Хил дамнасан цахим залиланд ₮10.3 тэрбумын хохирол амсжээ 

2024 оны 11 дүгээр сарын 04-нд төрийн холбогдох байгууллагууд хамтран сүүлийн саруудад хүндэрч буй цахим залилангийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл танилцуулсан. Тус хэвлэлийн хуралд Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк зэрэг байгууллага оролцон, сүүлийн дөрвөн сарын хугацаанд Телеграмаар дамжуулан цахим залилан үйлдсэн 619 хэрэг бүртгэгдсэн тухай онцоллоо. 

Нийт хэргийн хохиролын хэмжээ 10.3 тэрбум төгрөг байгаа ба сүүлийн 45 хоногт гэхэд хохиролын дийлэнх хэмжээ болох 6.1 тэрбум төгрөг залилуулсан тухай ЦЕГ-ын Эрүүгийн хэргийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван мэдэгдсэн. Хэргийн дийлэнхийг буюу 76 хувийг “бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар” болон “Тикток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар” өгсөн хэргүүд эзэлж байсан ба нийт хэргийн 73.6 хувь буюу 457 гэмт хэрэг Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэдгийг хэвлэл хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Сүүлийн 4 сард бүртгэгдсэн Телеграм дахь цахим залилангийн төрөл,

Эх сурвалж: ЦЕГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар 

Хохирол хэмжээ нь бүртгэгдсэн хэргээс хамаарч харилцан адилгүй байгаа ч хамгийн ихдээ 39 удаагийн гүйлгээгээр 195.8 сая төгрөг, 4 удаагийн гүйлгээгээр 135 сая төгрөг, 14 удаагийн гүйлгээгээр 132 гаруй сая төгрөг залиланд алдсан явдал бүртгэгдсэнийг мөн мэдэгдсэн байна. 

 

Сүүлийн 4 сард бүртгэгдсэн Телеграм дахь цахим залилангийн хохирлын хэмжээний жишээ,

Эх сурвалж: ЦЕГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар

Кибер гэмт бүлэглэл Зүүн өмнөд Азийн зарим улсад үйл ажиллагаа явуулж байна 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайваны мэдэгдсэнээр тус газрын мөрдлөгийн үйл явцын үеэр “КК Park” гэх үндэстэн дамнасан бүлэглэл Монгол дахь цахим залилангийн гэмт хэргийг зохион байгуулсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон гэсэн.  

КК Park гэдэг нь Мьянмарын зүүн хэсэгт Мявадди гэх Мьянмар-Тайландын хилийн ойролцоох хотод байрладаг цахим залилан, хүний наймааны хаб бөгөөд хүний наймаа, залилангаар дамжуулан олон улсад цахим залилан хийлгэхээр хүмүүсийг ажиллуулдаг тухай олон хэвлэл мэдээлж байсан байна.   

НҮБ-ын мэдээлснээр Мьянмарт байрлалтай залилангийн төвүүд 120,000 гаруй хүнийг албадан хөдөлмөрлүүлж байгаа ба цаашлаад Камбожид 100,000 гаруй хүн байх магадлалтай тухай мэдэгджээ.

Зүүн Өмнөд Азийн залилангийн төвүүдэд өртсөн хохирогчдын байршил

Цахим гэмт хэргийн судалгааны байгууллага болох Chainalysis-ийн мэдэгдснээр КК Park-д бүртгэлтэй данс нь 2022 онд тогтоогдож, 2024 оны байдлаар гэхэд 100 сая орчим ам.доллар тэдний бүртгэгдсэн данс руу шилжсэнийг тогтоосон байна. 

Хятадын засгийн газар Мьянмарын цэргийн дэглэмийг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэхийг шахаж байсан ба энэ оны 02 дугаар сарын 01-нд мэдэгдснээр 44,000 орчим сэжигтнийг Хятадын засгийн газарт шилжүүлж өгсөн гэж Мьянмарын Нийтийн аюулгүй байдлын яам мэдэгдсэн байна. 

КК Park байрладаг Мяваддийн бүс нутаг нь 2021 оноос хойш үргэлжлэн засаглаж буй цэргийн дэглэм ба Карен Үндэсний чөлөөлөх армийн салан тусгаарлагчдын дунд сөргөлдөөнтэй бүс нутаг байгаа ба Мьянмарын улс төрийн тогтворгүй байдал, доройтол нь гэмт бүлэглэлүүдийг үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл болсон байна. КК Park нь олон тооны гэмт бүлэглэлүүдийн нэг юм. Авлига, хууль зүйн сул орчноос үүдэн ихэнх бүлэглэлүүд хяналтгүй, эсвэл эрх баригчдын тусламжтай нуугдаж байх боломжтой аж. 

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын танилцуулгад харуулснаар гэмт хэрэгтнүүд Камбож улсын Сиханоуквил мужид бүртгэлтэй IP хаягаас холбогдож байсныг тогтоосон ба энэ бүс нутаг нь Хятадын хил дамнасан гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа явуулдаг газруудын нэг юм. Тодруулбал залилангийн төвүүд Камбожид идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан боловч тус улсын засгийн газар хууль бус үйл ажиллагааг хориглох шийдвэрүүд гаргаснаар онлайн гэмт хэрэг, залилангийн үйл ажиллагаа буурсан байна. 

Гэмт бүлэглэлүүд хохирогчдоо хэрхэн олж авдаг вэ?

Ийм төрлийн хил дамнасан цахим залилангууд WhatsApp, Telegram зэрэг мессеж платформд танихгүй дугаараас групп үүсгэн жинхэнэ хүмүүс харилцаж буй мэтээр тааруу орчуулгатай монгол хэлээр бичиж хохирогчдоо татдаг болохыг манай баримт шалгалтуудаас харж болно. 

Ажил санал болгох, мөнгөө арвижуулах боломжийн талаар танилцуулсны дараа залилагчид телеграм дахь групп чатанд нэгдэж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг санал болгодог. Ингэхдээ хувийн мэдээллийг нь авах, цаашлаад мөнгө шилжүүлэхийг ятгадаг байна. 

Гэхдээ групп чатад орсон хүн болгон залиланд өртөхгүй ба дургүйцсэн эсвэл залиланг таньсан хэрэглэгчид чатаас гарч болдог. Гэсэн хэдий ч телеграм групп дэх олон тооны хэрэглэгчээс цахим залиланд тоомжиргүйгээр хууртсан иргэд байсаар байна.  

Бид ийм төрлийн мессежүүдийг 09 дүгээр сарын 27, 28-нд WhatsApp групп чатаар авч, цаашлаад гар утсандаа ажил санал болгосон мессежүүдийг 08 дугаар сарын 06-наас эхлэн, хамгийн сүүлд 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хүлээн авсан. Мөн дээрх групп чатуудаас гадна хэрэглэгчдийн хаяг руу Unitel зэрэг олонд танигдсан нэр бүхий компаниудын лого, таних тэмдгийг ашиглан ажлын санал илгээсэн мессежүүд олон давтамжтай ирж байсан. Цаашлаад телеграм группэд утасны дугаараар нэгддэг тул гаднын орноос Монголын үүрэн холбооны хэрэглэгчдийн дугаар руу ажил санал болгосон мессеж илгээсэн нь дээрх групп чатуудаас харагдаж байсан.  

Хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулсан дата мэдээлэл нь цахим халдлага эсвэл хяналт сул цахим аюулгүй байдлын систем, бодлогоос үүдэн гадна болон дотоодын залилагчдад алдах боломжтой юм. 

Тиймээс ажлын болон өдөр тутмын харилцааны шугамаар биш л бол Телеграм группэд нэгдэхээс зайлсхийхийг санал болгож байна. Хэрэв Телеграм чатыг ашигладаг бол дараах нууцлалын тохиргоо хийхийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос сануулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document