Таксины жолооч саятан болжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

 “Eco Avocado” нэртэй пэйжид MNB телевизийн нэвтрүүлэгчийн дүрс, мөн “Таксины Жолооч Ажинай Шахихутаг саятан болжээ. Тэрээр анх Instagram хуудсаас тоглоомыг хараад 3500 төгрөг байршуулж тоглож эхлэхээр шийдсэн. Одоо тэрээр хувийн бизнесээ нээж, байшин худалдаж авахаар төлөвлөж байна” гэх мэтээр ярьснаар дуу оруулсан бичлэгийг постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 356 реакц, 115 сэтгэгдэл авч, 23 удаа цааш хуваалцсан байна. 

Баримт шалгалтын үр дүн

Уг сурталчилгааны эх сурвалж тодорхойгүй, бичлэгт дүрслэгдсэн мэдээний хэсгийг эвлүүлж хуурамч мэдээлэл түгээсэн, санал болгосон тоглоомын мэдээлэл хангалтгүй зэрэг нь хуурамч гэж үзэх нэг үндэслэл юм.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #364

2022.12.23 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 22-нд “Eco Avocado” нэртэй пэйжид MNB телевизийн нэвтрүүлэгчийн дүрс, мөн “Таксины Жолооч Ажинай Шахихутаг саятан болжээ. Тэрээр анх Instagram хуудсаас тоглоомыг хараад 3500 төгрөг байршуулж тоглож эхлэхээр шийдсэн. Одоо тэрээр хувийн бизнесээ нээж, байшин худалдаж авахаар төлөвлөж байна” гэх мэтээр ярьснаар дуу оруулсан бичлэгийг постолсон нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 356 реакц, 115 сэтгэгдэл авч, 23 удаа цааш хуваалцсан байна.

Бичлэгт тоглоомыг тоглосноор мөнгө хожсон гэх иргэний зураглал, мөн банкны дансаараа мөнгөө шууд авах боломжтой гэх тайлбар гарч байна. Тухайн постод Magic Dragon тоглоомыг татах сонголт санал болгожээ.

FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хаяг, агуулгыг нягтлах

Бичлэгийг нийтэлсэн пэйжийг 2022 оны 11 дүгээр сарын 29-нд үүсгэсэн байна. Пэйжийн мэдээлэл хэсэгт ямар нэг хувийн мэдээлэл, сурталчилсан тоглоомтой холбоотой мэдээлэл байхгүй байна. Пэйж ангиллаар “Мэдээ болон вэбсайт” гэх тохиргоотой байх ба уг пэйж нь зар сурталчилгааг дамжуулдаг тохиргоотой байна. Уг сурталчилгааны эх сурвалж тодорхойгүй, холбогдох албан ёсны гэх мэдээлэл байхгүй байгаа нь хуурамч гэж үзэх нэг үндэслэл юм.

Бичлэгт дүрслэгдсэн мэдээний хэсэг #Эвлүүлэг

Бичлэгийн эхний хэсэгт нэвтрүүлэгч таксины жолооч мөнгө хожсон гэх агуулгыг дуу оруулан эвлүүлсэн ба бичлэгийн арын дэвсгэр хэсэгт “MNB – Тойм тайлбар” гэх гарчиг урсаж байна. MNB сувгийн албан ёсны Youtube хуудсанд байршуулсан “Тойм тайлбар” хөтөлбөрийн өмнөх дугааруудаас шүүж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 19-нд байршуулсан дугаарын хэсэг дүрслэгджээ. Тойм тайлбар хөтөлбөрийн тухайн дугаарын агуулгад таксины жолооч мөнгө хожсон гэх мэдээ байхгүй.

Мөнгө хожсон Ажинай Шахихутаг гэх таксины жолоочид ашигласан дүрсийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайлт хийхэд “Tulhuur Studio” нэртэй Youtube сувагт 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршуулсан “Хэн нэгэн иргэний хөрөг нэвтрүүлэг: Т.Даваасүрэн агсан [таксины жолооч]” гэх бичлэгийн 1:56-2:04 минутын хооронд байх дүрсийг ашигласан байна. Хожсон мөнгөөрөө байр болон машин худалдаж авах гэж байгаа гэх тайлбар хэсэгт “Туяа Review” пэйжийн 2021 оны 12 дугаар сарын 16-нд оруулсан “The Great Stone Hill Resort House хотхоны танилцуулга” бичлэгийн дүрсийг ашигласан байна.

Татахыг санал болгосон тоглоомын мэдээлэл хангалтгүй байна.

Magic Dragon тоглоомын Google Play Store дээр байршуулсан мэдээллээс харахад 2022 оны 12 дугаар сарын 14-нд шинэчилсэн, 10 мянга гаруй удаа татагдсан байх ба 28 хэрэглэгч үнэлгээ өгснөөс 3.6 буюу сул үнэлгээ авчээ. Тоглоомын зарчим, систем тодорхойгүй бөгөөд хэрэглэгчдээс ирсэн 2 сэтгэгдэл байгаа нь “Хог”, “Цаг үрсэн хэрэгцээгүй худал аппликейшн” гэсэн нь уг тоглоом найдваргүй, хэрэглэгчдэд үнэлэгдээгүй болохыг илэрхийлж байна. 

Мөн тоглоомыг татах, тоглох үед хувийн мэдээлэл, дансны нууцлал зэргээ алдаж болзошгүй тул хуурамч эвлүүлгээр сурталчилгаагаа хийсэн энэ мэт тоглоомоос зайлсхийгээрэй.

Нэмэлт мэдээлэл:

Онлайн мөрийтэй тоглоомын залилан дараах байдлаар иргэдийг залилдаг.

Сүүлийн үед цахим хэрэглэгчдэд тоглоом тоглож мөнгөтэй болох агуулгатай хуурамч мэдээллээр төөрөгдүүлж, хувийн мэдээллүүдийг авч фишинг хийх, хожсон мэт ойлгуулж, мөнгөө авахыг санал болгон дансны мэдээллийг авах зэрээр хохироож бана. Үүнээс гадна онлайнаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйг ашиглан, хохироосоор байна. Цахим залилангийн төрлүүдэд холбоотой дээрх мэдээллийг хүргэхээс гадна өөрийн хүслээр онлайн мөрийтэй тоглож хохирогсдод зориулж АНУ-ын Incognia цахим оновчлолын платформын вэбсайтад байршуулсан мэдээллийг хүргэж байна. 

“Цахимаар мөрийтэй тоглох үед анх төсөөлснөөсөө их хэмжээний мөнгө үрдэг. Хэдийгээр бооцоонд тавьсан мөнгөө алдсан байлаа ч нэгэнт хийгдсэн гүйлгээг банк буцаах боломжгүй тул мөнгөө алдсан тохиолдолд хохирол барагдуулахад хүндрэлтэй.

Мөрийтэй тоглож буй бусад тоглогч нар өөр, өөр газруудад байгаа мэт харагддаг ч үнэндээ зохион байгуулагчдын захиалгаар хоорондоо хуйвалдаж шинэ тоглогчдын мөнгийг залилдаг. 

Мөнгө хожлоо хэмээн худал мэдээлж хэрэглэгч картын мэдээллээ оруулах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авдаг. Картын мэдээллээ алдсан тохиолдолд мөнгө хүлээн авах боломжгүй болох ба олон хэрэглэгч тоглогч хохирсон дүнгээ зэрэг нэхэмжлэх үед банкнаас тухайн данстай харилцах гүйлгээг хааж тухайн банкаар дамжуулан тоглож буй бүх тоглогчийн мөнгийг царцаадаг” гэсэн байна.

Бусдыг цахим залиланд өртөхөөс сэргийлж энэ төрлийн мэдээллийг репорт хийж заншаарай.

Хялбар аргаар мөнгө олгоно гэх мэдээллүүд нь цахим залилангийн шинжтэй байх тул та бүхэн ижил төрлийн мэдээллүүд гарч ирсэн тохиолдолд бидэнд илгээгээрэй. Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт заавартай танилцах боломжтой. 

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document