2021 оны 10 дугаар сарын 21-нд narhan.me вэб сайт “Ийм учраас би өглөө бүрийг давстай ус ууж эхлүүлдэг болсон юм. Таныг ч бас үүнийг мэдэж аваасай гэж хүсэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл оруулсан. Тус мэдээлэлд өглөө бүр давстай ус уухын ач холбогдол нь бие дэх хортой бактерыг устгах, биеийг чийгшүүлэх, хоол боловсруулалтыг дэмжинэ, нойр хүргэхэд туслана, яс, арьсны эрүүл мэндийг дэмжинэ гэж тайлбарласан байна.
Уг мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны байдлаар Crowdtangel аппликейшнаар шалгаж үзэхэд 401 реакц, 3 коммент авч, 762 удаа цааш түгээгдээд байна. Үүнд, Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа, Сонирхолтой, Oyu Таныг уйдаахгүй зэрэг фэйсбүүк хуудсуудаар цааш түгээгдсэн байна.
Давс буюу натрийн хлорид (NaCI) биеийн шингэнийг зохицуулахад шаардлагатай байдаг ба хэт их хэрэглээ нь даралт ихсэгэх, зүрх судас, бөөрний өвний эрсдэлийг зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага давсны хэрэглээг өдөрт 5 граммаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг ба ихэнх хүн 9-12 грамыг өдөр тутамдаа хэрэглэдэг гэж мэдээлсэн байна.
Давстай усыг тогтмол уух нь дээр дурдсан эрүүл мэндийн ач холбогдолтой биш бөгөөд хэт их хэрэглээ нь сөрөг нөлөөтэй байх боломжтой юм.
Бид шалгаж буй мэдээлэлтэй холбоотой нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Давстай ус хоргүйжүүлэхгүй
AFP Fact Check-н мэдээлснээр давстай ус нь хоргүйжүүлэх буюу цус цэвэрлэх ямар нэг үйлчилгээгүй гэжээ. Тус мэдээлэлд Донггүкын их сургуулийн Илсан эмнэлгийн профессор О Сан Вү “Давстай ус уух эсвэл хэтэрхий их натри хэрэглэх нь эрүүл биш бөгөөд даралт ихсэх зэрэг төрөл бүрийн эрүүл мэндийн асуудал үүсгэж болно” гэж мэдэгдсэн байна.
Цаашлаад хүний бие нь хоргүйжүүлэх шингэн хэрэгггүй байдаг буюу элэг нь биеэс хор гадагшлуулах үйл явцад чухал үүрэгтэй байдаг гэдгийг Техас мужийн их сургуулийн Андерсоны нэрэмжит Хавдрын судалгааны төвийн вэб сайтад мэдээлжээ.
2. Давсны хэт их хэрэглээ нь ясны эрүүл мэнд, зүрх судас, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг
Хатан хааны Мэригийн нэрэмжит Лондонгийн их сургуулийн давсны хэрэглээний талаар анхааруулах зорилготой “Action on Salt” группын мэдээлснээр давсны хэрэглээ өндөр байх тусам ясны эрдэс багасдаг болохыг онцолсон байна. Учир нь давсны хэрэглээ өндөр болох үед бөөр давсыг шүүж чадахаа больж, хүний бие яснаас кальци аван тэнцвэр тогтоодог байна. Энэ үйл явцаас үүдэн яс сийрэгжих, ясны массын хэмжээ багасах зэрэг үр дагавартай байдаг аж.
Цаашлаад давсны хэт их хэрэглээ нь даралт, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үр дагавартай байдаг байна. 2015 онд Виллиам Фаркуар (William B. Farquhar) нарын “Journal of the American College of Cardiology” сэтгүүлд хэвлүүлсэн “Хоол тэжээлийн натри ба эрүүл мэнд: Зөвхөн даралт биш” (Dietary Sodium and Health: More Than Just Blood Pressure) гэсэн өгүүлэлд давсны хэт их хэрэглээ нь даралт нэмэгдүүлэхээс гадна зүрх, бөөр, тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох судалгаанууд байдгийг тайлбарласан байна.
Бидний шалгасан мэдээлэлд дурдсанаар арьс эрүүл болгох, биеийг чийгшүүлэх, хоол боловсруулалт, нойрыг дэмжихгүй ба эдгээр эрүүл мэндийн ач холбогдолтойг тогтоосон шинжлэх ухааны баримт, зөвлөмж байдаггүй байна.