300 хүүхдэд бэлэг бэлдлээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Gift Gift Бэлэг” гэх нэртэй паблик группэд “Админы бэлдсэн бэлэгээ авж амжаагүй хүн байна уу? 300 хүүхдэд бэлэг бэлдэлээ. Pink shop Гэрээ гоёё групп нэгдээд Cute shop 5 groupt share хийгээд хүүхдийнхээ тоог бичээрэй” гэсэн пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай. Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #377

2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 28-ны 17:44 цагт “Малена Б.” нэртэй хаягаас “Gift Gift Бэлэг” гэх нэртэй паблик группэд “Админы бэлдсэн бэлэгээ авж амжаагүй хүн байна уу? 300 хүүхдэд бэлэг бэлдэлээ. Pink shop Гэрээ гоёё групп нэгдээд Cute shop 5 groupt share хийгээд хүүхдийнхээ тоог бичээрэй” гэсэн пост оруулсан нь 12 дугаар сарын 31-ний байдлаар 113 реакц,  434 сэтгэгдэл авч, 794 удаа цааш түгээсэн байна. Сэтгэгдэл хэсэгт бичсэн хүмүүст чатаар харилцахыг санал болгосон нь хувийн мэдээллийг нь авах санаархал гэж үзэх үндэслэл юм.

Хялбар аргаар мөнгөтэй болох арга, бэлэг тарааж байна, азтан болсон гэх мэт агуулгаар таныг ямар нэг үйлдэл хийх нөхцөл тулгасан мэдээллүүд хуурамч, цахим луйврын шинжтэй байдаг. 

FACTCHECK: Дараах аргаар үнэн бодит байдлыг нь нягтлаарай. 

Хаягийг шалгах

Мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод, албан ёсны танилцуулга, холбоо барих хаяг, дугаар байгаа эсэхийг хараарай. Мөн оруулсан пост, шэйрлэсэн мэдээллийг нь үзэж, бэлэг тарааж, азтан шалгаруулах маркетинг явуулахуйц бодит байгууллага, хувь хүн мөн эсэхийг нягтлаарай. 

Шалгаж буй мэдээллийг оруулсан хаягаар 2019 оны 12 дугаар сарын 2-оос 2022 оны 01 дүгээр сарын 26 хүртэл паблик тохиргоотой пост оруулж байжээ. Харин 2022 оны 01 дүгээр сарын 26-нд “Gift Gift Бэлэг” гэх группийн админ болсноор хойш олон нийтэд ил тохиргоотой мэдээлэл оруулаагүй байна. Мөн зарын шинжтэй 26 группийн гишүүн болж, дээрхтэй ижил агуулгатай постууд оруулах болсон зэрэг шинж чанараас нь харвал энэ хаягийг алдсан байх магадлалтай байна.  

Хуваалцсан болон постолсон мэдээллийн түүхийг харахад бэлэг тараана, азтан болгоно гэх нөхцөлтэйгөөр бидний шалгаж хуурамч мэдээлэл оруулсан болохыг сануулсан “Pink shop”, “Гэрээ гоёё”, “Cute shop” зэрэг пэйжийг дагахыг уриалсан байна. 

Одоогийн байдлаар дээрх мэдээлэл оруулсан пэйж болон санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 15 мянга орчим болсон байна. 

Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай. 

Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай. 

Зургаар хайх

Мэдээлэлд ашигласан нэг зургийг Search image with Google цэсээр хайж үзээрэй. 2020 оны 12 дугаар сарын 29-нд мэдээллийн fox13 сайтад АНУ-ын Охайо мужид оршуулгын газар хаягдсан 3 настай хүүд олон хүнээс бэлэг ирсээр байгаа гэх мэдээнд ашигласан зураг байна.

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө болзол ёсоор 5-аас дээш группэд шэйрлэж, эсвэл сэтгэгдэл хэсэгт бэлэг авахыг хүсэж гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ үлдээсэн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ. 

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document