2023 оны 01 дүгээр сарын 1-ээс хувь хүний дансны орлогоос 10%-ийн татвар авна гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 343

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“1 сарын 1-с хувь хүний дансны орлогоос 10% авна гн. Тэхээр иргэн 1 данснаас нөгөөрүүгээ шилжүүлэхэд 2 удаа татвар төлөх юмуу?! Энэ төр биднийг зүгээр өлбөрч үх гэж бгаа юмуу? Татварын дарамт хэрээс хэтэрлээ. Нөат, ндш, хаоат-т алуулж бхад давхар хувийн дансаараа алуулах юм уу?” гэсэн мэдээлэл түгээсэн байна

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээлэлд “Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй” гэдгийг албаны хүн хариулжээ.

📌2022 оны 12 дугаар сарын 6-нд “Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ” нэртэй хаягаас “Арай ч үгүй байлгүй дээ” гэсэн тайлбартай скрийн шотын зураг хуваалцсан байна. Уг зурагт “1 сарын 1-с хувь хүний дансны орлогоос 10% авна гн. Тэхээр иргэн 1 данснаас нөгөөрүүгээ шилжүүлэхэд 2 удаа татвар төлөх юмуу?! Энэ төр биднийг зүгээр өлбөрч үх гэж бгаа юмуу? Татварын дарамт хэрээс хэтэрлээ. Нөат, ндш, хаоат-т алуулж бхад давхар хувийн дансаараа алуулах юм уу?” гэсэн мэдээлэл байна. Уг постыг 51 реакц, 12 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 316 удаа цааш түгээсэн байна.

📌Уг мэдээллийг @aagii001 хаягтай Twitter хэрэглэгч 12 дугаар сарын 6-ны 09:05 цагт анх оруулаад жиргээгээ устгасан байна. Улмаар 09:34 цагт “12/5-ны 25 цаг мэдээ” тайлбартай, “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хэсгээс бичлэг хийж оруулсан байна. Уг мэдээг Facebook-т тус телевизийн “25 дугаар суваг телевиз / Channel 25 Television” пэйжээс хайж үзлээ.

📌12 дугаар сарын 5-ны “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос хийсэн хэвлэлийн хурлыг мэдээлэхдээ “Он гараад иргэдийн дансны орлогоос ч татвар авах болж байгааг цэвэр хулгай гэж харж байна” гэх өмнөтгөл үгтэйгээр бэлтгэжээ. Мөн мэдээлэл хийж буй “Хүн өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд ч татвар ногдуулах нь” гэж ярьсан байна.

1. Хуульд дансны гүйлгээнд татвар ногдохоор заагаагүй

📌2019 оны 03 дугаар сарын 22-нд баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт албан татвар ногдох орлогыг тодорхойлсон. Үүнд дараах төрлийн орлогод албан татвар ногдуулахаар заажээ.

📌“6.3.Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

  • – 6.3.1.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
  • – 6.3.2.үйл ажиллагааны орлого;
  • – 6.3.3.хөрөнгийн орлого;
  • – 6.3.4.хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
  • – 6.3.5.шууд бус орлого;
  • – 6.3.6.бусад орлого”
  • 👉Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ хуульд дансны гүйлгээнд албан татвар ногдуулахаар заагаагүй.

📌Мөн хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан ба 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус нэмэлт, өөрчлөлтөөр татвар ногдох орлогыг хөндөөгүй буюу дансны гүйлгээнд албан татвар ногдуулахгүй хэвээр байна.

2. Татварын ерөнхий газраас мэдээллийг үгүйсгэжээ

📌12 дугаар сарын 6-ны 15:25 цагт мэдээллийн gogo.mn сайтад “НЯГТЛАВ: Ирэх оноос хүний дансны орлогоос 10 хувь авна гэсэн нь ТАШАА” гарчигтай мэдээлэл оруулсан. Энд цахим орчинд түгэж буй дээрх мэдээлэлтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын Хэвлэлийн албанаас тодруулга авсан байна.

📌Уг мэдээлэлд “Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй” гэдгийг албаны хүн хариулжээ.

📌Мөн 12 дугаар сарын 6-нд “Монголын Татварын алба” нэртэй Татварын Ерөнхий Газрын албан ёсны пэйжид “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэн татвар ногдуулах орлогоо өөр үнэн зөв тодорхойлж, тайлагнан төлөх үүрэгтэй. Харин орлого олсон ч тайлагнаагүй бол тайлагнуулах, буруу тайлагнасан бол засуулах зэргээр татварын хуулийн хэрэгжүүлэх үүргийг Монголын татварын алба хүлээдэг” гэсэн тайлбартай, gogo.mn сайтад тодруулсан мэдээллийн линкийг хуваалцсан байна.

👉Нэмэлт мэдээлэл:

📌Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд албан татвар ногдуулах орлогын” шууд бус орлого” ба “бусад орлого”-д хамаарах төрлийг дараах байдлаар тодорхойлжээ.

11 дүгээр зүйл.Шууд бус орлого

  • 11.1.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна:
  • 11.1.1.үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;
  • 11.1.2.орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;
  • 11.1.3.үзвэр үйлчилгээний олговор;
  • 11.1.4.ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;
  • 11.1.5.ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
  • 11.1.6.арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
  • 11.1.7.ажил олгогчийн төлсөн энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;
  • 11.1.8.гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;
  • 11.1.9.Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;
  • 11.1.10.эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;
  • 11.1.11.энэ хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5, 11.1.6, 11.1.7, 11.1.8, 11.1.9, 11.1.10-т заасантай адилтгах бусад орлого.

11.2.Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамруулахгүй:

  • 11.2.1.цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;
  • 11.2.2.амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;
  • 11.2.3.орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
  • 11.2.4.эрүүл мэндийн байгууллагад төлсөн эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг;
  • 11.2.5.ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал;
  • 11.2.6.хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн зардал;
  • 11.2.7.хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамж.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан шууд бус орлогыг ажил олгогчоос уг орлогыг олгохтой холбогдон гарсан зардлын дүнгээр тодорхойлно.

📌12 дугаар зүйл.Бусад орлого

  • 12.1.Энэ хуулийн 6.3.6-д заасан орлогод дараах орлогыг хамруулна:
  • 12.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • 12.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого;
  • 12.1.3.бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого.
  • 📌Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай” гээд:

“21.1.Энэ хуулийн 14 (Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого), 18 (Шууд бус орлого) дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход,

  • – 0-120 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар,
  • – 120-180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар,
  • – 180 сая төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хууль
Gogo.mn сайт дээр тодруулга мэдээлэл авсан байдал
Татварын Ерөнхий Газрын албан ёсны пэйжид оруулсан байдал
25 цаг мэдээллийн хөтөлбөрөөр дансны гүйлгээнд 10 хувийн татвар ногдуулна гэж ярьсан мэдээлэл /28:12 дахь минутаас эхэлнэ/
Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос хийсэн хэвлэлийн хурлын мэдээлэл

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document