2020 оны 01 дүгээр сарын 23-нд Байр нэртэй пэйжид “Яаралтай мэдээ: цааш нь түгээгээрэй. Орчуулга: Шинхуа эмнэлгийн Chong Ming салбарт өчигдөр шөнийн 2 цаг 23 минутанд 23 тооны хүн n7n9 вирусын халдвараар нас барсан байна. Насаар хамгийн том нь 25 тай, бага нь 1 настай, ICU гийн эмчийг тусгаарласан байгаа, энэ тухай ССТV 1 -ийн мэдээгээр гарсан. Энэ хугацаанд банана битгий идээрэй, ялангуяа NanHui 8424 сортын банана, NanHui-д одоогоор 13167 хүн халдвар авсан байна. Энэ мэдээллийг аваад ойр тойрныхоо хүмүүс, бусад группуудээр тараана уу. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө түгээнэ үү. Энэ бол химийн бордоо, түргэн боловсруулагч нэмсний хор уршиг, гэнэ банана болон урдаас ирсэн жимс хүнсний ногоо бүү ид. Харсан бол бусаддаа түгээ гэсэн мэдээ дөнгөж сая авлаа” гэх мэдээллийг маск зүүсэн иргэдийн зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 28-ны байдлаар 190 реакц, 44 сэтгэгдэл авч, 5.5 мянган удаа цааш түгээсэн байна. Хоёр жилийн өмнө нийтэлсэн уг мэдээг цахим хэрэглэгчид одоог хүртэл хуваалцсаар байна.
1. Ашигласан зураг нь мэдээний агуулгатай нийцээгүй
Google Reverse image search хэрэглүүр ашиглан хавсаргасан зургаар хайлт хийхэд 2020 оны 01 дүгээр сарын 03-нд Toronto Star агентлагийн вэбсайтад байршуулсан мэдээлэлд ашигласан зураг байна. Уг зураг нь коронавирусийн дэгдэлтийн эхэн үеийн зураг бөгөөд шувууны томуугийн дэгдэлттэй хамааралгүй зураг юм.
2. Уг худал мэдээлэл нь Хятадын цахим сүлжээнд 2017 онд тархсан цуу ярианаас гаралтай
ДЭМБ-ын вэбсайтын Өвчний тархцын мэдээнээс хайж үзэхэд n7n9 гэх вирус байхгүй байна. Мэдээллийн агуулгаар Baidu системээс хайхад H7N9 буюу шувууны томуугийн А хүрээний вирустэй холбоотой ижил агуулга бүхий мэдээллүүдийн илэрц байна. Уг мэдээлэл худал болохыг анхааруулж 2019 оны 04 дүгээр сарын 14-нд Хятадын Цахим хяналтын байгууллагын Хууль бус болон хортой мэдээллийн талаар гомдол хүлээж авах төвийн вэбсайтад тайлбар байршуулсан байна. Анхааруулгад: “Нанхуй 8424 гадилыг идсэнээр H7N9 вирус тусна, Чонмин эмнэлэгт 23 хүн H7N9 вирусээс болж нас барсан гэх худал мэдээлэл цахим орчинд түгээд байна. 04 дүгээр сарын 11-нд Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын хорооны Чонмин дүүрэг дэх салбараас дээрх мэдээлэл худал болохыг мэдээллээ. Шувууны вирус нь жимсээр дамжиж халдварлахгүй. Мэдээлэлд дурдсан 8424 сорт нь Нанхуй мужийн нийлүүлдэг тарвас бөгөөд ижил сортын гадил байхгүй. Иймд баримт, нотолгоогүй цуу ярианд итгэхгүй байхыг цагдаа нар анхаарууллаа. 2017 оноос хойш загас, бөөрөлзгөнө, усан үзэм, Нанхуй 8424 сортын тарвас зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өвчин тараагч мэтээр ярьсаар ирсэн байна. Энэ удаад ч мөн адил бүтээгдэхүүний нэрийг өөрчилсөн ч ижилхэн мэдээ түгжээ. Жимс идсэнээр шувууны томуу туссан гэх тохиолдол бүртгэгдээгүй” гэсэн байна. ДЭМБ-ын Номхон далайн бүсийн газрын Шувууны томуугийн долоо хоног тутмын мэдээний 2022 оны 11 дүгээр сарын 04-нд: “2013 оноос хойш Томуугийн А хүрээний H7N9 вирусээр 1,568 тохиолдол бүртгэгдэж, 616 хүн нас барсан. 2019 онд хамгийн сүүлийн тохиолдол илэрсэн ба одоог хүртэл H7N9 вирусийн хүнээс хүнд халдсан хэлбэр бүртгэгдээгүй байна” гэсэн байна.