1. Олон улсын баримт шалгагчид энэхүү мэдээллийг шалгаж, олон жилийн өмнөх үр дүн багатай арга гэж үнэлжээ
IFCN Буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Africacheck Баримт шалгах төв 2022 оны 06 дугаар сарын 29-нд байцайны шүүстэй холбоотой баримт шалгалтыг вэбсайтдаа нийтэлсэн байна. Нийтлэлд: “Байцайны шүүс ходоодны шархыг эмчилнэ гэх мэдээлэл нь ихэвчлэн хуучирсан судалгааны ажлууд дээр үндэслэсэн байна. Хамгийн анх 1949 онд 13 өвчтөнийг хамруулан байцайны шүүс ходоодны шарханд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тогтоох туршилт хийжээ. Эрдэмтэд ходоод гэдэсний замыг мэдрэг болгох нөлөөтэй харшил үүсгэгч болох гистамины нөлөөт ходоодны шархны үед байцайны шүүс тустай байж болно гэж үзсэн байна. Үүнээс хойш 2014 онд эрдэмтэд байцайнд агуулагдах витамин U нь хөнгөн хэлбэрийн ходоодны шархны үед эдгэрлийг дэмжих үйлчилгээтэйг тогтоожээ. Гэвч энэ нь байцайны шүүс бүх ходоодны шарханд сайнаар нөлөөлж чадна гэсэн үг биш. Учир нь ходоодны шархыг ямар шалтгаанаар үүссэнээс нь хамааран эмчилгээг тохируулах шаардлагатай. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба бактерийн гаралтай ходоодны шарханд антибиотик, эмийн хэрэглээнээс үүдсэн ходоодны шарханд стеройдын бус бэлдмэл уухыг зөвлөдөг байна. Баримт шалгалтын дагуу Өмнөд Африкийн Витс Доналд Гордон эрүүл мэндийн төвийн Хоол боловсруулах замын эмгэг судлаач, доктор Кэй Карлсонтой холбогдоход “Байцайг ходоодны шарханд ашиглах эмчилгээ нь 1940-1950 оны үед байсан хоцрогдсон арга бөгөөд орчин цагийн эмтэй ижил үр дүнтэй биш. Мөн хүмүүст өдөрт хэт их тунгаар хэрэглүүлдэг байснаас болоод гэдэс дүүргэх, эвгүй мэдрэмж төрүүлэх гаж нөлөөтэй байсан. Харин ч одоо мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмийг хэрэглэж, дэглэмийг дагаснаар гаж нөлөө багатай ч үр дүнтэй эмчилгээ хүртэх боломжтой” гэж хариуллаа” гэсэн байна. Солонгосын эрдэмтдийн судалгааны ажлыг 2019 оны 06 сард “Шим тэжээл” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлжээ. Тайланд “Витамин U буюу ходоод гэдэсний өвчний үед ач тустай бодис нь: -Байцай -Брокколи -Цэцэгт байцай -Буржгар байцай зэрэгт агуулагдана” гэсэн байна. Нигерийн Dailytrust агентлагийн 2022 оны 10 дугаар сарын 30-нд вэбсайтдаа байршуулсан “Исгэсэн байцай ходоодны шарх эмчилдэг үү” нэртэй баримт шалгалтад: “Хоол боловсруулах замын эмгэг судлаач Прэшис Энягбэрүтэй холбогдон тодруулахад “Зөв хооллож, амьдралын зөв хэвшилтэй л болчиход ходоодны шархтай нийт өвчний 50 хувь нь өөрөөрөө эдгэх боломжтой байдаг. Гэвч ходоодны шархаа эдгээнэ гэж ямар нэг цуу ярианд итгэн бүтээгдэхүүн хэрэглээд, бусад хүчин зүйлсээ анхаарахгүй бол эдгэх боломжгүй. Харин нэгэнт өөрөөрөө эдгэх боломжгүй болсон хүнд шатны ходоодны шархтай хүмүүс үлдсэн амьдралаа эмчийн хяналтад, төрөл бүрийн эм ууж өнгөрөөхөөс өөр аргагүй. Хүнд хэлбэрт шилжсэн үед зовуурийг л намдаах хэрэгтэй. Байцай үнэхээр ходоодны шархыг эдгээнэ гэж итгэж байгаа бол хэрэглээд үзэхэд гэм хор байхгүй. Гэхдээ байцайны шүүсэнд найдаад бусад эмчилгээгээ тасалдуулж болохгүй” болохыг анхаарууллаа” гэсэн байна.
2. Нэмэлт мэдээлэл:
Баримт шалгах төвүүдийн тайланд дурдсанчлан та ходоодны шархтай бол юун түрүүнд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагах нь чухал. Их Британийн Улаан хоолой, хоол болоюсруулах замын хавдрын үеийн зөвлөмж вэбсайтад: “Ходоодны шархтай үед -Пробиотик -Исгэлэн хүнс -Брокколи -Жимсгэнүүд -Зөгийн бал -Оливын тос хэрэглэхэд тохиромжтой. Харин согтууруулах ундаа, тос ихтэй хүнс, хүчиллэг хүнс, боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй” гэсэн байна.