#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #384
2023.01.03 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 22-нд Сайхан ээж нэртэй хаягаас “Зул сарын Бэлэг. Өөрийн гэсэн газаргүй, байшин барих мөнгөгүй нэг гэр бүлд том буян үйлдэж хашаа байшин бэлэглэнэ ээ. Энэ хэцүү цагт хүмүүсийг баярлуулаад яасан гэгээлэг групп вэ? гэнээ (Хоёр хөөрхөн хос маань илгээж байгаа бэлэг жүү энхүү байшингаа бариад 2 жил гаран болж байгаа юм байна. Хүн амьдрахгүй зарах гэж байгаад сэтгэл нь хөдөлөөд шинэ жилийн баяраар нэг ч гэсэн айлыг нэг том баярлуулая баяр дээр нь баяр нэмэе гээд та хэдэд маань ийм том бэлэг иржээ. Азтан болох амархан шүү Хеерхен Ээжүүддараад Хеерхен гэргий Like дараад азтан болоод шууд нүүгээд ирээрэй шэйр хийвэл ялах магадлал өсдөг шүү сайхнууд минь. Азтангаа 12 сарын 27нд тодруулна” гэсэн тайлбартай, байшин болон тохижилтынх нь зургийг хавсарган оруулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 3-ны байдлаар 435 реакц, 459 сэтгэгдэл авч, 1.1 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар нягталж сураарай.
Хаягийг нягтлах
Мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод, албан ёсны танилцуулга, холбоо барих хаяг, дугаар байгаа эсэхийг хараарай. Мөн оруулсан пост, шэйрлэсэн мэдээллийг нь үзэж, бэлэг тарааж, азтан шалгаруулах маркетинг явуулахуйц бодит байгууллага, хувь хүн мөн эсэхийг нягтлаарай.
Шалгаж буй мэдээллийг оруулсан Сайхан ээж гэх нэртэй хаягаас Бүсгүй ертөнц нэртэй 17.1 мянган дагагчтай группэд азтан болгоно, бэлэг тараана, данс руу нь мөнгө хийнэ гэх мэтээр тасралтгүй пост оруулдаг байна.
Facebook, Instagram-д олон дагагчтай хаягаар өөрсдийн пэйжийг сурталчлуулах зорилгоор лайк дарж дагасан хүмүүсээс азтан шалгаруулж, тухайн байгууллагын зүгээс бэлдсэн бэлгийг өгөх болзолтой маркетингийн шийдэл байдаг.
- Гэвч шалгаж буй хаягаар оруулдаг постууд нь “ЕВ shop”, “Хеерхен гэргий”, “Гое ээж” гэх мэт нэртэй пэйжийг идэвхжүүлэх болзолтой ч тэдгээр пэйжид албан ёсны хаяг байршил, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утасны дугаар гэх мэт мэдээлэл байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ямар ч албан байгууллага, хувь хүний маркетинг сурталчилгаандаа зарцуулах боломжтой байж болох зардлаас илүү их хэмжээний мөнгө, эд зүйлийг азтан шалгаруулж өгнө гэх хуурамч мэдээллээр лайк, дагагч цуглуулж байна.
Одоогийн байдлаар дээрх санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 12 мянга орчим болсон байна. Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай.
Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай.
Зургаар хайх
Мэдээлэлд хавсаргасан зургийг Search image with Google цэсээр хайж үзээрэй. Эхний байшингийн зургийг хайхад 2021 оны 10 дугаар сарын 30-нд gogo.mn сайтад гарч байсан “Д.Сумъяа: Хуримтлалаараа мөрөөдлийн байшингаа босгон нутагтаа амьдарч байна” ярилцлагын илэрц гарч ирсэн. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өөрийн байшингаа барьсан бүсгүйн тухай ярилцлагыг эндээс унших боломжтой.
Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй
Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт бэлэг авахыг хүсэж гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ.
Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.