#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #360
2022.12.19 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 12 дугаар сарын 14-нд Zaag.mn нэртэй пэйжид “…өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн тайлбартай zaag.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 12 дугаар сарын 19-ний байдлаар 472 реакц, 64 сэтгэгдэл авч, 428 удаа цааш түгээсэн байна.
Уг мэдээлэлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн зөвхөн 6 дахь хэсгийг онцлон оруулж, бусад хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох хөнгөлөлт буюу хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл, малчин гэх мэтээр зохицуулсныг дурдаагүй нь нийгмийн сэтгэл зүйг бухимдуулах, төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэх нөхцөл болж байна.
Шалгаж буй мэдээлэлд:
“4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх
6.Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн,
мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч,
мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэжээ.
Энэхүү мэдээллийн дор иргэд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг оруулаагүйд бухимдлаа илэрхийлсэн нь олонх байна. Тиймээс бүрэн бус мэдээллээс олон нийтийн сэтгэл зүйг хамгаалах зорилгын үүднээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох хөнгөлөлттэй нөхцлүүдийн талаарх бусад мэдээллийг хүргэж байна.
FACTCHECK: БИД ӨМГӨӨЛЛИЙН ФИДЕЛИТАС ПАРТНЕРС ХХН-ТЭЙ ХАМТРАН ДАРААХ БАЙДЛААР ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
Мэдээлэлд дурдсан 4 дүгээр зүйлд 6 дахь хэсгийг 2008 онд нэмж, 2021 онд шүүгчийг хамруулжээ
1994 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг батлахдаа 4 дүгээр зүйлд 6 дахь хэсэг байгаагүй. /Уг хуульд батлагдсан цагаас хойш 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна/
2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар 6 дахь хэсэг буюу урлагийн гоцлол дуучин, хөгжимчин, циркийн жүжигчин, амьтан сургагч, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтан зэргийг нэмсэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 15-нд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдаж, дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах үед 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгчийг нэмж оруулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3-д зааснаар
“1/ дээд шүүхийн шүүгчээр 35 нас хүрсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллсана иргэн,
2/ бусад шүүхийн шүүгчээр 25 нас хүрсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан иргэний томилж болно” гэснээс үзэхэд 50 наснаас өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байна.
Нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй бусад нөхцөл
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр авах эрх”-ийг зааж өгсөн. Үүнд,
20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан. Энэ насанд хүрсэн хүмүүсийн шимтгэл төлсөн жил нь хүрч байвал тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно.Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн байсныг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр холбогдох хуулиудад дараах байдлаар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан:
- даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх,
- тэтгэврийн насыг жилд 3 сараар үе шаттай нэмэгдүүлж 65 насанд хүргэх,
- хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг даатгуулагчийн тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй
Шалгаж буй мэдээлэлд дурдсанаас гадна тэтгэврийн насанд хүрээгүй ч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох боломжтой дараах нөхцөлүүдийг заасан байна.
- Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан, 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн эрэгтэй 10 жилд нь энэ нөхцөлд ажилласан бол 50 насандаа,
- Хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан, 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн эмэгтэй 7 жил 6 сараас доошгүй хугацаанд энэ нөхцөлд ажилласан бол 45 насандаа тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
- Тэгвэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй хугацаанд ажилласан эрэгтэй 55 наснаас, 10-аас доошгүй жил ажилласан эмэгтэй 50 наснаас тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэхдээ шимтгэл төлсөн хугацаа 20 жилээс дээш байх шаардлагыг хуульд оруулжээ.
Тайлбар: Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Үүнд:
- Газрын доорх нөхцөлд 22 төрлийн ажил мэргэжил
- Хөдөлмөрийн хортой нөхцөлд 31 төрлийн ажил мэргэжил
- Хөдөлмөрийн халуун нөхцөлд 6 төрлийн ажил мэргэжил
- Хөдөлмөрийн хүнд нөхцөлд 46 төрлийн ажил мэргэжил багтаажээ.
/Уг жагсаалтад орсон ажил мэргэжлийг эх сурвалж хэсэг дэх “МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ /2004.05.03/” гэснийг уншаарай/Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Тэтгэврийн насанд хүрээгүй ч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох боломжтой бусад нөхцөл
Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Малчин эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэхдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн, үүнээс эрэгтэй нь 15 жил, эмэгтэй нь 12 жил 6 сараас доошгүй малчнаар ажилласан бол дээрх хөнгөлөлтийг эдлэх эрхтэй гэжээ.
Цэргийн алба хаасны тэтгэвэр
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
- 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй
- 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй
- Байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил
- Байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st