Охиныг хоёр эмэгтэй хулгайлжээ гэх мэдээлэл #ХУДАЛ

Уг мэдээлэлтэй холбоотой ЦЕГ-аас охиныг олсон ба хулгайлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх мэдээлэл гарснаас хойш буюу 21-нээс хойш ч цахим хэрэглэгчид үргэлжлүүлэн цааш шэйрлэсээр байна.

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

 “Охиныг хоёр эмэгтэй хулгайлжээ” гэсэн гарчигтай постыг 2 зурагтай хамт оруулсан нь 12 дугаар сарын 21-ний байдлаар 1055 реакц, 165 сэтгэгдэл авч, 4.2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. 

Баримт шалгалтын үр дүн

Зар оруулсан нагац эгч Б.Саранцэцэг: Миний тавьсан зартай хамт яваад байсан тэр хулгайлагдсан, гар хуруу зүссэн тухай чаатыг манайхнаас хэн ч бичээгүй, тийм зүйлийг өөрийнхөө тавьсан зарын скрийншоттой хамт явж байхад нь л харлаа. Ээждээ мессеж бичсэн гэж байсан, тийм юм юу ч бичээгүй, мөн манай дүүг 10 дугаар анги гэсэн байсан нь худлаа. Цагдаа нар дүүг маань олж, хулгайлагдсан, хүч хэрэглэсэн байдал үүсээгүй гэдгийг хэлсэн.

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #363

2022.12.21 | Улаанбаатар хот, Монгол

2022 оны 12 дугаар сарын 19-нд “Daam.mn /social tv” нэртэй пэйжид “Охиныг хоёр эмэгтэй хулгайлжээ” гэсэн гарчигтай, “Өчигдөр гэрээсээ гараад дүү минь одоо болтол байдагүй. Ээжрүүгээ мсж бичсэн бн. Усанд орох гээд явж байхад  нь хоёр эмэгтэй сугадаад машинд суулгасан гэнэ. Өөрөө юу ч мэдэхгүй болсон гэнэ. Тэгээд сэртэл олон хүнтэй машинд явж байна, гарын цус гоожоод тогтохгүй байна гэж  бичээд утас нь тасарсан гэнэ. Даруй олоход  бидэнд туслаач 10 дугаар анги юм. Хөвсгөлийн сумаас ээж нь очиж байгаа. Айлын ганц охин таньж мэдэх хүнгүй бидэнд тус болооч

Эх сурвалж: УИХ-ын гишүүн асан Г.Уянга” гэсэн постыг 2 зурагтай хамт оруулсан нь 12 дугаар сарын 21-ний байдлаар 1055 реакц, 165 сэтгэгдэл авч, 4.2 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.

Уг мэдээлэлтэй холбоотой ЦЕГ-аас охиныг олсон ба хулгайлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэх мэдээлэл гарснаас хойш буюу 21-нд ч цахим хэрэглэгчид үргэлжлүүлэн цааш шэйрлэсээр байна.

FACT CHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

ЦЕГ-аас охиныг олсон, хулгайлагдсан байдал үүсээгүй гэв

2022 оны 12 дугаар сарын 21-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “СХД-ээс алга болсон гэх 15 настай охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Цахим орчинд тархаад буй мэдээлэл шиг хүнд хулгайлагдсан нөхцөл байдал үүсээгүй” гэв.

Зар оруулсан нагац эгчээс нь авсан тодруулга

Шалгаж буй мэдээлэлд зургаар оруулсан Badrah Sarantsetseg гэх хаягаас “Өчигдөр буюу 12 дугаар сарын 18-нд Баруун салаанаас гэрээсээ усанд орно гэж гараад одоог хүртэл ор сураггүй алга болчихлоо. Хар куртик, хар малгайтай, хар өмдтэй, богинохон үстэй дүүг минь олоход туслаач. Цааш нь шэйрлээд өгөөч, гуйж байна” гэсэн тайлбартай, охины зурагтай мэдээллийн дагуу хаягийн шинжилгээ хийлээ. Уг хаягаас Хөвсгөл аймгийн зарын группэд ажил, үйлчилгээний болон бараа зарах тухай зар оруулахдаа тавьсан холбоо барих дугаараас лавлаж, дээрх постны эзэнтэй холбогдох 8981… гэх дугаарыг авлаа.

12 дугаар сарын 22-нд Badrah Sarantsetseg гэх хаягийн эзэн буюу Б.Саранцэцэгтэй холбогдож дараах тодруулгыг авлаа.

Би Хөвсгөл аймагт амьдардаг, хайж байсан охины нагац эгч нь юм. 12 дугаар сарын 18-нд 15:00 цагийн үед гараад нэг хоног сураг чимээгүй алга болчихлоо гэхээр нь сандраад, арга буюу зургийг нь тавиад пост хийгээд үзье гэж шийдээд 12 дугаар сарын 19-ны 18:00 цагийн үед пост оруулсан. Ээж нь яаралтай хот руу явсан байсан юм. 

Удалгүй цагдаагаас утасдаад охиныг олдсоныг хэлж, постоо устга гэсэн. Одоо дүү маань зүгээр, ээжийнхээ хамт байгаа. 

Миний тавьсан зартай хамт яваад байсан тэр хулгайлагдсан, гар хуруу зүссэн тухай чаатыг манайхнаас хэн ч бичээгүй, тийм зүйлийг өөрийнхөө тавьсан зарын скрийншоттой хамт явж байхад нь л харлаа. Тэр чатны скрийншот зурагт ээждээ мессеж бичсэн гэж байсан, тийм юм юу ч бичээгүй. Мөн манай дүүг 10 дугаар анги гэсэн байсан нь худлаа. 

Цагдаа нар дүүг маань олж, хулгайлагдсан, хүч хэрэглэсэн байдал үүсээгүй гэдгийг хэлсэн. Яг юу болсныг нь би мэдэхгүй, ээж нь хотод байгаа, түүнд хэлсэн байх” гэсэн юм. Мөн ээж нь Юнителийн дугаартай байгаа ч утсаа авахгүй байна гэсэн юм.

Охин алга болсон тухай зарыг ашиглан хулгайлагдсан тухай мэдээлэл түгээсэн эх сурвалжийн талаар судалсан нь

Шалгаж буй мэдээллийн 2 дахь зураг болох “Өчигдөр гэрээсээ гараад дүү минь одоо болтол байдаггүй. Ээж рүүгээ мэссэж бичсэн байна. Усанд орох гэж явж байхад 2 эмэгтэй сугадаад машинд суулгасан гэнэ. Өөрөө юу ч мэдэхгүй болсон гэнэ. Тэгээд сэрсэн нь олон хүнтэй машинд явж байна, гарын цус гоожоод тогтохгүй байна гэж бичээп утас нь тасарсан гэнэ. Даруй олоход бидэнд туслаач. 10 дугаар анги юм. Хөвсгөлийн сумаас ээж нь очиж байгаа. Айлын ганц охин. Таньж мэдэх хүнгүй бидэнд тус болооч” гэсэн чаатыг явуулсан мэтээр ойлгогдох хаягийн нэр харагдахгүй ба нүүр зураг нь хар өнгийг сонгож, Монгол Улсын далбааг доод хэсэгтээ байрлуулсан байна. 

Мөн эх сурвалжаар дурдсан “УИХ-ын гишүүн Г.Уянга” гэх мэдээллийн дагуу түүний хөтөлдөг  “Uyanga Gantumur” хаягт шинжилгээ хийж үзэхэд дээрх агуулга, зураг бүхий постыг 12 дугаар сарын 19-ний 23:05 цагийн үед постолж, 15 мянга гаруй удаа шэйрлэгдсэний дараа буюу 12 дугаар сарын 21-ний 14:35 цагийн үед устгасан байна.

/Хэн юу постолсныг харах боломжтой түүлийн тусгай эрхээр хаягийн шинжилгээ хийж, “Uyanga Gantumur” нэртэй хэрэглэгчийн ID код болох 100044295133075-ийг авч, нарийвчилсан хайлтаар тогтоосон болно/

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #ЭхлээдБод #Think1st


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document