Search

Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн доктор Дэвид Гракон хуурамч мэдээллийн эсрэг сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шүүгчээр ажиллалаа 

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь гишүүн байгууллагуудынхаа дунд хуурамч мэдээллийн үр нөлөөг бууруулах, олон нийтийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг есдүгээр сард зарласан.  

Бүтээлийн уралдааны хүрээнд хуурамч мэдээллийн олон салбар дахь нөлөөллийг баримтжуулах, хийсэн бүтээлээ олон улсын чанартай уралдаанд хэрхэн сойх вэ зэрэг агуулгын хүрээнд нэг өдрийн сургалт зохион байгуулж, гишүүдээ чадавхжуулсан. Сургалт зохион байгуулагдсанаас хойш нийт 45 хоногийн хугацаанд уралдаанд оролцогчид бүтээлээ туурвисан.  

Уралдаанд есөн редакц бүтээлээ ирүүлснээс шилдэг гурван бүтээлийг шалгарууллаа. Тэргүүн байрыг GoGo.mn мэдээллийн сайтын хамт олон “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН охидыг ҮРГҮЙ БОЛГОДОГ УУ?” цуврал бүтээлээр, хоёрдугаар байрыг iToim.mn сайтын хамт олон “Уран, шар нунтгаар айлгасан “хортой” мэдээллийн мөрөөр” бүтээлээр, гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Gerel Media Agency нь “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээлээр тус тус эзэлсэн.   

Энэхүү бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгуулахад АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн доктор Дэвид Гракон үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвд нэг сарын хугацаанд ажиллахдаа дээрх бүтээлийн уралдааны чадавхжуулах сургалтад багшаар оролцсон. Мөн  шилдэг бүтээлүүдийг шалгаруулахад шүүгчээр жиллаж, уралдаанд оролцсон редакцуудад үнэтэй санал зөвлөмж өгсөн юм.  

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Монголын баримт шалгах төвийн санаачилгаар 2023 онд байгуулагдсан. Одоогоор хуулийн фирм, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн 19 гишүүнтэй.  

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document