Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоотой ярилцлаа.
-Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Өнгөрсөн жил цахим орчин дахь сэтгүүлчийн аюулгүй байдлыг чухалчилж байсан бол энэ жил хүний эрхтэй холбоотой уриа дэвшүүлсэн байна. Энэ үйл явц олон улсад хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл хуваалцаач?
-Ковидын үед төрд мэдээллийг хяналтдаа авах, нэг сувгаар түгээх боломж бий болсон. Гэтэл ковидын дараа ч тэр байдлыг хэвээр нь хадгалах гэсэн оролдлогууд дэлхий нийтэд ажиглагдсаар байна.
Олон улсын хэмжээнд сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой тооцдог индексээс хэдхэн тоо баримт хэлье. 2022 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад 67 сэтгүүлч алагдсан байна. Мөн 363 сэтгүүлч хоригдсон нь өмнөх оноосоо 20 хувиар өссөн буюу түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хараат бусаар, чөлөөтэй эрхлэх боломжийг хязгаарлах оролдлогууд түгээмэл байна.
Энэ жилийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт Италийн Перужиа хотод хэвлэл мэдээллийн салбарын томоохон арга хэмжээний нэг “Олон улсын сэтгүүлчдийн фестивал” болсон. 2022 онд энэ форумд “Хэвлэлийн эрх чөлөөнд тулгарч буй эрсдэл” гэдэг сэдвээр нэг хэлэлцүүлэг болж байсан бол энэ жил дээрх сэдвээр таван салбар хэлэлцүүлэг явагдлаа.
Тэр ч утгаараа энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн уриаг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бусад бүх эрхийн суурь болох нь” гэсэн агуулгын хүрээнд тодорхойлсон байна.
Энд бас нэг онцлох зүйл нь freedom of expression гэдэг үг “хэвлэлийн эрх чөлөө” гэдэг байдлаар монгол хэлэнд арай явцуу буучихсан юм болов уу. Угтаа бол энэ маань “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” буюу аман болон бусад бүх хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй ойлголт байгаа юм.
Монгол Улсын хувьд ч гэсэн сүүлд батлагдаад, одоогоор “азаар” хүчингүй болсон “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах нэг эрсдэл байсан.
-Хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлого нэмэгдэж байгаа талаар ярьсан. Хэрхэн илэрч байна вэ?
-Олон улсын хэмжээнд хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах оролдлогууд “инновацлаг” болж ирж байна. Сэтгүүлчдийн дуу хоолойг боомилох хамгийн түгээмэл арга нь “гүтгэх, доромжлох” гэдэг заалтыг хуульд оруулах явдал. Манайд удахгүй хэлэлцэх Эрүүгийн хульд оруулах гэж байгаа тухай шүүмжлэл их явж байна.
Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байгаад ёс зүйн, эсвэл мэргэжлийн алдаа гаргавал гэмт хэргийн түвшинд авч үзэх, алдаа биш байсан ч залхаан цээрлүүлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах энэ аргыг дэлхий нийтэд хаанаас нь ч харсан таньдаг болсон байна.
Тэгвэл энэ нь илүү нарийсаад, 10-15 шинэ төрлөөр “баяжсан” байгааг Перужиагийн олон улсын фестивалийн үеэр хөндсөн. Хамгийн түгээмэл арга болох гүтгэх гэдэг заалтаар дээр хэлсэн 363 сэтгүүлчийн ⅓ нь хоригдож байна. Цаашлаад эх орноосоо урвасан, тагнуулын үйл ажиллагаа эрхэлсэн, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх хэрэг ч тохож байна. Тухайлбал, Филиппины Rappler агентлагийн үүсгэн байгуулагч, 2021 оны Нобелийн энхтайвны шагналт Мариа Рессад татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэг тохож, 30 гаруй жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн ба өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэм буруугүй нь нотлогдож байгаа ч компани нь хэдэн сая ам.долларын алдагдал хүлээж, хувь хүн нь сэтгэл зүйн дарамтад удаан явсан, өдөр тутмын ажлаа хэвийн эрхэлж чадаагүйгээс үүдсэн бүтээмжийн алдагдал гээд шууд ба шууд бус замаар хэвлэл мэдээллийн байгууллагад хохирол учирч байна.
Хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлого нь бизнесийн үйл ажиллагаа руу нь халдах, улсын бүртгэлийн гэрчилгээг нь хүчингүй болгох зэргээр илэрч байна.
-Монголын сэтгүүлчдийг олон нийтэд худлаа мэдээлэл түгээдэг, шантаажчин гэх мэтээр муу харагдуулах үзэгдэл байсаар байна. Ямар имиж бүрдүүлж, яаж ажиллавал бид нэр хүндээ, цаашлаад эрх чөлөөгөө хамгаалж чадах вэ?
-Манай “Урагш алхъя” төсөл, мөн Фулбрайтын хөтөлбөрийн хүрээнд Дата сэтгүүл зүйн сургалтад хамрагдсан 130 гаруй сэтгүүлч бий. Тэдэнд, сурч мэдсэн, чадавхажсан байдлаа олон нийтэд мэдээлж, өөрсдийгөө сурталчилж байгаарай гэж хүссэн. Энэ бол манай байгууллагыг сурталчлаад өгөөч гэсэн үг огт биш. “Бид ийм юм сураад, чадвараа дээшлүүлээд, мэргэшээд байна” гэдгээ л олон нийтэд хэлж, сэтгүүлчдийн нэр хүндийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаач гэсэн санаа. Харамсалтай нь цөөн хэд нь л албан ёсоор зарлаж, сурталчилсан харагдсан. Бид өөрсдөө чадаж, мэргэшиж байгаагаа ярихгүй бол хэн биднийг мэдээлж өгөх билээ.
Олон улсад хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэлийг тодорхойлдог Edelman Trust Barometer /Эдельмэнийн итгэлийн борометр/ гэдэг судалгаа бий. 2023 оны судалгаанд олон нийт “хэвлэл мэдээллийн байгууллагад итгэдэг” гэж 42 хувь нь хариулсан бол, яг адилхан 42 хувь нь “хэвлэлийнхэн худлаа мэдээлэл тараадаг” гэсэн байна. Энэ хоёр тэнцээд ирсэн нь бид одоо дуугүй байж болохгүйг илэрхийлж байна.
Хэрэв үнэхээр худал мэдээлэл түгээдэг юм бол хүлээн зөвшөөрөөд дуугүй байцгаая, эсрэгээрээ бид баримтыг түгээдэг, үзэл бодлыг төлөвшүүлдэг юм бол түүнийгээ ярья.
-Үүнээс гадна эдийн засгийн хувьд хараат бус байснаар хэвлэлийн эрх чөлөөг хангана гэх ойлголт бий. Гэтэл манай хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагатай хийсэн гэрээ, зар сурталчилгаа гэсэн хоёрхон орлогын модултай. Энэ тохиолдолд бидэнд “дуугарах” зай байх уу?
-Эдийн засгийн хувьд хараат бус байна гээд төрийн бүх мөнгөнөөс татгалзана гэсэн үг биш л дээ. Тэр нь ил тод л байх ёстой. Ил тод байх үндэс нь хуулийн дагуу, шударгаар гэрээлсэн байх асуудал. Төр гаргасан хуулиа, үйл ажиллагаагаа сурталчлах үүрэгтэй шүү дээ. Түүнийгээ хэвлэл мэдээллийн байгууллагаар цацуулах гэж байгаа л юм бол байгууллагын нөөц ашигласны зардлаа төлөх үүрэгтэй. Жишээ нь, манай nest.mn гэж сайт байлаа гэж бодоход ЭМЯ-тай ч юм уу, хууль сурталчлах гэрээ хийж, төлбөр авсан бол түүнийгээ ил зарлаад, ажлыг нь гүйцэтгэнэ. Үүнээс ичиж, нууж хаах ёстой гэх сэтгэлгээний өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм.
Хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой бизнес загвар нутагшуулах ажилд нөгөө л сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллага мөнгө олж болно гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх… Нэгэнт нөөц зарцуулагдаж байгаа л бол түүнийг санхүүгээр нөхөх ёстой.
Зар сурталчилгааны хувьд ч гэсэн шинэчлэл шаардлагатай. Бид талбайн хэмжээгээр үнэлэх ёстой юм уу, харуулж байгаа нүдний тоогоор үнэлгээ өөрчлөгдөх боломжтой байх уу гэдгийг эргэн харж, сайжруулах хэрэгтэй. Энэ нь бидэнд сурталчилгаагаа өгч байгаа бизнесийн байгууллагад өгөөж амлаж, уншигч, үзэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж болохуйц олон улсын туршлагыг нэвтрүүлэх санал юм. Манай байгууллагаас ганцаарчилж зөвлөгөө авахаар хэвлэл мэдээллийн байгууллагууд ханддаг болсон зэрэг нь сайн тал руугаа өөрчлөгдөхийн эхлэл гэж бодож байна.
-Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагын өрсөлдөгч талд төрийн мэдлийн хэвлэлийн албаны данхар бүтэц байна шүү дээ?
-Сэтгүүлчид нэгдэж чадвал хүний эрх, олон нийтийн мэдэх эрхийн төлөө яаж чардайтлаа ажиллаж байгаа вэ гэдгээ таниулж чадна. Үнэхээр 500 хэвлэл мэдээллийн байгууллага байдаг юм бол тэднийг нэгтгэсэн МСНЭ, Хэвлэлийн зөвлөл, Хэвлэлийн хүрээлэн, алиных нь хажууд байх нь хамаагүй, Олон нийттэй харилцах нэгж, хороо байгуулмаар байна. Тэндээ нэгдсэн байдлаар, том зургаар харж, салбарынхаа нэр хүндийг хамгаалж, олон нийтэд зөв ойлголт өгөх, мөн болохгүй, буруу зүйлийг өөрчлөхийг нэгдсэн байдлаар шаардаж ажилладаг баймаар байна.
Жишээлбэл төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай байж болохгүй гэсэн хууль байсан ч цоорхойг ашиглан, төрийн байгууллагууд хажуудаа томоохон редакц шиг хэвлэлийн албатай болж, өөрсдийн сувгаар мэдээллээ түгээдэг боллоо шүү дээ. Гэтэл үүний хор нөлөө нь төрийн шийдвэр, мэдээлэл анхнаасаа олон нийтэд хүрэхгүй байх шалтгаан нь болж байна. Дам сөрөг нөлөөлөл нь хэвлэл мэдээллийн байгууллагын орлогын гол эх үүсвэр болсон хуулийг сурталчлан таниулах, гүйцэтгэлийг мэдээлэх ажил нь хаагдаж байна. Тэндээс өгсөн таван сая төгрөгт нь ханаад, баярлаад, буцаад төрд завших боломжийг нь олгоод, эцсийн дүндээ олон нийтэд төрийн шийдвэр, гүйцэтгэл хүргэх ажил үр дүнгүй болж байна.
Магадгүй, Олон нийттэй харилцах хорооны 2023 оны зорилтод төрийн байгууллагын нэгж редакц шиг томрохыг эсэргүүцэж, хуулиа мөрдүүлэх ажлыг зохион байгуулж болно шүү дээ.
-Сэтгүүлчид нэгдэж, бүтээж байгаа сайн мэдээ бас бий. Тухайлбал, саяхан Монголын дата клуб болон сэтгүүлчдийн хамтарсан өгөгдөлд суурилсан даацтай бүтээлүүд гарлаа. Энэ маягаар мэргэшсэн сэтгүүлчдийн нэр хүндийг өсгөх ямар хамтарсан төслүүд байж болох вэ?
-Төрийн өмчит компаниудын нээлттэй өгөгдөлд суурилж, таван сарын турш бүтээсэн маш даацтай бүтээлүүд гаргасан нь манай салбарын нэг шинэ дэвшил мөн. Энд хугацаа, нөөц зарцуулалт, түүнийг дагаад санхүүгийн хөшүүрэг зайлшгүй шаардлагатай болж байна.
Миний ярьж байгаа хамтрал гэдэг нь маш анхан шатны түвшинд бие биеэ хүлээн зөвшөөрч, нэгдэх тухай юм. Дээр хэлсэн жишээгээр, би nest.mn-ий эрхлэгч байгаад, mfcc.mn сайтад даацтай сайн бүтээл гарсныг харсан гэж бодъё. Тэгвэл үүнийг “манайх эхэлж хийх байсан юм” гэж муулах биш, харин “эднийх ийм сайн бүтээл гаргажээ” гээд өөрийн сувгаар шэйрлэж, түгээлтийг дэмжиж болно.
Өнгөрсөн долоо хоногт Филиппиний Хэвлэн нийтлэгчдийн холбооны жилийн уулзалтад оролцож байхад энэ асуудал зөвхөн Монголд биш гэдгийг харсан. Тэнд нэг хэвлэл нь авлигын ноцтой хэргийг эхэлж бичиж л дээ. Гэтэл нөгөө нь түүнтэй барьцаж, баримтуудыг дахин цоо шинээр судлаад, өөрийн бичлэгийн хэлбэрээр хүргэсэн. Энэ хоёрыг уншиж хүлээн авсан олон нийтэд нэг асуудлыг л хоёр өөрөөр хүргэснээс биш шинэ юм байгаагүй. Үүнийг олж харсан Филиппины хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж эхэлсэн байна. Ингэхдээ эхэлж хөндсөн хэвлэлээ эх сурвалжаар онцолж, үргэлжлүүлээд авлигын шалтгааныг нь судалж, сурвалжлах замаар олон нийтэд өгөх мэдээллийн чанараа дээшлүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Филиппиний Хэвлэн нийтлэгчдийн холбооны жилийн уулзалтад оролцож байхад энэ асуудал зөвхөн Монголд биш гэдгийг харсан. Тэнд нэг хэвлэл нь авлигын ноцтой хэргийг эхэлж бичиж л дээ. Гэтэл нөгөө нь түүнтэй барьцаж, баримтуудыг дахин цоо шинээр судлаад, өөрийн бичлэгийн хэлбэрээр хүргэсэн. Энэ хоёрыг уншиж хүлээн авсан олон нийтэд нэг асуудлыг л хоёр өөрөөр хүргэснээс биш шинэ юм байгаагүй. Үүнийг олж харсан Филиппины хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж эхэлсэн байна. Ингэхдээ эхэлж хөндсөн хэвлэлээ эх сурвалжаар онцолж, үргэлжлүүлээд авлигын шалтгааныг нь судалж, сурвалжлах замаар олон нийтэд өгөх мэдээллийн чанараа дээшлүүлсэн байна.
Эхний тохиолдолд уншигч нэг л мэдлэг авсан бол хоёр дахь тохиолдол буюу хэвлэл мэдээллийн салбарынхан эко системийнхээ хувьд хамтраад эхэлсэн чинь олон нийт бүр гүн гүнзгий мэдээлэлтэй болох боломж үүсэж байгаа юм.
Бие биеийнхээ баримтаар хүргэсэн мэдээллийг эх сурвалжийн түвшинд хүлээн зөвшөөрч, эш татахаас ичихгүй байж, ойлголцолд хүрч чадвал эцсийн дүндээ уншигч л хожно.
Бид нийгмийн асуудал, гэмт хэрэг, хүчирхийлэл, тэгш бус байдлыг мэдээллээр л засах гээд байгаа шүү дээ. Хэрэв тийм юм бол өөрсдийн нэр хүнд унасан байдлаа мөн мэдээллээр л өөрчлөх боломжтой.
-Өнгөрсөн жил Монголын хэвлэл мэдээллийн салбарт гаднын байгууллагаар аудит хийлгэсэн. Энэ тайлангийн дүгнэлтэд онцлон хэрэгжүүлэх ямар санаа байна?
-Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв “Урагш алхъя” төслийн эхэнд Сингапурт байрлалтай, Азийн tink tank гэж хүлээн зөвшөөрөгдсөн Splice Media байгууллагаар дотоодын хэвлэл мэдээллийн салбарт бизнес зарчмаар цааш явах орон зай байна уу, байвал яаж хөгжих ёстой вэ гэдэг дүгнэлтийг гаргуулах аудит хийлгэсэн. Эндээс хоёр том зөвлөмж гарсны нэгийг буюу “Хэвлэл мэдээллийн салбарт медиа старт-апуудыг бойжуулах сан” үүсгэн байгуулах ажлыг бид ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр идэвхжүүлээд явж байна. MDIF гэж ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын сантай албан ёсоор холбогдож, тэдний загвараар Монголд хэвлэл мэдээллийн старт-ап бойжуулах, санхүүжүүлэх сангийн үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажил нэлээд идэвхэжсэн байна. Энэ ондоо багтаад сангийн нээлтээ хийж, дараагийн шатны үйл ажиллагаа өрнөөд явна. Ингэснээрээ бид гаднын ямар нэг төслийн санхүүжилт хүлээлгүйгээр “Урагш алхъя” төслийг дотооддоо, хэрэгцээтэй газарт нь шуурхай хэрэгжүүлэх боломжтой болох юм. Өмнөх дөрвөн төсөл бойжуулсан ажил нь pilot буюу туршилтын шат байсан бол одоо бодит нэгдүгээр шат нь сангийн үйл ажиллагаатай зэрэгцээд эхлэх юм.
Ярилцсан Э.Батцэцэг