, Telegram, chatrooms болон бусад платформд автомат хариулагч ашиглан хэрэглэгчдийг мэхэлдэг байжээ. Тэдгээр замбичууд ч гэмт хэргийн хамсаатнуудаар татагдсан бөгөөд гол этгээдүүдийг баривчлахын тулд тэднийг батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах явцад туслуулсан аж.

  • Хэргийн газраас дотоод гадаадын 13 мянга гаруй гар утасны сим карт, хоёр галт зэвсэг, 78 ширхэг сум олсон байна. Үүнээс үүдэн тус улсын шүүхээс тэднийг компьютертой холбоотой ташаа мэдээлэл өгсөн, хувийн мэдээлэлд халдсан, сүлжээний үйлчилгээг хууль бусаар ажиллуулсан зэргээр ял оноосон юм. Гэмт бүлэглэлийн толгойлогч Ли Шианьлинд 11 жилийн хорих ял оноож, бүлэглэлийн гишүүн тус бүрийг 1500-3000 ам.доллароор торгожээ. Харин “Golden Top Support Services” компаниас албан ёсны хариу өгөөгүй гэнэ.   

Манай улсад ч ийм төрлийн гэмт хэрэг гарч байв. Тухайлбал, 2019 онд цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулсан хэрэг гарсан. Юу гэвэл, тус бүлэглэлийн удирдагч Лью Тингийг нутаг нэгтнүүдтэйгээ хамтран 2019 оны есдугээр сарын 27-нд Тайландын Вант усын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юу Эс Эй Инк” гэх шатахуун үйлдвэрлэх компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан Тайландын компани руу илгээн, 22.4 сая орчим ам.долларыг нэхэмжлэн авч, хохирол учруулсан гэж буруутгасныг Шүүхийн цахим санаас харж болно.   

  • Тус хэргийн мөрдөн шалгалтаар 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер зэрэг хэдэн тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгийг хураасан. Энэ хэрэг нийтэд ил болсон цагаасаа хойш шийдэгдэх хүртлээ нэлээд хугацаа шаардсан байна. 2019 онд саатуулснаас хойш 2023 оны гуравдугаар сарын 22-нд Давж заалдах шатны шүүх хурлаар тус хэргийг зохион байгуулсан гэх Лью Тинг Хуаг 12 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Мөн уг үйл үйл ажиллагаанд оролцсон 783 хятад иргэнийг албадан гаргажээ. 

Залилагсад ямар улсыг онилдог вэ?

Дэлхийн улсуудын Цахим аюулгүй байдлын индексийг 2020 оны байдлаар гаргасан ба энэ онд шинэчлэх юм.

  • Цахим аюулгүй байдлын индексээр Замби улс 68.9 оноотой бол Монгол Улс 26.2 оноо авсан байна.
  • Гэхдээ Монгол Улс 2020 оноос хойш кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, чиг үүргийн байгууллагыг байгуулсан зэргээр энэ жилийн тайланд нэлээд хэдэн байраар урагшилна гэсэн хүлээлттэй байна.

Дэлхийн Кибер Аюулгүй байдлын индекс (GCI) нь Дэлхийн Кибер аюулгүй байдлын хөтөлбөр (GCA)-ийн таван тулгуур дахь кибер аюулгүй байдлын түвшинд монитор хийх хувьсан өөрчлөгддөг индикаторуудаас бүрддэг.

Эдгээр шалгуур нь хууль эрх зүйн орчин, техник технологи, чадавх хөгжүүлэх болон зохион байгуулалт, хамтын ажиллагаа гэсэн таван хүрээний 20 шалгуур үзүүлэлтэд нийт 82 асуулга явуулж гаргадаг.

2024 оны зургаадугаар сарын 5-нд “Mongolian economy” сэтгүүлд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр өгсөн ярилцлагадаа2020 онд гаргасан “Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс” судалгаагаар Монгол Улс 194 улсаас 120-д эрэмбэлэгдсэн… Гэхдээ энэ бол дөрвөн жилийн өмнөх үнэлгээ. Тухайн үед Монгол Улс индексийн гол үзүүлэлтүүдийг хангаагүй байсан. Хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний хэмжээнд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллагагүй байсан үе. Харин энэ жилийн шинэ тайлангаар нэг, хоёр биш нэлээд хэдэн байраар урагшилна гэсэн хүлээлттэй байна

ЦХХХЯ, Үндэсний статистикийн хороотой хамтран 2022 онд 6500 өрхийн 9144 иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаанаас үзэхэд оролцогчдын ердөө 22.3 хувь нь, таван хүний нэг нь л сүүлийн гурван сард кибер аюулгүй байдлаа хангах ямар нэг үйлдэл хийсэн байлаа. Дөнгөж 15.8 хувь нь онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгадаг, 10.5 хувь нь хувийн төхөөрөмж, дансаа хамгаалах алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 хүний есийнх нь цахим данс цоожгүй, кодгүй байна шүү дээ. Цахимд цайз шиг биш цаасан цонхтой л байна” гэжээ.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Кибер аюулгүй байдлын тухай хууль баталснаар Монгол Улсад “Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий орон тооны бус Кибер аюулгүй байдлын зөвлөл” ажиллах болсон. Уг зөвлөлийг “Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллах бөгөөд уг Зөвлөл нь Ажлын албатай байна” гэж тус хуульд зааж өгсөн байна.

Оксфордын их сургуулийн судлаачдын хийсэн “Кибер гэмт хэргийн индекс” гэх судалгаанд улс орнуудыг цахим гэмт хэргийн аюулын түвшнээр эрэмбэлжээ. Уг судалгаанаас үзэхэд ОХУ, Украин, БНХАУ, АНУ зэрэг оронд цахим гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байгаа юм. Мөн гэмт хэргийн тохиолдлоор цахим залилангийн шинжтэй үйлдлүүд тэргүүнд бичигджээ. 

Үүгээр цахим залилангийн аюул газар зүйн байрлал, улс орны хөгжил зэргээс үл хамааран, хаана ч тохиолдож болохыг харуулж буй юм. Түүнчлэн үүрэн холбооны хяналт сул, хууль зүйн чадамж дутмаг орнуудад цахим гэмт хэрэг үйлдэгчид үүрлэж буй нь анхаарлыг татаж байна. 

Цахим аюулгүй байдлын анхан шатны мэдлэгтэй байж, хариуцлагаа ухамсарлаарай

Энэ аюулаас сэргийлэхийн тулд цахим аюулгүй байдлын талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Цахим залиланд өртсөнөөр хувийн мэдээллээ алдах, санхүүгийн алдагдалд орох, байгууллагын нууц задрах, арилжих зэрэг эрсдэлд орж болно. Тиймээс,  

  • Сэжигтэй и-мэйл хаягийг нээхгүй байх,  
  • Нууц үгээ ойр ойрхон солих,  
  • Олон нийтийн газрын wifi-ыг ашиглахгүй байх,  
  • Олон төхөөрөмжөөс нэвтрэхгүй байх нь тухайн эрсдэлийг буруулах эхний алхам юм.  

Мөн чухал баримт бичиг, хувийн мэдээллээ (back up) үүлэн технологи, эсвэл биет хардад давхар хадгалж, цахим шуудан болон фэйсбүүк хаягтаа “Two-factor authentication” буюу хоёр нөхцөлт нэвтрэлтийг идэвхжүүлэх шаардлагатай.

Байгууллагын цахим аюулгүй байдал хувь хүн бүрийн нууцлалтай шууд холбоотой тул программ хангамжийг шинэчлэх, нууцлалын талаарх сургалт тогтмол давтамжтай явуулах зэргээр дэмжиж, ажилтан нэг бүр үүнд хариуцлагатай хандах нь чухал юм.

Дэлхийн хаанаас ч гар утас, компьютер, цахим төхөөрөмжийг чинь ашиглан хохирол учруулж болзошгүй цахим гэмт хэргээс дор бүрнээ сэргийлээрэй. 

Б.Үүрцайх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document