#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #387
2023.01.04 | Улаанбаатар хот, Монгол
2023 оны 01 дүгээр сарын 03-нд “Paparazzi.mn” нэртэй пэйжид “Хятад улсад чандарлах газар ачааллаа дийлэхгүй байгаа тул шууд гудамжиндаа чандарлаж байна” гэх гарчигтай бичлэгийг постолсон нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний байдлаар 534 реакц, 223 сэтгэгдэл авч, 635 удаа цааш түгээгдэн, 94 мянган үзэлттэй байна..
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Чандарлах бус галд өргөл барьц өргөж буй бичлэг байна.
Бичлэгийн дүрсийг ашиглан Baidu Reverse image search хэрэглүүрээр хайлт хийхэд Sohu агентлагийн Weibo хуудсанд 01 дүгээр сарын 02-нд байршуулсан “Шанхай хотын нэгэн дүүрэгт зогсоолын талбайд өргөл барьц шатаажээ” гэх бичлэгийн илэрц гарч ирлээ. Бичлэгийн тайлбарт “Шанхайн нэгэн дүүрэгт хүмүүс зогсоолын талбайд өргөл барьц шатааж байгаа бичлэг цахим сүлжээнд тархаж байна. Зогсоолын талбай нь гал тавьсан этгээдийн өөрийнх нь өмч эсэх нь тодорхойгүй байна” гэжээ.
Дээрх үйл явцтай холбоотой мэдээг Хятадын 163 агентлагийн вэбсайтад 01 дүгээр сарын 02-нд байршуулсан байна. Мэдээнд:
“Тавьсан гал нь хүчтэй дүрэлзсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна. Нас барсан нэгний араас гашуудлаа илэрхийлж түүний эд зүйлсийг шатаажээ. Галыг тойрон зогсож буй хүмүүс талийгаачийн төрөл төрөгсөд юм. Хятадад хүн нас барахад цагаалга үйлдсэний дараа, эд зүйлсээр нь галд өргөл барьц өргөдөг соёл бий. Гашуудлаа илэрхийлэх нь хэвийн үзэгдэл хэдий ч олон нийтийн нүдэн дээр ил задгай гал тавьсан нь шүүмжлэл дагуулжээ. Уг зогсоол талийгаачийн эсвэл өргөл барьц өргөж буй нэгний зогсоол эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд бичлэгийн дор цахим хэрэглэгчид “энэ зогсоолыг дахин ашиглах боломжгүй болчихож”, “ямар хүн ингэтлээ шатсан зогсоолд машинаа тавих вэ” зэрэг сэтгэгдлийг үлдээжээ” гэсэн байна.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.