Цахимаар мөрийтэй тоглож 30 сая төгрөг хожлоо гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Tanesha Clinton” нэртэй пэйжид “Охин 30 сая төгрөг хожлоо. Урамшуулал 150,000 төгрөг” гэх агуулгатай бичлэгт тоглоомыг тоглосноор Монголбанк нэртэй аппликейшнээр дамжуулан дансаараа мөнгөө шууд авах боломжтой гэх тайлбар гарч байна. Тухайн постод Cleopatra’s Gold тоглоомыг татахыг санал болгожээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголбанк гэх арилжааны гүйлгээ хийх зориулалттай аппликейшн байхгүй.  Монголбанк нь хувь харилцагчийн данс руу мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэггүй. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, банк, санхүүгийн тогтолцоог мөн тогтвортой байлгах үүргийг хүлээдэг.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #370

2022.12.28 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 22-нд “Tanesha Clinton” нэртэй пэйжид “Охин 30 сая төгрөг хожлоо. Урамшуулал 150,000 төгрөг” гэх агуулгатай бичлэгийг постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар 24 реакц, 26 мянган үзэлттэй байна.

Бичлэгт тоглоомыг тоглосноор Монголбанк нэртэй аппликейшнээр дамжуулан дансаараа мөнгөө шууд авах боломжтой гэх тайлбар гарч байна. Тухайн постод Cleopatra’s Gold тоглоомыг татахыг санал болгожээ. 

FACT CHECK:Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хаяг, агуулгыг нягтлах

Бичлэгийг нийтэлсэн пэйжийг 2022 оны 12 дугаар сарын 22-нд үүсгэсэн байна. Пэйжийн мэдээлэл хэсэгт ямар нэг хувийн танилцуулга, сурталчилсан тоглоомтой холбоотой мэдээлэл байхгүй байна. Пэйж ангиллаар “Бизнес үйлчилгээ” гэх тохиргоотой байх ба уг пэйж нь зар сурталчилгааг дамжуулдаг тохиргоотой байна. Уг сурталчилгааны эх сурвалж тодорхойгүй, холбогдох албан ёсны гэх мэдээлэл байхгүй байгаа нь хуурамч гэж үзэх нэг үндэслэл юм. 

Бичлэгт дүрслэгдсэн үйл явц эвлүүлэг

Бичлэгийн эхний хэсэгт 30 сая төгрөг хожсон гэх охины баярлаж буй хэсэг гарна. Гэвч энэ хэсгийг @lauren гэх хаягтай youtube хэрэглэгчийн 2021 онд их сургуульд тэнцсэн захидал авч байх үеийн бичлэгээс ашиглажээ.

Монголбанк гэх арилжааны гүйлгээ хийх зориулалттай аппликейшн байхгүй. Түүнчлэн Монголбанкны Олон нийтийн боловчрол, мэдээллийн төвийн “Төв банк юу хийдэг вэ?” гарын авлагад “Аливаа улс оронд Төв банк юу хийх ёстойг хуулиар тусгайлан зааж өгдөг. Монголбанкны үндсэн зорилтыг Төв банкны тухай хуулийн 4-р зүйлд дараах байдлаар томъёолсон байна. Үүнд:

1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.

2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монголбанк нь нэн тэргүүнд инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалахын төлөө зорьж ажиллах ёстой. Энэхүү зорилготойгоо нийцтэйгээр Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоог мөн тогтвортой байлгах үүргийг хүлээдэг гэж ойлгож болох юм” гэсэн байна. 

Иймд Монголбанк нь хувь харилцагчийн данс руу мөнгө шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэггүй байна.

Татахыг санал болгосон тоглоомын мэдээлэл хангалтгүй байна

Cleopatra’s Gold тоглоомын Google Play Store дээр байршуулсан мэдээллээс харахад 2022 оны 10 дугаар сарын 28-нд шинэчилсэн, 50 мянга гаруй удаа татагдсан байх ба 112 хэрэглэгч үнэлгээ өгснөөс 3.8 буюу сул үнэлгээ авчээ. 

Мөн тоглоомыг татах, тоглох үед хувийн мэдээлэл, дансны нууцлал зэргээ алдаж болзошгүй тул хуурамч эвлүүлгээр сурталчилгаагаа хийсэн энэ мэт тоглоомоос зайлсхийгээрэй.

Нэмэлт мэдээлэл

Онлайн мөрийтэй тоглоомын залилан дараах байдлаар иргэдийг залилдаг.

Сүүлийн үед цахим хэрэглэгчдэд тоглоом тоглож мөнгөтэй болох агуулгатай хуурамч мэдээллээр төөрөгдүүлж, хувийн мэдээллүүдийг авч фишинг хийх, хожсон мэт ойлгуулж, мөнгөө авахыг санал болгон дансны мэдээллийг авах зэрээр хохироож бана. Үүнээс гадна онлайнаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйг ашиглан, хохироосоор байна. Цахим залилангийн төрлүүдэд холбоотой дээрх мэдээллийг хүргэхээс гадна өөрийн хүслээр онлайн мөрийтэй тоглож хохирогсдод зориулж АНУ-ын Incognia цахим оновчлолын платформын вэбсайтад байршуулсан мэдээллийг хүргэж байна. 

“Цахимаар мөрийтэй тоглох үед анх төсөөлснөөсөө их хэмжээний мөнгө үрдэг. Хэдийгээр бооцоонд тавьсан мөнгөө алдсан байлаа ч нэгэнт хийгдсэн гүйлгээг банк буцаах боломжгүй тул мөнгөө алдсан тохиолдолд хохирол барагдуулахад хүндрэлтэй.

Мөрийтэй тоглож буй бусад тоглогч нар өөр, өөр газруудад байгаа мэт харагддаг ч үнэндээ зохион байгуулагчдын захиалгаар хоорондоо хуйвалдаж шинэ тоглогчдын мөнгийг залилдаг. 

Мөнгө хожлоо хэмээн худал мэдээлж хэрэглэгч картын мэдээллээ оруулах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авдаг. Картын мэдээллээ алдсан тохиолдолд мөнгө хүлээн авах боломжгүй болох ба олон хэрэглэгч тоглогч хохирсон дүнгээ зэрэг нэхэмжлэх үед банкнаас тухайн данстай харилцах гүйлгээг хааж тухайн банкаар дамжуулан тоглож буй бүх тоглогчийн мөнгийг царцаадаг” гэсэн байна.

Бусдыг цахим залиланд өртөхөөс сэргийлж энэ төрлийн мэдээллийг репорт хийж заншаарай.

Хялбар аргаар мөнгө олгоно гэх мэдээллүүд нь цахим залилангийн шинжтэй байх тул та бүхэн ижил төрлийн мэдээллүүд гарч ирсэн тохиолдолд бидэнд илгээгээрэй. Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт заавартай танилцах боломжтой. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document