#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #372
2022.12.28 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 28-нд “Daily Offers” нэртэй пэйжид “UNITEL-ийн төрсөн өдрөөр 20GB дата үнэгүй аваарай” гэх UNITEL группийн лого бүхий зургийг “Төрсөн өдрийн мэнд хүргэе UNITEL. Та 20 ГБ үнэгүй авах боломжтой. Зурган дээр дарж бэлгээ аваарай” гэх тайлбартай постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар 109 реакц, 53 сэтгэгдэл авч, 11 удаа цааш хуваалцсан байна.
FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Хаяг, агуулгыг нягтлах
Шалгаж буй мэдээллийг нийтэлсэн хаяг нь UNITEL групптэй холбоотой гэх ямар нэг баталгаа, мэдээлэл байхгүй. Пэйжийн мэдээлэл хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 18-нд анх үүсгэсэн ч өмнө нь ямар нэг пост оруулж байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 27-нд анх пост хийсэн ба танилцуулга хэсэгт оруулсан дугаар нь +244 гэж эхэлсэн буюу Ангол улсын код байна.
UNITEL компани ижил төрлийн урамшуулал зарлаагүй байна.
Unitel группийн албан ёсны пэйж болон вэбсайтад энэ төрлийн ямар нэг зарлал байсангүй. Мөн Unitel группийн албан ёсны пэйжид 14 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн өдөр нь 2020 оны 06 дугаар сарын 26 гэсэн байна. Тиймээс ойн баярын өдөр нь шалгаж буй мэдээллийн нийтлэгдсэн 12 дугаар сарын 28-ны өдөр биш юм.
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан линкээр ороход Canva.com сайтаар дамжих цонх гарч ирэх ба уг цонх нь ямар нэг мэдээлэлгүй, албан ёсны гэх баталгаагүй, дугаар бүртгэх сайт руу хөтөлж байна.
Утасны дугаар ашиглан үйлддэг залилангаас өөрийгөө хамгаалаарай.
АНУ-ын мэдээлэл хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ID Strong платформын вэбсайтад дараах санамжийг байршуулжээ.
“Таны утсаар код явуулснаар мессеж системийн нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлах боломжтой. Мөн таны СИМ карттай холбогдох дугаарыг сольж, түүгээрээ санхүүгийн аюулгүй байдалд тань заналхийлэх эрсдэлтэй. Таны дугаараар дамжуулан өмнөх хаяг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, гэрийн хаяг, таны хөрөнгө, гэмт хэргийн тодорхойлолт, жолоочийн түүх, холбогдсон эрх зүйн маргаан, аялсан газар, сошиал хаяг, цахим шуудангийн хаяг зэргийг ч олох боломжтой байдаг. Тиймээс утасны дугаарыг тань шаардсан сэжигтэй вэбсайтаар үйлчлүүлэхгүй байх, онлайнаар хүмүүст дугаараа ил тараахаас зайлсхийх нь зүйтэй” гэсэн байна.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st