2022 оны 10 дугаар сарын 21-нд “MyNews.mn” нэртэй пэйжид “ТАНЫ ТОГ ЦАХИЛГААНЫГ ТАСАЛСАН БАЙЦААГЧЫГ 300.000 ТӨГРӨГ ХҮРТЭЛ ТОРГОХ ЮМ БАЙНА ШҮҮ. Мах өмхийрсөн байвал иргэний хохиролыг барагдуулна. Шэйр хийж бусаддаа түгээ” гэсэн мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 28-ны байдлаар 654 реакц, 176 сэтгэгдэл үлдээж, 8,878 удаа цааш түгээжээ.
2022 оны 10 дугаар сарын 21-нд “MyNews.mn” нэртэй пэйжид “ТАНЫ ТОГ ЦАХИЛГААНЫГ ТАСАЛСАН БАЙЦААГЧЫГ 300.000 ТӨГРӨГ ХҮРТЭЛ ТОРГОХ ЮМ БАЙНА ШҮҮ. Мах өмхийрсөн байвал иргэний хохиролыг барагдуулна. Шэйр хийж бусаддаа түгээ” гэсэн мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 28-ны байдлаар 654 реакц, 176 сэтгэгдэл үлдээж, 8,878 удаа цааш түгээжээ.
1. Хуульд зааснаас БУСАД үндэслэлээр тог тасалсан байцаагчийг ₮300,000 төгрөгөөр торгоно
Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “Эрчим хүчний тухай хууль зөрчих” гэх хэсгийн 3-т “Хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Дээрхээс үзвэл: -хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, -хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол Эрчим хүчээр хангагчийг “гурван мянган нэгжтэй тэнцэх төгрөг” буюу 3 сая төгрөгөөр, байцаагч буюу иргэнийг “гурван зуун нэгжтэй тэнцэх төгрөг” буюу 300 мянган төгрөгөөр торгохоор заасан байна. Эрчим хүчний хангамжийг хязгаарлах ХУУЛЬД ЗААСАН ҮНДЭСЛЭЛ-д дараах нөхцөл шаардлага орно: ● эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй; ● эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан; ● тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн; ● хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан; ● байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн; ● хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй. /Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйл/ Эдгээр тохиолдлоос бусад үед эрчим хүчний хангамжийг дур мэдэн тасалсан бол байцаагчийг, эсвэл таслах шийдвэр гаргасан эрчим хүчээр хангагч байгууллагыг торгох юм байна. “Эрчим хүчээр хангагч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан байна. Дээрхээс үзвэл эрчим хүчээр хангагчийн ажилтан болон эрчим хүчний улсын байцаагчид хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдсон байна. Харин Эрчим хүчний тухай хуулийн 32-т зааснаас бусад үндэслэлээр хэрэглэгчийн тогийг тасалсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар хүн /тогны байцаагч/-ийг торгох үндэслэл болно.
2. Эрчим хүч хэрэглэсний төлбөр төлөх хугацаа өөр өөр байдаг
Хэрэглэгчид эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол эрчим хүчний хангамжийг түдгэлзүүлэх үндэслэл болж байна. Энэ хугацааг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээр зохицуулдаг. 2022 оны 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Дуудлагын төвийн 70047004 дугаараас дараах тодруулгыг авлаа. “Цахилгаан эрчим хүч хэрэглээний бичилтийг нэг дор хийх боломжгүй байдаг тул зургаан дүүрэг тус бүр 6 өөр циклээр хувааж бичдэг. Бичилт хийсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлсөн байх хэрэгтэй. Үүнээс хэтрүүлбэл хуульд заасан үндэслэлээр эрчим хүчний хангамжийг хязгаарлана. Хэрэв төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0.3 хувийн алданги нэмж бодогддог. Төлбөрийн системийн энэ бүх зохицуулалт автомат горимоор явдаг” гэсэн юм. Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20 -ны өдрийн А/203 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан эрчим хүчээр хангах гэрээ”-ний 4.5-д “Хэрэглэгч нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3% -ийн алданги төлнө” гэж заасан байна. Мөн уг гэрээний 4.9-д “Хэрэглэгч өөрийн тоолуур хэмжих хэрэгсэлд хангагчийн ажилтныг нэвтрүүлээгүй, заалт авах нөхцөлөөр хангаагүй бол тухайн сарын хэрэглээг сүүлийн 3 сарын хэрэглээний дунджаар тооцох ба 2 сар дараалан нэвтрүүлээгүй тохиолдолд хангагч талаас цахилгаан эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ” гэжээ. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага тус бүрийн онцлогоор цахилгаан эрчим хүч хэрэглэсний бичилт хийх болон төлбөр төлөх хугацаа харилцан адилгүй байна. Хэрэглэгч та Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнээсээ эдгээрийг харж болно.
3. Мах өмхийрсөн байвал иргэний хохирлыг барагдуулна гэх мэдээлэл ХУДАЛ
Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлд хохирол нөхөн төлөх талаар зохицуулсан бөгөөд дараах тохиолдолд хохирлыг нөхөн төлнө. Хуулийн 36.1-т “Хэрэглэгчийн аль нэгний буруутай үйлдлээр эрчим хүч тасалдсан бол буруутай тал нь хохирлыг нөхөн төлнө. Хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна” гэж заасан. Дээрх заалт нь хэрэглэгчид дундаас буруутай үйлдэл гаргасан нэг нь бусад хэрэглэгчийнхээ өмнө хариуцлага хүлээх, хохирол нөхөн төлөх агуулгатай тул Эрчим хүчээр хангагч болон эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн хохирол нөхөн төлөх хариуцлагад хамааралгүй байна. Хуулийн 36.2-т “энэ хуулийн 29.1.6-д заасан үйл ажиллагаа явуулах үед эрчим хүчээр хангагч нь хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Эрчим хүчээр хангагч нь … дараахь эрх, үүрэгтэй” гээд, 29.1.6-д “эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ажил, үүргийн шаардлагаар хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, энэ зорилгоор орон байранд нэвтрэх” гэж заасан. Энэ нь эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан эрчим хүчний тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх, эсхүл хэрэглэгчийн орон байранд нэвтрэх үедээ хэрэглэгчид хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх агуулгатай байх тул хуульд зааснаар эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсний /тог тасалсан/ улмаас хэрэглэгчид учирсан хохирол /жишээ нь: өмхийрсан махны үнэ төлөх/ төлнө гэсэн заалт биш юм. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 36.3-т “Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг эрчим хүчээр хангагч хариуцахгүй” гэж заасан.