SPJ: Монголын олон нийтийн сүлжээний хуулийн тухай мэдээллээ

Society of Professional Journalists буюу АНУ-ын Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн Олон улсын тойм буланд 2023 оны 03 дугаар сарын 21-ний дугаарт онцолсон мэдээний орчуулгыг та бүхэнд хүргэж байна.

Энэ оны эхээр Монгол Улсад батлагдсан хууль нь тус орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд их хэмжээний үр дагавар учруулах боломжтойг бид олж мэдсэн. Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн /цаашид Үүр төв/ хэлж буйгаар уг хууль нь батлагдах явцдаа олон нийтийн санаа бодол, оролцоог хангаагүй аж.

Хуулийг эсэргүүцсэн тэмцлийн эхний ялалт нь 01 дүгээр сарын 27-нд тус улсын Ерөнхийлөгч хуульд хориг тавьж, УИХ-ын хаврын чуулганы хэлэлцүүлэгт шилжүүлсэн явдал байлаа.

Үүр төвийн мэдээлснээр хуулийг эргэн хэлэлцэх шатанд олон нийт, хэвлэлийн байгууллагууд, иргэний нийгмийн болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэл өмнөхөөсөө илүү их байжээ.

Ерөнхийлөгч 01 дүгээр сарын 27-нд хориг тавьсан тул УИХ 03 дугаар сарын 15-нд нээх хаврын чуулган эхэлснээс 10 хоногийн дотор хоригийг хүлээж авах эсэхээ шийдэх ёстой байдгийг Үүр төвийн мэдээлэлд дурдсан байна. Ингээд хаврын чуулганы эхний өдөр тус улсын Хууль зүйн байнгын хороо хуралдаж санал нэгтэйгээр хоригийг хүлээн авчээ. Холбогдох бусад байнгын хороод ч ижил шийдвэр гаргасан байна. Эцэст нь Их хурал хуралдаж нийт гишүүдийн 89 хувийн саналаар ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн аж.

Мэдээж хэвлэлийн эрх чөлөө болон хүний эрхийн асуудлыг тусгасан хууль дахин өргөн баригдах нь тодорхой. Гэвч тэр үед Их хурал хуулийн дагуу зохих дэс дарааллаар хуулийг өргөн барих ёстойг ухаарсан байх гэж Үүр төвөөс мэдээллээ.

Эх сурвалж: Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэг, Олон улсын тойм

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document