🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Витамин C-гийн зохистой хэрэглээ дархлаа дэмждэг нь үнэн ч 1000 хувь сэргээнэ гэдэг батлагдаагүй
📌Healthline эрүүл мэндийн сайтад “Өдийг хүртэл хийгдсэн олон судалгаагаар Витамин C-гийн дутагдал дархлааг сулруулж, өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг нь үнэн боловч өдөр тутамдаа хоол хүнсээрээ дамжуулан хангалттай витамин авахаас гадна нэмэлт бэлдмэл эсвэл дусал хэлбэрээр Витамин C-г хэрэглэх нь давуу талтай эсэх нь одоо ч маргаан дагуулдаг сэдвүүдийн нэг. Төрөлхийн болон дасан зохицох дархлааны системийн эсийн төрөл бүрийн үйл ажиллагааг дэмжих замаар дархлааны системийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчлөх магадлалыг бууруулна гэсэн ямар нэг батлагдсан судалгааны ажил, нотолгоо байхгүй” гэж бичсэн байна. Уг витамины хэрэгцээгээг өдөр тутамдаа хоол хүнсээр дамжуулан хангах нь чухал гэжээ. /Холбоосыг хавсаргав/
📌Шинжлэх ухааны “MDPI” олон улсын цахим сэтгүүлд нийтлэгдсэн Витамин C ковидын үеийн эмчилгээ болон дархлаанд хэрхэн нөлөөлөх тухай Израйл болон Италийн судлаачдын хамтран хийсэн судалгааны ажилд “витамин C-г дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхээс гадна ковидоор өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд ашиглахад судалгааны урьдчилсан дүгнэлтээр үр дүн өндөр байсан ч одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Мөн өвчний үед дуслаар эсвэл витамины нэмэлт хэлбэрээр хэрэглэхэд гарах үр дүнгийн тухай томоохон судалгааны ажлуудыг нэмэлтээр хийх шаардлагатай байна” гэжээ. /Холбоосыг хавсаргав/
*MDPI буюу Олон талт дижитал хэвлэлийн хүрээлэн нь 1996 оноос хойш олон улсын эрдэмтдийн шинжлэх ухааны судалгааны ажлуудыг нээлттэй нийтэлж, дэмжин ажиллаж буй цахим сэтгүүл юм.
2. Витамин С ихэдсэнээс бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг
📌Хоол боловсруулах замын эмгэг илрэх магадлал өндөр байдаг тул өдөрт хамгийн дээд тал нь 2000 мг Витамин C хэрэглэхийг зохистой гэж үздэг. Тухайлбал, Уэйк Форест их сургуулийн анагаах ухааны сургуулийн Шээс, бэлгийн зам судлалын тэнхимээс хийсэн судалгаанд бичсэнээр насанд хүрсэн хүмүүст зургаан өдрийн турш 1000мг тунтай Витамин C-г өдөрт 2 удаа өгөхөд энгийн үед ялгаруулдаг оксалатын хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Витамин С-г хэтрүүлэн хэрэглэх нь шээсэн дэх оксалатыг ихэсгэж, цаашлаад бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. /Холбоосыг хавсаргав/
📌Шведийн Готеборгийн их сургуулийн Дотоод анагаах ухааны хүрээлэн, Эмнэлзүйн хоол тэжээлийн тэнхимийн хийсэн судалгаагаагаар насанд хүрэгчдэд хоолтой нь хамт нэмэлтээр 100 мг Витамин С өгөхөд төмрийн шимэгдэлт нь 67 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан байна. Витамин С төмрийн дутагдалд орохоос сэргийлдэг ч хэт өндөр тунгаар хэрэглэвэл хүний бие хэт их төмрийг шингээж, төмөр ихдэлттэй хүмүүст илүү эрсдэл учруулна. /Холбоосыг хавсаргав/
📌Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн сайт дахь Витамин C-гийн зохистой тун, хэрэглээний тухай судалгааны эмхэтгэлд бичсэнээр нэмэлт Витамин C хэрэглэх тохиолдолд өдөр тутмын хүнснээс авах хэмжээнээс хэтрэхээргүй буюу насанд хүрсэн эрэгтэй хүн 90 мг, эмэгтэй хүн 75 мг-аас дээшгүй агуулсан бэлдмэл хэрэглэх нь зохимжтой ажээ. /Холбоосыг хавсаргав/