Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх олон улсын хуралд Монголын баримт шалгах төвөөс амжилттай оролцлоо

Манай төвийн баримт шалгагч Ш.Билгүүн тавдугаар сарын 22-23-нд Норвегийн Лиллехаммер хотноо болсон World Expression Forum-д (Wexfo) амжилттай оролцоод ирлээ. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү форум нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг гол сэдэв болгодог ба энэ удаад улс төр, шашин, сошиал медиа, хэвлэн нийтлэх, урлагийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө олон улсад хэрхэн зөрчигдөж, сорилтод орж байгаа талаар ярилцсан юм. 

Хурлын үеэр дунд сургуулийн сурагчдад сошиал медиаг хэрхэн ашиглах, хуурамч мэдээллийг хэрхэн шалгах сэдвийн хүрээнд өрнүүлсэн салбар хэлэлцүүлэгт MFCC-ийн баримт шалгагч Ш.Билгүүн, “The Future of Free Speech” байгууллагын захирал Жэйкоб Мчангама болон “Мета” компанийн Норвеги, Финланд, Исландыг хариуцсан бодлогын менежер Мариан Нэраал нарын хамт оролцож, Монгол улс дахь хуурамч ташаа мэдээллийн нөхцөл байдал, мэдээллийн экосистем дэх залуусын оролцооны онцлогийн талаар мэдээлэл хуваалцсан юм. 

Форумын үндсэн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Утойя арал дээр хоёр өдрийн туршлага солилцох уулзалтад залуу экспертүүдийн хамт оролцсон ба Ойрх Дорнод, Зүүн өмнөд Ази, Африкийн орнуудын төлөөллүүд тулгамдаж буй асуудлуудаа хуваалцаж, улс бүрийн онцлогтой танилцан, хэрхэн шийдвэрлэсэн болоод юу хийж болох талаарх саналыг сонссон юм.

Энэ үеэр Утойя арал дээр Норвегийн түүхэнд хараар тэмдэглэгддэг аймшигт халдлага болсон талаарх түүхийг сонсож, амь үрэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн юм. Тус арал дээр үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэргээр нийгмийн идэвхтэй залуусын цуглах дуртай зуны зуслан байрладаг ба 2011 оны 07 дугаар сарын 22-нд зэсвэгт этгээд гал нээж, уг халдлагад 69 хүн амь насаа алдсанаас 33 нь насанд хүрээгүй өсвөр үеийнх байжээ. 

2011 онд Утойя арал дээр болсон террорист халдлагад амиа алдагдагсдын дурсгалыг хүндэтгэсэн хөшөө

Уг форумд дэлхийн 50 гаруй орны 70 гаруй залуу эксперт цуглан, эрх чөлөөний үнэ цэн гэх нэгэн сэдвийн дор илтгэл танилцуулж, салбар хэлэлцүүлгүүдээр олон асуудлыг хөндөн ярилцлаа. 

Мөн Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Mongolian Fact Checking Center-ийн төлөөлөл болохын хувьд Ш.Билгүүн нь Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Норвегийн Faktisk байгууллагын ерөнхий эрхлэгч Кристофер Эгебергтэй уулзаж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ба Норвегийн бусад хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж, хэрхэн ажилладаг онцлог болон олон нийтэд чиглэсэн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх бодлого, сургалтын арга барилын талаар судаллаа.

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Норвегийн Faktisk байгууллагын ерөнхий эрхлэгч Кристофер Эгебергийн хамт

Мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан 7 өдрийн томилолтын үр өгөөжийг тун удахгүй Монголын цахим хэрэглэгчид, олон нийтэд мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга, ажиллагаанаас хүртэх нь дамжиггүй юм.

Энэ дашрамд Утойя аралд урьж түүхэн сургамж болсон үйл явдлыг танилцуулсан Jørgen Watne Frydnes болон форумыг зохион байгуулсан World Expression Forum хамт олонд талархал илэрхийлье. Мөн Норвегид зочлоход найрсагаар хүлээн авч, тусалсан Helje Solberg болон Kristoffer Egeberg нарт онцгойлон талархал илэрхийлье. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document