Д аминдэм 10,000 IU хэмжээгээр ууснаар хүүхэд өвчлөхгүй гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Mina Bayartsetseg нэртэй хэрэглэгчийн хаягаар “Хүүхэд эхээс төрөхдөө л Д витамин өндөр гарвал хажууд нь ханиадтай хүн байсан ч өвддөгүй юм байнаа гэж би анзаарсан. Би тэр үед 10,000-р л өдөр бүр уудаг бсан. Эмч нар өөрснөө ихэдвэл аюултай гэж хэлээд 2000-р уулгаад ээж нь ч тэр хүүхэд нь ч тэр дутагдалтай гарахаар гайхаал. Дутагдалтай байвал ханиад халдвар дороо л тусна. ” гэх мэдээлэл постолсон байна.

Баримт шалгалтын үр дүн

Д аминдэмийн түвшинг миллилитрт 150 нанограммаас хэтрүүлж, хүнд хэлбэрийн аминдэмийн хордлого үүсгэх эрсдэлтэй. Өдөрт 10,000 ОУН ба түүнээс дээш тунгаар хэтрүүлэн хэрэглэх нь хордлого үүсгэх баттай тун юм. 10,000 ОУН тунгаар дур мэдэн бага насны хүүхдэд уулгах, насанд хүрсэн хүн дээрх тунг урт хугацаанд хэрэглэх нь Д аминдэмийн илүүдэл, гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #386

2023.01.04 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 30-нд Mina Bayartsetseg нэртэй хэрэглэгчийн хаягаар “Хүүхэд эхээс төрөхдөө л Д витамин өндөр гарвал хажууд нь ханиадтай хүн байсан ч өвддөгүй юм байнаа гэж би анзаарсан” гэх мэдээлэл постолсон нь 01 дүгээр сарын 04-ний байдлаар 192 реакц, 123 сэтгэгдэл авч, 90 удаа цааш түгээсэн байна. 

Уг пост нь “…Хүүхэд эхээс төрөхдөө л Д витамин өндөр гарвал хажууд нь ханиадтай хүн байсан ч өвддөгүй юм байнаа гэж би анзаарсан. Гэтэл одоо жирэмсэн ээж нарыг Д вит 2000-с хэтрүүлж болохгүй гээд хүүхэд нь төрөхдөө л дутагдалтай төрөөд нялхаасаа л өвдөөд байдаг юм бна. Би 2019 оны өвөл 12 сард гадуур бас л хүнд ханиад их байна гээд бичдэг байсан үеэр төрсөн. Интермед-д төрсөн хүүхдүүдээс шинжилгээ авдаг юм байналээ. Д витамин нь 65ng/ml гараад эмч нь гайхаад ямар мундаг хүүхэд вэ? Одоо дандаа л дутагдалтай гардаг. Ээж нь сайн Д ууж байсан уу гэхээр нь тиймээ л гэсэн. Хэдээр гэж хэлвэл ухаан алдах тул хэлээгүй. Би тэр үед 10,000-р л өдөр бүр уудаг байсан. Эмч нар өөрснөө ихэдвэл аюултай гэж хэлээд 2000-р уулгаад ээж нь ч тэр хүүхэд нь ч тэр дутагдалтай гарахаар гайхаал. Дутагдалтай байвал ханиад халдвар дороо л тусна. Манай хүүхэд төрөөл 1 нас хүртлээ ханиад хүрээгүй,өвдөж гэдэс энэ тэр нь ч хямарч байгаагүй. 2020 оны өвөл нус нь анх удаа гоожоод би Д, С-г нь ихэсгээл зүгээр болсон. Нэг иймэрхүү л хөнгөн ханиад бол хаяа тусаал дор нь дараал авдаг. Ханиад хүрвэл би Д-г нь 10,000-р өгөөд вит с өдөржин ойр ойрхон өгчихдөг. Тэгээл маргааш нь өглөө зүгээр болоод босдог доо. Гэтэл Монголд Д витамин хэрэглэгчид гээд сүртэй нэртэй групп байхаар нь нэг орж хараад хүүхэд нь 2000тай Д 4ш-г идчихлээ(8000iu гэсэн үг) яанаа гээд асуухаар нь яахчгүй ээ зүгээр би хүүхдүүддээ хаяа 10,000-р өгдөг гэсэн чинь нэг өөрийгөө хүүхдийн эмч гэсэн хүн орж ирээд чи хүүхдээ аллаа болиоч гээд загнаад бсаншд. Д витамин хэрэглэдэг биш айлгадаг групп юм уу хаашаан. Тэгснээ тэр хүүхдийг эмнэлэг орж ходоодын угаалга, одоо Д-г нь нэг хэсэг зогсоо гээд байсан” гэсэн байна. 

Уг постын сэтгэгдэл хэсэгт Д аминдэмийг хүүхдэдээ хэр тунгаар яаж өгөхийг асуусан болон өөр хэрэглэгчид хүүхдүүддээ өндөр тунгаар өгдөг тухай бичсэн байна. Мөн пост оруулсан хэрэглэгч “1 настай хүүхэд 2000-р, 2 наснаас нь 3000. Тэгээд 3наснаас дээшээ 5000-р өгөөрэй” гэх мэтээр “зөвлөгөө” өгсөн зэрэг нь олон улсын анагаахын шинжлэх ухааны судалгаануудад, мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын судалгаа, эмнэл зүйн аргатай хэр нийцэж байгааг баримтаар шалгах шаардлага үүсгэсэн юм.

FACTCHECK: Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Д аминдэм гэж юу вэ?

Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал 2017 Үндэсний V судалгааны тайланд дурдсанаар Д аминдэм нь:

“Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөг, өндөгний шар уураг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг тосонд – уусдаг аминдэм юм. Уг аминдэм хоол хүнсээр хүний биед орохоос гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөгөөр арьсан дор нийлэгждэг. Жирэмсэн үе, нярай, бага болон өсвөр насны хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед ясны хэвийн өсөлтийг хангах, кальцийг биед шингээх, дархлааг сайжруулах, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зэрэгт Д аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Хүний бие махбод дахь Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Д аминдэм дутлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсэх бөгөөд хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг. Түүнчлэн Д аминдэм дуталтай холбоотойгоор дархлаа сулрах, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зарим эрхтний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Аминдэм Д нь хүний биед нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нийлэгждэг цорын ганц аминдэм юм. Д аминдэмээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байх, наранд ил байх хугацаа багассаны улмаас уг аминдэмийн дутал дэлхийн хүн амын дунд түгээмэл тохиолдож байна. Хүйтэн уур амьсгалтай өндөр өргөргийн бүс, агаарын бохирдол ихтэй орчинд амьдрах, нарнаас хамгаалах хэрэгсэл (нарны тос, саравч, сүүдрэвч)-ийг өргөн ашиглах, бараан өнгийн арьстай байх, өдрийн ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлэх зэрэг хүчин зүйл нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлэх хүний бие махбодын чадварт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр нь нарны хэт ягаан туяа хүний биед шингэх боломжийг хааж, улмаар Д аминдэмийг нийлэгжүүлэх чадавхыг хязгаарладаг. Илүүдэл жинтэй, тарган хүний биед агуулагдах илүүдэл өөх нь Д аминдэмийн шимэгдэл, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлдэг тул Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт тухайн аминдэмийн хэрэгцээ ихтэй жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, нялх, бага насны хүүхэд, эрчимтэй өсөлтийн үедээ байгаа хүүхдүүд багтдаг. Настай хүмүүсийн хувьд Д аминдэмийг шингээх чадвар суларсан, наранд ил гарах хугацаа богино зэрэг шалтгааны улмаас Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл нэмэгддэг” гэсэн байна. 

Д аминдэм нь дархлааны системийн үйл ажиллагаанд нөлөөлөх хэдий ч улирлын чанартай ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэх суурь шалтгаан болохгүй. 

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Health Feedback анагаах ухааны баримт шалгах төвийн 2020 оны 12 дугаар сарын 14-нд вэбсайтдаа байршуулсан тайланд дараах агуулгыг дурджээ.

“Амьсгалын замын халдварт өвчний нэг жишээ болох томуу л гэхэд улирлын чанартай байдаг. Сэрүүн, хүйтэнд ням, вирусийн нөлөөгөөр халдварт өвчин нэмэгдэх байдал ажиглагддаг. Стресс болон нар буцах, хооллолт зэргээс үүдэлтэй Д аминдэм дутагдал нь дархлаа сулрахад нөлөөлөх ч ханиад, томуу тусах гол шалтгаан эсвэл баттай эдгээх эмчилгээ болохгүй” гэсэн байна.

2022 оны 11 дугаар сарын 02-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн пэйжид “ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор дэд  профессор Ц.Билэгтсайхан Томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө” гэх гарчигтай, Mongol TV сувгийн нэвтрүүлгээс хэсэгчлэн оруулсан бичлэгт дурдсанаар:
“Томуу болон томуу төст өвчний тархалт улирлын шинж чанартай. Жил болгон 11-2 дугаар сарын хооронд тархалт их байна. 10 дугаар сараас эхлэн томуу төст өвчний вирус тархалт ихтэй байна. Томуу, томуу төст өвчний товлолт вакцин нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн шалгарсан арга” гэсэн байна. 

Д аминдэм тохирох хэмжээгээр хэрэглэх нь биед тустай байна. Жишээлбэл, 2021 онд Их Британийн Батлан хамгаалах яамны захиалгаар Бангорийн их сургууль болон Ливерпүүл Жон Мурын их сургуулийн эрдэмтэд 1644 цэргийн дунд туршилт явуулжээ. Судалгааг тайлагнаж, мэдээг The Conversation эрдэм шинжилгээний сэтгүүлийн вэбсайтад 2021 оны 12 дугаар сарын 17-нд байршуулсан байна. Мэдээнд “12 долоо хоногийн турш үргэлжилсэн цэргийн сургуулилтын үеэр Д аминдэмийн түвшин хангалттай цэргүүдийн амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх магадлал Д витамины дуталт өртсөн цэргүүдээс даруй бага байсан. Дараагаар нь бид Д аминдэмийн дуталд өртсөн цэргүүдэд нэмэлт тунгаар Д витамин хэрэглүүлсэн ч халдварт өртөх магадлалыг бууруулаагүй. Гэвч тэдний энгийн ханиад туссан үед эдгэх хугацаа хурдассан ба зовуурь нь ч харьцангуй хөнгөрсөн” гэсэн байна.

Ийлдэс дэх Д аминдэмийн түвшин, Д аминдэмийг уух тун

Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал 2017 Үндэсний V судалгааны тайланд 1 миллилитр ийлдэс дэх Д амин дэмийн түвшин:

  • 20 нанограммаас бага бол Д аминдэмийн дуталтай
  • 20-29 нанограмм бол Д аминдэмийн нөөц багатай
  • 30-100 нанограмм бол Д аминдэмийн нөөц хангалттай
  • 100 нанограммаас их бол Д аминдэмийн илүүдэл, хордох эрсдэлтэй түвшинд байна гэсэн байна.

Ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг зохист хэмжээнд байлгахын тулд Д аминдэмийг уух зөвлөмжийг 2011 онд олон улсын эрдэмтэд боловсруулж Даавар, бодисын солилцоо судлалын сэтгүүлд нийтлүүлсэн байна. Уг зөвлөмжид дараах байдлаар тусгажээ. 

Аминдэмийн тунг хэмжих IU /international unit/ гэх хэмжээг цаашид ОУН /Олон улсын нэгж/ хэмээн тэмдэглэв.

0-1 насны хүүхэд өдөрт дор хаяж 400 ОУН, 1-18 насны хүүхэд өдөрт дор хаяж 600 ОУН Д аминдэм хэрэглэж байж хүүхдийн бие махбод, яс, булчингийн хэвийн өсөлт хөгжил хангагдана. Харин ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг миллилитрд 30 нанограмм буюу хэвийн түвшинд байлгахын тулд өдөрт 1000 ОУН ба түүнээс дээш тунгаар ууж болно. 

19-50 насны хүн өдөрт дор хаяж 600 ОУН Д аминдэм хэрэглэж байж бие махбод, яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа хангагдана. Харин ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг миллилитрт 30 нанограмм буюу хэвийн түвшинд байлгахын тулд өдөрт 1500-2000 ОУН ба түүнээс дээш тунгаар ууж болно. 

50-70 насны хүн өдөрт 600 ОУН, 70-аас дээш насны хүн өдөрт дор хаяж 800 ОУН Д аминдэм хэрэглэж байж бие махбод, яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа хангагдана. Харин ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг миллилитрт 30 нанограмм буюу хэвийн түвшинд байлгахын тулд өдөрт 1500-2000 ОУН ба түүнээс дээш тунгаар ууж болно. 

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд өдөрт дор хаяж 600 ОУН Д аминдэм хэрэглэж байж бие махбод, яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа хангагдана. Харин ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг миллилитрт 30 нанограмм буюу хэвийн түвшинд байлгахын тулд өдөрт 1500-2000 ОУН ба түүнээс дээш тунгаар ууж болно.

Харин Д аминдэмийг хэрэглэх өдрийн дээд тун нь:

  • 6 сар хүртэлх нярайд 1000 ОУН
  • 6 сар -1 нас хүртэлх хүүхдэд 1500 ОУН
  • 1-3 насны хүүхдэд 2500 ОУН
  • 4-8 насны хүүхдэд 3000 ОУН
  • 9 ба түүнээс дээш насныханд 4000 ОУН байж болно.

Д аминдэмийн дуталд өртсөн тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр, заасан хугацаанд:

  • 0-1 насны хүүхдэд 2000 ОУН 
  • 1-18 насны хүүхдэд 4000 ОУН
  • 19 ба түүнээс дээш насныханд 10,000 ОУН хүртэлх хэмжээгээр хэрэглүүлж болно.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 12-ны 470 дугаар тушаалаар “Бага насны хүүхдийг А, Д аминдэмээр хангах заавар”-ыг шинэчлэн баталжээ. Үүнд өдөр тутмын Д аминдэмийн хүүхдэд уулгах дээд хязгаарыг:

  • 0-6 сартай хүүхдэд өдөрт 1000 ОУН
  • 7-12 сартай хүүхдэд өдөрт 1500 ОУН
  • 1-3 настай хүүхдэд өдөрт 2000 ОУН гэж заасан байна.

Д аминдэмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн их хэмжээгээр эсхүл урт хугацаанд өндөр тунгаар хэрэглэх нь Д аминдэмийн илүүдэл, гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг 10,000 ОУН тунгаар дур мэдэн бага насны хүүхдэд уулгах, насанд хүрсэн хүн дээрх тунг урт хугацаанд хэрэглэх нь Д аминдэмийн илүүдэл, гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. АНУ-ын Үндэсний эмийн институтийн 2011 оны тайланд тусгаснаар:

“Аминдэмийг өндөр тунгаар зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтан дор богино хугацаанд хэрэглэнэ. Насанд хүрсэн хүний өдрийн дээд хэмжээ буюу 4000 ОУН-аас их хэмжээгээр хэрэглэх нь ийлдэс дэх Д аминдэмийн түвшинг миллилитрт 150 нанограммаас хэтрүүлж, хүнд хэлбэрийн аминдэмийн хордлого үүсгэх эрсдэлтэй. Өдөрт 10,000 ОУН ба түүнээс дээш тунгаар хэтрүүлэн хэрэглэх нь хордлого үүсгэх баттай тун юм” гэсэн байна. 

Их Британид аминдэмийг өндөр тунгаар хэрэглэж хордлогод орсон иргэний тухай мэдээг 2022 оны 07 дугаар сарын 05-нд CNN агентлагийн вэбсайтад байршуулсан байна. Мэдээнд:
Өдөрт Д аминдэмийг 150,000 ОУН буюу зохих тунгаас 375 дахин их хэмжээгээр хэрэглэсэн иргэн ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэдийгээр их хэмжээгээр хэрэглэсэн даруйдаа Д аминдэмийн хэрэглээгээ зогсоосон ч биеийн байдал хүндэрсээр байсан ба хоёр сарын дотор 12.7 килограмм хасаж, бөөрний үйл ажиллагаа нь доголджээ” гэсэн байна.

Мөн мэдээнд Виллиам Харви эмнэлгийн эмч бөгөөд Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны зөвлөх Аламин Алкундигийн зөвлөмжийг байршуулжээ. Тэрээр “Д аминдэмийн илүүдэл үүсэн тохиолдолд бие сулрах, толгой эргэх, сэтгэл санаагаар унах, нойр ханахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хордлогын үед мэдээ алдаж, ухаан алдах эрсдэлтэй. Цаашлаад урт хугацаандаа зүрхний хэмнэлийг алдагдуулж, бөөр, шээсний замын үйл ажиллагааг доголдуулдаг. Хараа болон сонсголд өөрчлөлт орох ч тохиолдол бий. Хамгийн нийтлэг гаж нөлөө нь цусан дахь кальцийн түвшин хэтэрснээс яс сийрэгжиж, биеийн үеүдэд илүүдэл яс ургах юм” гэсэн байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document