300 хүүхдэд бэлэг бэлдлээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сайхан ээж нэртэй хаягаас “Админы бэлдсэн бэлэгээ авж амжаагүй хүн байна уу? 300 хүүхдэд бэлэг бэлдэлээ. Хеерхен гэргий Ebarimt Буцаан Олголт нэгдээд 5 groupt share хийгээд хүүхдийнхээ тоог бичээрэй” гэсэн постыг олон бэлэг дунд сууж байгаа зургийн хамт оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Д.Одзаяагийн төрсөн өдрөө тохиолдуулан Одзаяа нэртэй 300 хүүхдэд бэлэг бэлдсэн тухай постын зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээсэн байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #380

2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 28-нд Сайхан ээж нэртэй хаягаас “Админы бэлдсэн бэлэгээ авж амжаагүй хүн байна уу? 300 хүүхдэд бэлэг бэлдэлээ. Хеерхен гэргий Ebarimt Буцаан Олголт нэгдээд 5 groupt share хийгээд хүүхдийнхээ тоог бичээрэй” гэсэн постыг олон бэлэг дунд сууж байгаа зургийн хамт оруулсан нь 271 реакц, 423 сэтгэгдэл авч, 799 удаа цааш түгээсэн байна. 

Хялбар аргаар мөнгөтэй болох арга, бэлэг тарааж байна, азтан болсон гэх мэт агуулгаар таныг ямар нэг үйлдэл хийх нөхцөл тулгасан мэдээллүүд хуурамч, цахим луйврын шинжтэй байдаг. 

FACTCHECK: Дараах аргаар үнэн бодит байдлыг нь нягтлаарай. 

Хаягийг шалгах

Мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод, албан ёсны танилцуулга, холбоо барих хаяг, дугаар байгаа эсэхийг хараарай. Мөн оруулсан пост, шэйрлэсэн мэдээллийг нь үзэж, бэлэг тарааж, азтан шалгаруулах маркетинг явуулахуйц бодит байгууллага, хувь хүн мөн эсэхийг нягтлаарай. 

Шалгаж буй мэдээллийг оруулсан Сайхан ээж хаягаар Бүсгүй ертөнц группэд азтан шалгаруулна, бэлэг, мөнгө өгнө гэх пост байнга оруулдаг байна. Энэ тухай манай өмнөх баримт шалгалтад оруулсныг унших боломжтой. 

Facebook, Instagram-д олон дагагчтай хаягаар өөрсдийн пэйжийг сурталчлуулах зорилгоор лайк дарж дагасан хүмүүсээс азтан шалгаруулж, тухайн байгууллагын зүгээс бэлдсэн бэлгийг өгөх болзолтой маркетингийн шийдэл байдаг. 

  • Гэвч шалгаж буй хаягаар оруулдаг постууд нь “ЕВ shop”, “Хеерхен гэргий”,  “Хеерхен ээжүүд”, “Гое ээж” гэх мэт нэртэй пэйжийг идэвхжүүлэх болзолтой ч тэдгээр пэйжид албан ёсны хаяг байршил, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих утасны дугаар гэх мэт мэдээлэл байхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ямар ч албан байгууллага, хувь хүний маркетинг сурталчилгаандаа зарцуулах боломжтой байж болох зардлаас илүү их хэмжээний мөнгө, эд зүйлийг азтан шалгаруулж өгнө гэх хуурамч мэдээллээр лайк, дагагч цуглуулж байна. 

Одоогийн байдлаар дээрх санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 12 мянга орчим болсон байна. Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай. 

Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай. 

Зургаар хайх 

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургаар Search image with Google цэсээр хайхад 2022 оны 12 дугаар сарын 18-нд нярайн өлгий, жирэмсэн, хөхүүл ээжүүдэд зориулсан Orchids брэндийн албан ёсны хаягаар “Энэ өдөр яах аргагүй бүх Одзаяа нарын өдөр болохнээ. Бүх Одзаяа нартаа болон үзэсгэлэн гоо Odzaya Deremchimed -даа хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргээд сайхан бүхний дээдийг Орчидсийн хамт олны зүгээс хүсье. Хамтран ажиллахад таатай байдаг шүү” гэсэн тайлбартай, Odzaya Deremchimed хаягаар оруулсан постыг шэйрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, Д.Одзаяагийн төрсөн өдрөө тохиолдуулан Одзаяа нэртэй 300 хүүхдэд бэлэг бэлдсэн тухай постын зургийг ашиглан хуурамч мэдээлэл түгээсэн байна.

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт бэлэг авахыг хүсэж гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document