#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #374
2022.12.31 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 28-нд Soul vibe пэйжид “Яг одоо азтай 2сайхандаа 100.000 төгрөгны бэлэн мөнгийг шилжүүлыэ бусад шиг худлаа биш сэтгэлээрээ 2сайхандаа баярын ширээний бялуу шампаск бэлэглэнээ. Jo online shop Cute shop 2page-д лаяк дараад л болоо шүү. бүх зүйл бодитой үнэн тодорноo. Азтанаа 31ны өглөө тодруулна бэлэгийн хүргээд өгнөө” гэх тайлбартай, бялуу, мөнгөний зурагтай пост оруулсан нь 12 дугаар сарын 31-ний байдлаар 427 реакц, 421 сэтгэгдэл авч, 121 удаа цааш түгээсэн байна.
Хялбар аргаар мөнгөтэй болох агуулгаар таныг ямар нэг үйлдэл хийх нөхцөл тулгасан мэдээллүүд хуурамч, цахим луйврын шинжтэй байдаг.
FACTCHECK: Дараах аргаар үнэн бодит байдлыг нь нягтлаарай.
Хаягийг шалгах
Мэдээлэл оруулсан хаягийг дарж ороод, албан ёсны танилцуулга, холбоо барих хаяг, дугаар байгаа эсэхийг хараарай. Мөн оруулсан пост, шэйрлэсэн мэдээллийг нь үзэж, бэлэг тарааж, азтан шалгаруулах маркетинг явуулахуйц бодит байгууллага, хувь хүн мөн эсэхийг нягтлаарай.
Шалгаж буй мэдээллийг оруулсан хаягийг 2022 оны 03 дугаар сарын 3-нд нээсэн, Монголоос нэг админ удирддаг гэхээс өөр мэдээлэл оруулаагүй байна.
Хуваалцсан болон постолсон мэдээллийн түүхийг харахад бэлэг тараана, азтан болгоно гэх нөхцөлтэйгөөр өөр пэйжүүдийг дагахыг уриалсан байна.
Одоогийн байдлаар дээрх мэдээлэл оруулсан пэйж болон санал болгосон пэйжүүдийн лайк нийтдээ 15 мянга орчим болсон байна.
Хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг идэвжхүүлж, дагагчаа нэмсэн хаягуудыг өөр зорилгоор ашиглах магадлалтай.
Мөн таныг азтан болсон мэтээр хуурч, хувийн мэдээлэл, дансны нууцлалыг чинь авахыг санаархаж болзошгүй тул энэ төрлийн мэдээлэлд итгэж, хуваалцдаггүй байгаарай.
Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй
Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө та идэвхжүүлж, хувийн мэдээллээ үлдээсэн бол нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна. Түүнчлэн чатаар таны мэдээллийг авахыг хүссэн, эсвэл линк өгч, бүртгэл хийх заавар зэргийг явуулсан зэрэгт хариу өгсөн бол мөн хувийн мэдээллээ алдах эрсдэлд оржээ.
Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st