Дандаа дансаар мөнгө авдаг манай охин ч татварын өрөнд орох юм байна гэх мэдээлэл #ХУДАЛ

Дансны орлогоос татвар авах ямар ч хуулийн заалт байхгүй

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Batzorig Badam нэртэй хэрэглэгчийн хаягаас “Та дансаараа “аавдаа”, “ээждээ”, “дүүдээ”, “хүүхэддээ” мөнгө шилжүүлбэл танаас мөнгө авсан хүмүүс 10 хувийн татвар төлнө. Дандаа дансаар мөнгө авдаг манай охин ч татварын өрөнд орох юм байна. Их мөнгө дансаараа авдаг хүмүүс 20 хүртэл хувь татвар төлөх юм байнаа” гэсэн пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

ХХОАТ-ын энэ нэмэлт өөрчлөлт нь тус хуулийн 14, 18 дугаар зүйлд буюу ажил олгогчоос ажилтанд өгч буй хөдөлмөр эрхлэлттэй холбоотой орлогод л хамаарч байна.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #373

2022.12.29 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 26-нд Batzorig Badam нэртэй хэрэглэгчийн хаягаас “Та дансаараа “аавдаа”, “ээждээ”, “дүүдээ”, “хүүхэддээ” мөнгө шилжүүлбэл танаас мөнгө авсан хүмүүс 10 хувийн татвар төлнө. Дандаа дансаар мөнгө авдаг манай охин ч татварын өрөнд орох юм байна. Их мөнгө дансаараа авдаг хүмүүс 20 хүртэл хувь татвар төлөх юм байнаа” гэсэн пост оруулсан нь 12 дугаар сарын 29-ны байдлаар 391 реакц, 224 сэтгэгдэл авч, 1 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалаа.

Дансны орлогоос татвар авах хуулийн заалт байхгүй

Шалгаж буй мэдээлэлд танаас дансаар мөнгө хүлээн авсан гэр бүлийн гишүүд татвар төлөх болсон гэх ташаа ойлголт төрүүлэхүйц агуулга түгээсэн. “Их хэмжээний мөнгө дансаараа авдаг хүмүүс 20 хүртэлх хувийн татвар төлнө” гэсэн нь ирэх оны 01 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэжээ. 

Уг хуульд жилийн цалин болон шууд бус орлого нь 120 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд шаталсан татварын системээр 20 хүртэлх хувийн татвар авах тухай заасан. 

Тодруулбал, 

2022 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 2 дугаар зүйлд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай” гээд: 

“21.1.Энэ хуулийн 14 (Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого), 18  (Шууд бус орлого) дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход, 

  • 0-120 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 
  • 120-180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 
  • 180 сая төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна” гэсэн байна. 

Өөрөөр хэлбэл энэ нэмэлт өөрчлөлт нь тус хуулийн 14, 18 дугаар зүйлд буюу ажил олгогчоос ажилтанд өгч буй хөдөлмөр эрхлэлттэй холбоотой орлогод л хамаарч байна. 

Хувь хүний орлогын албан татвар авдаг бусад төрлийн орлогод, тэр дундаа бизнесийн орлого, хуулийн этгээд биш хувь хүн хоорондын гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудын төлбөр гэх мэт зүйлд хамааралгүй. Түүнчлэн гэр бүлийнхэндээ дансаар шилжүүлсэн гүйлгээ хамааралгүй. 

Тиймээс охиндоо дансаар мөнгө шилжүүлснээс болж, охин нь татвар төлнө гэх мэдээлэл худал байна. 

Нэмэлт мэдээлэл: 

Хувь хүний орлогын албан татвар гэж юу вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлд “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гээд 3 дугаарт “ХУУЛИАР НОГДУУЛСАН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ” гэж заасан. 

2019 оны 03 дугаар сарын 22-нд баталсан “Татварын ерөнхий хууль”-ийн 7.1- д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ” гээд 30 төрлийн татвар, төлбөр хураамж нэрлэсний дотор “Хувь хүний орлогын албан татвар” оржээ. 

2019 оны 03 дугаар сарын 22-нд баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт албан татвар ногдох орлогын төрлүүдийг тодорхойлсон. Үүнд дараах төрлийн орлогод албан татвар ногдуулахаар заажээ. 

“6.3.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

6.3.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;

6.3.2.үйл ажиллагааны орлого;

6.3.3.хөрөнгийн орлого;

6.3.4.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; 

6.3.5.шууд бус орлого;

6.3.6.бусад орлого” 

Эдгээрээс цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ОРЛОГО болон “шууд бус орлого” буюу ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй бараа, ажил, үйлчилгээний орлого нь нийлээд жилийн 120 сая төгрөг дотор багтсан бол ХХОАТ-ыг 10 хувиар авна. 

Харин 120 сая төгрөгөөс давсан орлогын хэсэгт 15, 20 хувиар тооцож ХХОАТ ногдуулах юм. Тухайлбал, сарын 12 сая төгрөгийн /жилийн ₮144 сая/ цалинтай ажилтны 120 саяд нь 10 хувиар, илүү гарсан 24 сая төгрөгт нь 15 хувийн татвар ногдуулна гэсэн үг. 

Шууд бус орлогод хамаарах төрлүүд:

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд албан татвар ногдуулах орлогын “шууд бус орлого”-д хамаарах төрлийг дараах байдлаар тодорхойлжээ. 

11 дүгээр зүйл.Шууд бус орлого

11.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод ХАМААРУУЛНА:

11.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;

11.1.2.орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;

11.1.3.үзвэр үйлчилгээний олговор;

11.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;

11.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;

11.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

11.1.7.ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;

11.1.8.гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;

11.1.9.Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;

11.1.10.эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;

11.1.11.энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасантай адилтгах бусад орлого.

11.2.Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод ХАМААРУУЛАХГҮЙ:

11.2.1.цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;

11.2.2.амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;

11.2.3.орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

11.2.4.эрүүл мэндийн байгууллагад төлсөн эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг;

11.2.5.ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал;

11.2.6.хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн зардал;

11.2.7.хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамж.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document