Цэpгийн aлбыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

todmedee.mn вэбсайтад “Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ” гарчигтай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд гарчиг дахь агуулга огт байхгүй бөгөөд хугацаат цэргийн алба 12 сар байх тухай Цэргийн албаны тухай хууль хүчин төгөлдөр хэвээр байна.

2021 оны 10 дугаар сарын 25-нд todmedee.mn домайн нэртэй сайтад “Цэpгийн aлбыг 2 жил болгож, хүйс харгалзахгүй хүн бүр заавал явдаг тогтолцоонд ирэх оноос шилжинэ” гарчигтай мэдээлэл оруулсныг CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд facebook платформд нийт 889 хариу үйлдэл авснаас зургаан пэйжид цааш түгээж, мөн түүнээс нь цааш 68 удаа шэйрлэгдсэн байна.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Мэдээлэлд гарчиг дахь агуулга огт байхгүй.

📌Тус сайт дахь мэдээлэл нь “Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна. Цэргийн цол олгох журамд орж буй өөрчлөлт болон цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа” гээд түүний eguur.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс оруулсан байна. Гэхдээ уг хэсэгт хугацаат цэргийн албыг ирэх оноос 2 жил болгох, мөн хүйс харгалзахгүй албанд татах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй байна.

2. Хугацаат цэргийн алба 12 сар байх тухай Цэргийн албаны тухай хууль хүчин төгөлдөр хэвээр байна.

✅Монгол Улсад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Цэргийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд уг хуулийн 7.1 дүгээр зүйлд “Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар байна” гэж заасан. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл одоогоор салбарын яам болон эрх бүхий байгууллагуудын аль нь ч өргөн бариагүй байна. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын 75 дугаар тогтоолд ч цэргийн албаны хугацааг өөрчлөх ямар нэгэн хуулийн төсөл алга байна.

3. Цэргийн алба хаах хугацаа, хамрагдалтад өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан, гэхдээ судалгаа дуусаагүй тул эцсийн хувилбарын санал гараагүй.

📌Батлах хамгаалах яамны сайд Г.Сайханбаярын eguur.mn сайтад өгсөн ярилцлагад “Дэлхийн улс орнуудад хамгийн бага хугацаа нь нэг жил, ихэнх улсуудад нэг жилээс дээш байдаг. БНСУ-д гэхэд нарийн мэргэжлийн алба хаагчид нь 2 жил, доод тал нь 1.6 жил байдаг. ОХУ-д бас хоёр жил. БНХАУ-д мөн мэргэжлээсээ хамаараад 1-3 жил. Тэгэхээр цэргийн алба хаах хугацааг эргэж харахаас өөр аргагүй. Олон талаас нь судалгаа хийж, санал бодлоо нэгтгэж байж энэ шийдлийг гаргана” гэсэн байна. Мөн тэрбээр “Хугацаат цэргийн албан хаагчдын алба хаах хугацаа, хамрагдалтын асуудалд бодлогын чанартай өөрчлөлт хийх ёстой гэдэг асуудлаар Ерөнхийлөгч үүрэг даалгавар өгч, миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдсан” гэсэн байв. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар тодруулахаар БХЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад одоогоор эцэслэсэн зүйл байхгүй гэв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document