#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #362
2022.12.21 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 17-нд “365” нэртэй пэйжид “Талыг нь авч байвал дээдийн заяа тэх үү” гэсэн гарчигтай, TV9 телевизийн логотой “Төрийн байгууллагын ажилтан 1.9 сая буюу хамгийн их цалин авч байна” тайлбартай зураг оруулсан нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 1.4 мянган реакц, 577 сэтгэгдэл авч, 460 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK:
Шалгаж буй мэдээллийн эх сурвалж болгож ашигласан мэдээ ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийн эх сурвалжийг хайж үзэхэд TV9 сувгийн Facebook пэйжид 2022 оны 12 дугаар сарын 16-нд байршуулсан “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн хэсэг байна. Бичлэгийн 10:36 минутаас эхлэх мэдээнд “Төрийн байгууллагын ажилчдын дундаж цалин хамгийн их буюу 1.9 сая, Хоршоодын ажилтан хамгийн бага буюу 776 мянга” хэмээн мэдээлсэн нь үзэгчдийг төөрөгдүүлсэн байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны 11 дүгээр сарын танилцуулга хийсэн хэвлэлийн хурлаас бэлтгэсэн уг мэдээнд агуулгын алдаа гарсан байна.
Уг мэдээллийн хариуд Үндэсний статистикийн хороо 2022 оны 12 дугаар сарын 19-нд өөрсдийн Facebook пэйжээр дамжуулан залруулга гаргажээ. Залруулгад:
“2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн байгууллагын ажилтан 1.9 сая буюу хамгийн өндөр цалин авч байна” гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээжээ. Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулснаар, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг байна. Харин төрийн албан хаагчийн дундаж цалин 1.3 сая төгрөг байна. Үндэсний Статистикийн Хороо нь аливаа статистик мэдээллийн эх сурвалж, аргачлал, үр дүнг ташаа эсвэл гуйвуулж мэдээлэхгүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийттэй хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байх болно” гэсэн байна.
Улсын дундаж цалин 1.5 сая төгрөг байна
Үндэсний статистикийн хорооны 1212.mn сайтаас “Аж ахуйн нэгж байгууллагын ажиллагчдын САРЫН ДУНДАЖ ЦАЛИН” үзүүлэлтийг хариуцлагын хэлбэрээр ангилж үзэхэд 2022 оны III улирлын байдлаар ангилж харахад:
Улсын дундаж 1,573 мянга
- -Төрийн өмчит үйлдвэрийн газар 1,916 мянга
- -Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 1,178 мянга
- -Хувьцаат компани 1,814 мянга
- -Хязгаарлагдмал хариуцлагатай компани 1,705 мянга
- -Хоршоо 776,8 мянга
- -Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 1,680 мянга
- -Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 1,251 мянга
- -Төсөвт байгууллага 1,251 мянга
- -Төрийн бус байгууллага 1,265 мянган төгрөгийн дундаж цалинг тус, тус олгож байгааг үзүүлсэн байна.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st