#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #385
2023.01.04 | Улаанбаатар хот, Монгол
2023 оны 01 дүгээр сарын 1-нд “Monnews” нэртэй пэйжид “Шуурхай: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлаар хуралдаж байна!!! гэнэ одоо намуудаа татан буулга!!! Төрд үүрэлсэн бүх хулгайчтайгаа тэмц!!!” гэсэн тайлбартай, monnews.life домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 4-ний байдлаар 382 реакц, 287 сэтгэгдэл авч, 57 удаа цааш түгээсэн байна. Уг домайн дахь мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2022 оны 12 дугаар сарын 5-нд оруулснаасаа хойш Facebook платформд нийт 16 удаа дахин оруулж, 4,024 хариу үйлдэл аваад байна.
Сайт дахь мэдээлэлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлаар хуралдаж байгаа тухай нэг ч агуулга байхгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 5-нд Bilguun Ferdinand нэртэй хэрэглэгчийн постолсныг хуулж, өөр бусад постуудтай хольж тавьсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Засгийн газар огцрох асуудал яригдаагүй
Мэдээлэл түгээх үед буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-аас эхлэн өнөөдрийг хүртэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлаар хуралдаагүй.
Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 4-ний Лхагва гарагт хуралдаж, хэлэлцсэн асуудлаа тайлагнасан ба гадаад валютын нөөц нэмэгдүүлэх талаар Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өгсөн.
2022 оны 12 дугаар сарын 5-нд eguur.mn сайтад “УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын УЗ хэлэлцэж байна” гарчигтай мэдээ гаргасан ба уг мэдээнд “Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэхээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна” гэсэн ч “Засгийн газрын зарим эх сурвалж уг мэдээг үгүйсгэж байна” гэж дурдсан байна. Харин энэ талаар албан ёсны ямар ч эх сурвалжаар мэдээлэл гаргаагүй.
Энэ мэдээг гуйвуулан “Засгийн газрын хуралдаанаар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох асуудлыг хэлэлцэж байна” гэж анхаарал татаж, хандалт авах зорилгоор түгээсэн байх магадлалтай.
Ерөнхий сайд албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсан тохиолдолд Ерөнхий сайд огцорно” гэж, 21.3-т “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан.
Тус хуулийн 22.1-т “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” гэж заасан.
Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэдэг. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 99.1-д “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах тухай мэдээлэл түгэхээс дор хаяж 7 хоногийн өмнөөс санал оруулсан байх ёстой юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах тухай асуудал гараагүй, гишүүд огцруулах санал мөн гаргаагүй.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.