Таваас дээш жил тамхи татсан хүмүүст зориулсан уушги цэвэрлэх жор гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цагаан гаа, турмерик, саримс, бор элсэн чихэр орцуудаар таваас дээш жил тамхи татман хүний уушгийг цэвэрлэх боломжтой гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ямар нэгэн бүтээгдэхүүн ашиглаж, эсвэл дэглэм барьж уушги цэвэрлэнэ гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй.

2021 оны 11 дүгээр сарын 11-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Таваас дээш жил тамхи татсан хүмүүст зориулсан уушги цэвэрлэх жор” гэсэн гарчигтай Narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар 177 реакц, 3 сэтгэгдэл авч, 895 мянган удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 11-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Таваас дээш жил тамхи татсан хүмүүст зориулсан уушги цэвэрлэх жор” гэсэн гарчигтай Narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар 177 реакц, 3 сэтгэгдэл авч, 895 мянган удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 7,029 удаа хариу үйлдэл үзүүлсэн байна. Narhan.me домайн дээр байршсан мэдээ нь: “Тамхи татах нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ч, уушгинд хамгийн том дайсан нь болж, үйл ажиллагааг нь доголдуулж гэмтээдэг. Тиймээс тамхи тав болон түүнээс дээш жил татаж байгаа хүмүүс уушгиа заавал цэвэрлэх шаардлагатай. Эс бөгөөс уушгины хорт хавдартай ч болж мэдэх юм. Тэгвэл та бүхэндээ тав болон түүнээс дээш жил тамхи татсан хүмүүстээ зориулан, уушги цэвэрлэх жорыг хуваалцаж байна. Жорыг цагаан гаа, турмерик, саримс, бор элсэн чихэр ашиглан хийнэ” гэсэн байна.

1. Олон улсын баримт шалгагчид ямар нэг бүтээгдэхүүн ашиглаж уушги цэвэрлэхийг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзжээ

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Энэтхэг улсын Factly.in баримт шалгах төв 2022 оны 11 дүгээр сарын 08-нд баримт шалгалт хийжээ. Баримт шалгалтад: “Уушги цэвэрлэж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэх сироп Энэтхэг улсад ихээр борлуулагдаж эхэлсэн ба бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа байдал нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. АНУ-ын Охайо мужийн их сургуулийн уушги судлаач Жошуа Энглер WebMD сайтад өгсөн ярилцлагадаа “Цахим сүлжээнд уушгийг эрүүлжүүлж, цэвэрлэх үйлчилгээтэй гэсэн янз бүрийн бүтээгдэхүүн зарагдах нь ихэсжээ. Гэвч тэдгээрийн үйлчилгээ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй” гэж анхааруулсан байна. Нью-Йорк мужийн их сургуулийн эрдэмтэн Норман Эделмэн “Тамхи байнга татах нь уушгийг урт хугацаагаар гэмтээж архаг бронхит, цаашлаад уушгины архаг бөглөлт өвчин үүсгэдэг. Дээрх өвчнүүд нь уушгины цусны хий солилцох бичил уутанцруудыг устгана. Иймд архаг бронхитын үрэвсэл, шинж тэмдэг дарагдсан ч уушгинд учирсан бүтцийн гэмтэл эргэж хэвийн болохгүй” хэмээн анхааруулжээ” гэсэн байна. Энэтхэг улсын THIP.media баримт шалгах төв “Дэглэм ашиглан уушгийг цэвэрлэж болох уу” нэртэй баримт шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 17-нд вэбсайтдаа байршуулсан байна. Баримт шалгалтад: “Facebook сүлжээнд төрөл бүрийн ургамлын бүтээгдэхүүн, цай, хүнсний дэглэмтэй холбоотой бичлэг, мэдээлэл ихээр тархаж байна. Тодорхой дэглэм барих нь уушгины эрүүл мэндэд ач тустай байж болно. Гэхдээ тамхидалтаас үүдэлтэй гэмтлийг хэвийн болгох, уушгийг цэвэрлэх боломжгүй. Өдөрт хоол хүнсээр дамжуулан витамин С, витамин А, цайрыг хангалттай хэрэглэх нь зөвхөн уушгинд гэлтгүй бүх биед эерэг нөлөөтэй. Бид уушги судлаач, доктор Сартак Растогитай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тэрээр “Тамхидалтаас үүдэлтэй уушгинд үүссэн гэмтлийг буцаах боломжгүй. Ялангуяа урт хугацаанд тамхи татсан тохиолдолд хэчнээн эрүүл дэглэм барьсан ч уушгийг гэмтээсээр байдаг. Антиоксидант, витамин, эрдэс бодисыг өдөрт хангалттай хэмжээгээр хэрэглэж биеийн жинг эрүүл хэмжээнд байлгах нь уушгинд өөрийгөө нөхөн төлжүүлэх боломжийг олгож буй хамгийн сайн арга. Харин ямар нэг цай, бүтээгдэхүүн уугаад уушгиа цэвэрлэчихнэ гэдэг нь үлгэрт итгэхтэй адил” болохыг анхаарууллаа” гэсэн байна.

2. Өдөрт 1 ширхэг янжуур тамхи хэрэглэсэн ч хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Шалгаж буй мэдээлэлд дурдсан 5-аас дээш жил тамхи татах нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл нь бүрэн бус байна. Учир нь “Тамхийг хэрэглэж эхэлсэн цагаас үүсгэж болох эрсдэлийн хэмжээ нэмэгддэг тул өдөрт 1 ширхэг тамхи татдаг байсан ч огт татдаггүй хүнээс хавдрын эрсдэл өндөр” байхыг Их Британийн Хавдар судлалын төвийн зөвлөмжид тусгажээ. АНУ-ын Колумб мужийн их сургуулийн эрдэмтэд тамхи татах хэмжээ, татсан хугацаа зэрэг нь уушгинд хэр хэмжээний хохирол учруулахыг тодорхойлох судалгаа хийж, боловсруулсан үр дүнг 2020 оны 01 дүгээр сарын 01-нд The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн байна. Судалгаанд тамхи татдаггүй, тамхи бага татдаг, тамхи их хэмжээгээр татдаг гэсэн 3 бүлгийн нийт 25,352 оролцогчийг хамруулжээ. Үр дүнд нь “Өдөрт бага хэмжээгээр буюу дээд тал нь 5 ширхэг янжуур татдаг хүний уушги өдөрт их хэмжээгээр буюу 30 хүртэлх ширхэг янжуур татдаг хүнийхтэй адил хэмжээгээр гэмтэж байсан. Өдөрт 30 хүртэлх ширхэг тамхи татдаг хүний 9 сарын дотор алдах уушгины үйл ажиллагааны чадварыг өдөрт бага тунгаар татдаг хүн 1 жилийн дотор алддаг” гэж үзсэн байна.

3. Нэмэлт мэдээлэл:

“Уушги бол ямар нэг эм, бүтээгдэхүүний шаардлагагүйгээр тодорхой хэмжээнд өөрийгөө анагаадаг эрхтэн. Уушгийг янз бүрийн бохирдуулагчаар гэмтээлгүйгээр зохих хэмжээнд дасгал хөдөлгөөн хийхэд хангалттай. Уушгины эрүүл мэндээ дэмжихийн тулд: -Тамхинаас гарах ёстой. Тамхинаас гарах нь уушгины эрүүл мэндийг сайжруулах хамгийн түргэн бөгөөд шуурхай арга -Шим тэжээл, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, тэнцвэртэй хооллох -Өдөр тутам өөртөө тохируулан дасгал хийх -Утаа, агаарын бохирдлоос зайлсхийж, цэвэр агаарт гарах -Дотоод орчны бохирдлоос сэргийлж, цэвэрлэгээ сайн хийж, агаарыг сэлгэх” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document