Цагаан гаагаар жин тавьж цэр ховхолдог гэх мэдээлэл #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #355

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Та бүхэндээ мундаг ээжүүдийн дунд алдаршсан нэгэн аргыг танилцуулж байна. Хэрэглэх арга нь: Гурил болон зөгийн бал, цагаан гааг хольж цээжин хэсэгт жин тавьж бооно” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цэр нь амьсгалын замын гадаргууд үүсэх ба амьсгалаар дамжих төрөл бүрийн вирус, бактерийг шингээж уушги болон хоолойноос хоол боловсруулах замаар дамжин гадагшлах механизмтай ажилладаг. Тиймээс цагаан гаагаар жин тавьснаар ямар үр ашигтай нь огт тодорхойгүй, ажиллах зарчим нь ч боломжгүй байна” гэж дурджээ.

2022 оны 12 дугаар сарын 11-нд “Ontslog.COM” нэртэй пэйжид “Хүүхэд тань цэртэй ханиалгаад байна уу? Тэгвэл үүнийг ашиглаж цэрийг нь ховхолж, уушгийг нь цэвэрлээрэй” гэсэн гарчигтай Senbii.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар 59 реакц, 2 сэтгэгдэл авч, 324 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 27-нд анх оруулсан ба Facebook сүлжээнд 4 удаа дахин идэвхжүүлж, нийт 784 удаа хариу үйлдэл авсан байна.

Senbii.com домайн дээр байршсан мэдээ нь:

“Ээж аавуудын хамгийн их айдаг зүйл бол хүүхэд нь өвдөх. Харин хүйтний ам наашилж, утаа униар ихэссэнээр ханиад дэлгэрч байна. Үүнээс болж хүүхэд ханиалгаж, хатгаа авч, халуурах зэргээр өвдөж болно. Тэгвэл та заавал хүчтэй эм тариа хэрэглэлгүйгээр хүүхдийнхээ уушгинаас цэрийг нь гаргаж, ханиадыг намдаах боломжтой. Та бүхэндээ мундаг ээжүүдийн дунд алдаршсан нэгэн аргыг танилцуулж байна. Хэрэглэх арга нь: Гурил болон зөгийн бал, цагаан гааг хольж цээжин хэсэгт жин тавьж бооно” гэсэн байна.

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Олон улсын баримт шалгагчид уг мэдээллийг худал болохыг тогтоосон байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Австралийн AAP Factcheck төв 2021 оны 07 дугаар сарын 09-нд вэбсайтдаа дараах баримт шалгалтын тайланг байршуулжээ.

“Цахим сүлжээнд байршуулсан цагаан гаагаар цээжээ ороох нь цэр ховхолж, ханиалга намдаах үйлчилгээтэй гэх мэдээлэл Филиппин, Португал, АНУ-ын хэрэглэгчдийн хаягаар их түгэж байна.

Цагаан гаа нь олон талын эерэг нөлөөтэй ч энэхүү мэдээлэлд дурдсан шиг нөлөө байхгүйг мэргэжилтнүүд санууллаа. 2011 оны судалгаагаар цагаан гаа нь жинжерол, шогаол зэрэг үнэрт бодисууд агуулах ба антиоксидант, бактери болон харшлын эсрэг чанартай болохыг онцолжээ. Өрхийн анагаах ухаанд ч цагаан гааг ууж хэрэглэсэн тохиолдолд ханиалга намдааж, ханиаднаас сэргийлдэг гэх үндэслэлээр хэрэглэдэг. Шууд эерэг нөлөөтэйг баталсан баримт ховор ба тэдгээр нь ууж хэрэглэх тохиолдлыг л судалснаас биш арьсанд жин тавьж хэрэглэх талаар мэдээлэл байхгүй байна. WebMD сайтын ангаах ухааны нийтлэлийн редактор, хүүхдийн эмч Ханса Баргава нь “Уламжлалт анагаах ухаанд цагаан гааг гэдэс хямрах, дотор муухай оргих, сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед уухыг зөвлөсөн аргууд байдаг ч арьсанд жин тавьснаар эерэг үр нөлөөтэй гэх заалт байхгүй”-г дурджээ.

Амьсгалын замын өвчин судлалын Woolcock институтийн профессор Брайн Оливэртой утсаар холбогдож тодруулахад шалгаж буй мэдээлэлтэй холбоотой албан ёсны судалгаа, зөвлөмж байхгүй гэж хариулсан.

Баруун Австралийн их сургуулийн Амьсгалын замын анагаах ухааны институтийн эмч, зөвлөх профессор Юбэн Мүүдли бидэнд өгсөн хариултдаа “Амьсгалын замын өвчлөл нь янз бүрийн үүсгүүртэй, дотроо олон төрөл учраас арьсанд жин тавих арга нь нөлөөгүй. Цагаан гаанд буй ашигт бодисууд арьсанд нэвчин, цусанд шингэж, уушгинд очсоноор нөлөөгөө үзүүлж байвал үнэхээр гайхамшиг” болохыг хэлэв.

Шинэ Зеландын эм зүйч, доктор Шаун Холтоос бид тусламж хүссэн ба тэрээр цагаан гаагаар биеэ ороосноор уушгинд сайнаар нөлөөлөх ямар нэг нотлох баримт олж чадаагүй юм. Тэрээр “Уушгинд ашигтай нөлөө үзүүлэх хэмжээний цагаан гаа арьсаар дамжин, цусны эргэлтэд орно гэдэг эргэлзээтэй. Цагаан гааг ашиглах хүлээн зөвшөөрөгдсөн арга бол дотор муухайрах үед ууж хэрэглэх. The Cochrane сэтгүүлд ч дотор муухайрах үед ашиглах хэд, хэдэн судалгааны ажил байдаг ба бусад үед ашиглах аргууд анагаах ухааны үндэслэл хангалтгүй” гэж хариуллаа.

Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн АНУ-ын USA Today агентлагийн вэбсайтад 2021 оны 12 дугаар сарын 12-нд дараах тайланг нийтэлсэн байна.

“Ардын анагаах ухаан гэх нэрийдлээр их хэмжээний хуурамч мэдээлэл цахим сүлжээнд тархдаг. Тэдний нэг нь 12 дугаар сарын 08-нд нийтлэгдсэн “Цагаан гаагаар жин тавьснаар цэрийг нэг шөнийн дотор ховхолно” гэх мэдээлэл.

Стэнфордын их сургуулийн доктор Лаурэн Эггэрт уг мэдээллийг “Цагаан гааны ашигт нөлөөг хэт өндрөөр үнэлсэн” гэж тодорхойлов.

Хойд Каролинагийн их сургуулийн Марсико уушгины институтын захирал, доктор Ричард Бучер бидэнд ирүүлсэн и-мэйлдээ “Цэр нь амьсгалын замын гадаргууд үүсэх ба амьсгалаар дамжих төрөл бүрийн вирус, бактерийг шингээж уушги болон хоолойноос хоол боловсруулах замаар дамжин гадагшлах механизмтай ажилладаг. Тиймээс цагаан гаагаар жин тавьснаар ямар үр ашигтай нь огт тодорхойгүй, ажиллах зарчим нь ч боломжгүй байна” гэж дурджээ.

Cleveland Clinic төвийн амьсгалын эрхтэн тогтолцоо судлаач, доктор Жои Зэйн “Өвчний үед цэр үүсэх нь хэвийн үзэгдэл боловч их хэмжээгээр бүрэлдэх нь сөрөг нөлөөтэй. Амьсгалын замд тээглэж, уушгины үйл ажиллагааг алдуулах, астма сэдрээх магадлалтай. Зарим тохиолдолд хэт их цэр хуралдах нь нэмэлт өвчний үүсгүүр болдог. Цэр их хэмжээгээр байвал эмчид хандаж анагаах ухааны шалгарсан аргуудаар эмчлэх нь зүйтэй” хэмээн анхаарууллаа.

Йелийн их сургуулийн дархлааны систем болон харшил судлаач, доктор Гари Соффэр “Хоол боловсруулах замын өвчний шинж тэмдгүүдийн үед цагаан гаа сайнаар нөлөөлдөг ч цэр ховхлох үйлчилгээтэй гэдэг худал байх магадлал өндөр” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Эх сурвалж:
Австралийн AAP баримт шалгах төвийн тайлан
The Cochrane сэтгүүлийн вэбсайтад байршуулсан дүгнэлт
АНУ-ын USA Today агетлагийн баримт шалгалтын тайлан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document