Сүүн зам амралтын газрын нэрээр ХУУРАМЧ мэдээлэл түгээж байна

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Амралтын газарт 50 гэр бүлийг үнэ төлбөргүй амраана гэх зар эрчтэй явсан. Гэрэлт дүүжин гүүр бүхий “Сүүн зам” амралтын газар нь нээлтийн урамшуулал зарлаж, 50 гэр бүлийг үнэ төлбөргүй амраах тухай урамшууллын мэдээлэл гуравдугаар сарын 17-ноос цахим сүлжээнд тархсан байна. Баримт шалгах үеэр тус мэдээлэлд 5.2 мянган сэтгэгдэл бичиж, 13.9 мянган удаа хуваалцсан байв. Бид энэ мэдээллийн баримтыг шалгалаа.

Баримт шалгалтын үр дүн

Уг сурталчилгааны зурагт харагдах жижиг дүрслэлүүдийг тусад нь салгаж, тус бүрчлэн хайлт хийж үзсэний үр дүнд тус гэрэлт гүүр болон шовх оройтой майхнууд нь Индонезийн нийслэл Жакарта хотоос 3-4 цагийн зайд орших Cikole Orchid Forest гэх амралтын газарт байдгийг оллоо. Үүгээр тус зурагт дүрсэлсэн зүйлс нь Монголд бус, Индонезид байдгийг баталлаа.

Юуны өмнө “Оддын Сүүн Зам” ХХК гэх компанийн нэрээр нийтэлсэн тус мэдээллийн зургийг шалгав.

Гэрэлт дүүжин гүүрийг дүрсэлсэн тус зурагт Google reverse image search хийж үзэхэд дотоодын хэд хэдэн хуудаст хуваалцсан байсан тул шууд анхдагч эх сурвалжийг нь олж чадсангүй. Тиймээс зурагт харагдах жижиг дүрслэлүүдийг тусад нь салгаж, тус бүрчлэн хайлт хийж үзсэний үр дүнд тус гэрэлт гүүр болон шовх оройтой майхнууд нь Индонезийн нийслэл Жакарта хотоос 3-4 цагийн зайд орших Cikole Orchid Forest гэх амралтын газарт байдгийг оллоо. Үүгээр тус зурагт дүрсэлсэн зүйлс нь Монголд бус, Индонезид байдгийг баталлаа.

Мөн opendatalab.mn-ээс хайлт хийхэд “Оддын сүүн зам” ХХК гэх компанийн илэрц олдсонгүй. Тиймээс энэхүү хуудас нь хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгийн Тариат суманд байрлах “Сүүн зам” амралтын газрын нэрийг барьж хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Архангай аймгийн Тариат суманд байрлах “Сүүн зам” амралтын газар нь үйл ажиллагаа явуулж эхлээд 3 жил болж байгаа, үүсгэн байгуулагч “Сүүн Зам Тревэл” ХХК нь 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний албан ёсны Facebook хаяг нь Suun Zam Rest Area /Сүүн зам/ бөгөөд биднийг утсаар холбогдож тодруулахад дээр дурдсан ямар нэг урамшуулал зарлаагүй болохыг баталгаажуулсан юм. Тус байгууллага нь өөрсдийнх нь нэрийг барьж ижил төрлийн хуурамч мэдээлэл тараасан хэд хэдэн Facebook хуудсыг шалгуулах асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаад байгаа гэв.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document