2022 оны 11 дүгээр сарын 8-нд Bayarsaikhan Altangerel нэртэй хэрэглэгчийн хаягаар “Пивоны Нууцыг тайлжээ Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ” гэх мэдээллийг газрын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 18-ны байдлаар 616 реакц, 427 сэтгэгдэл авч, 2.6 мянган удаа цааш түгээсэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 8-нд Bayarsaikhan Altangerel нэртэй хэрэглэгчийн хаягаар “Пивоны Нууцыг тайлжээ Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ” гэх мэдээллийг газрын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 18-ны байдлаар 616 реакц, 427 сэтгэгдэл авч, 2.6 мянган удаа цааш түгээсэн байна. Уг пост нь: “Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ. Мюнхений институт пивог судлан үзсэний үндсэнд нэг литр шүүгээгүй пиво нэг литр сүүнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна. Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн пивог “Hefe Weizen” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пивог уусан хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ. Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ. Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны үрэвслийн үед хамгийн ашигтай. Пиво нь бие махбодоос хөнгөнцагааны давсыг ялгаруулж гаргадаг. үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ. Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бүлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй. Пивотой маск, тос нь үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нүүрэндээ түрхээд үзээрэй. үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү. Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш єндєр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна. Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана. Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво түрхэж болно. Хэрвээ пивог үсэндээ түрхээд хэсэг хугацаанд байлгавал үс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг. Чехүүд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна. Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.хөгширөөд байна гээд байдаг улсууд цагаанаа чинь ихдээд байна гээд ойлгочих Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ. Пиво нь кока-кола, чихэртэй алимны шүүс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой” гэжээ.
1. XVIII, XIX зууны үед Европт эмийг пивоор даруулж уудаг байсан гэх мэдээлэл ҮНЭН
Britannica нэвтэрхий толийн вэбсайтад байршуулсан мэдээллээр “Өмнө үед согтууруулах ундааг төрөл, бүрийн зориулалтаар ашигладаг байжээ. Нэгдүгээрт, тэднийг шим тэжээлийн өндөр ач холбогдолтой гэж үздэг байсан Хоёрдугаарт, зарим өвчинд хэрэглэх боломжтой хамгийн үр дүнтэй бэлдмэл байжээ. Ихэвчлэн өвчин намдаах зорилгоор дарс эсвэл шар айргийг хэрэглэдэг байсан ба өвчтөний зовуурийг багасгадаг байсан” гэсэн байна. Түүх, археологийн Ancient Origins цахим порталд байршуулсан мэдээлэлд “Европт XV зуунаас эхлэн эмийн үйлчилгээтэй уусмал бэлтгэх үед спиртийг суурь болгон ашигладаг байсан. Гэвч XVIII зууны үеэс эхлэн согтууруулах ундааны хэрэглээ хэрээс хэтэрч, нийгэмд ядуурал, гэмт хэрэг зэрэг үзэгдэл ихсэж байсан тул 1725 онд Их Британийн Эзэн хааны коллежийн эмч нар спиртийг эсэргүүцжээ. XIX зуун гэхэд Британи даяар архитай тэмцэх хөдөлгөөн хүчээ авсан” гэсэн байна. АНУ-ын Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, архидалттай тэмцэх төвийн зөвлөмжид “Зарим эмийг уух үедээ согтууруулах ундаа хэрэглэх нь дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, сульдах, ухаан алдах зэрэг гаж нөлөө тэмдэг илрэх аюултай. Дотуур цус алдах, амьсгал давчдах, зүрхний үйл ажиллагаа муудах зэрэг эрсдэл ч үүсэж болзошгүй. Таны уусан эмийн үйлчилгээг сулруулж, зарим бодисыг таны биед сөрөг нөлөөтэй болгон хувиргах ч боломжтой” болохыг дурджээ.
2. Шар айраг нь сүүнээс 10 дахин их ашигтай гэх мэдээлэл ХУДАЛ
Шалгаж буй мэдээлэлд Мюнхений институт гэж дурдсан байх ч Германы Мюнхен хотын ямар институт болох нь тодорхойгүй байна. Pubmed, The Lancet, Science Direct зэрэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл, цахим архивуудаас хайхад шалгаж буй баримттай агуулга тохирох илэрц байсангүй. 2016 оны 09 дүгээр сарын 16-нд үice медиа группийн вэбсайтад “Шар айраг сүүнээс илүү эрүүл мэндийн ач тустай юу?” гэх мэдээллийг байршуулжээ. Байршуулсан мэдээлэлд шар айраг сүүнээс илүү ач тустай гэх цуу яриа яагаад түгснийг тайлбарласан нь: “Амьтны эрхийг хамгаалах PETA олон улсын байгууллага ногоон хооллолтыг сурталчлах хачирхалтай кампанит ажлыг хэрэгжүүлээд байна. Тэд АНУ-ын шоу цэнгээн хамгийн их зохион байгуулдаг их сургууль болох Висконсин Мадисоны Их Сургуулийн автобусны буудлууд дээр “Шар айраг байгаа юу?” гэх сурталчилгааны хуудсыг байршуулжээ. Америкт иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүн сайн хэрэглэхийг уриалж “Сүү байгаа юу?” гэх уриа бүхий кампанит ажил хэрэгжүүлсэн нь олонд маш сайн танигдсан. Тэрхүү санааг өөрсдийн хэв маягт оруулан дахин ашиглаж буй аж. Тэдний сурталчилгаа үргэлжлэхдээ “Шар айраг нь сүүнээс илүү ашигтай нь албан ёсоор тодорхой болсон. Шар айраг нь ясыг бэхжүүлж, нас уртасгадаг бол сүү, сүүн бүтээгдэхүүн нь таргалалт, чихрийн шижин, хорт хавдар үүсгэдэг. Хариуцлагатай ууя: Сүү хэрэглэхээ зогсооё” гэсэн байна. Өөрсдийн сурталчилгааны талаар PETA-гийн дэд ерөнхийлөгч Трэйси Рэйман хэлэхдээ “Шар айраг хүртэл сүүнээс илүү ач тустай байна. Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь таны биед ач тустай бол сүү, сүүн бүтээгдэхүүн нь бидний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж, хэдэн тэрбум үхрийг зовоож байгаа” болохыг дурджээ” гэсэн байна.
3. Пиво уух нь нүдний өвдөг буюу нүдний идээт хавдраас сэргийлнэ гэх мэдээлэл ХУДАЛ
Германы Бетховен клиникийн вэбсайтад байршуулсан шар айргийн ашиг тусын тухай мэдээлэлд: “Шар айраг нь 30 гаруй микро шим тэжээл болон эрдэс бодис агуулдаг. Гэвч тэдгээр бодисыг авахыг хүсвэл үйлдвэрийн шар айраг биш улаан буудайн өсгөгчөөр исгэсэн шар айраг хэрэглэх нь зүйтэй. Уламжлалт аргаар нэрсэн шар айрагт витамин В5, витамин В3 зэргийг агуулах ба коллагеныг нөхөн төлжүүлнэ” гэсэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-нд Германы Мюнхений их сургуулийн Нүд судлалын тэнхимийн профессор Карл-Людвиг Шунфелдийн зөвлөмжийг Эрүүл мэндийн зөвлөгөө сэтгүүлийн вэбсайтад байршуулжээ. Мэдээлэлд: “Нүдний идээт үрэвсэл нь олон нийтийн хэрэглээнд “арвайн буудай гарах” нэршлээр хэвшсэн. Бактерийн нөлөөгөөр зовхины захын булчирхай үрэвсэж хавддаг. Шар идээ татаж, арвайн буудай шиг хэмжээтэй болтлоо томрох ба өвдөх, лугших шинж тэмдэг илэрнэ. Гараа дутуу угаах, биеийн дархлаа сулрах зэргээс шалтгаалан өвдөх эрсдэл нэмэгдэх тул бага насны хүүхдүүдэд тохиолдох нь нийтлэг. Бактерийн гаралтай үрэвсэл учраас урьдчилан сэргийлэхийн тулд гараа маш сайн угааж, нүдэндээ аль болох хүрэхгүй байх нь чухал” гэсэн байна. Мөн Германы Нүд судлалын мэргэжлийн зөвлөл нүдний идээт үрэвслийн тухай зөвлөмж боловсруулсан байх ба сэргийлэх, эмчлэх аргуудад шар айргийг огт дурдаагүй байна. Тиймээс шар айраг ууснаар нүдэнд өвдөг гарахгүй, “германчуудын нүдэн дээр өвдөг гардаггүй” гэж дүгнэх боломжгүй юм.
4. Японы судлаачид шар айраг байнга хэрэглэснээр хорт хавдрын эрсдэл буурдагийг нотолсон гэх мэдээлэл ХУДАЛ
Японы Канто Росаи эмнэлэг, Токиогийн их сургууль болон АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэд хамтран боловсруулсан судалгааны тайлангийн товч мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 07-нд Cancer+ сэтгүүлд байршуулсан байна. Мэдээлэлд: “2019 оны 12 дугаар сарын 09-нд Токиогийн их сургууль согтууруулах ундааны тогтмол хэрэглээ болон хавдрын эрсдэл хоорондын хамаарлыг тогтоох судалгааны ажлын үр дүнг зарлажээ. Судалгааны олонлогийг нас, хүйс, анх хавдраар өвдсөн хугацаа зэрэг хүчин зүйлсийг тэнцвэртэй байхаар сонгож, 63,232 хорт хавдрын тохиолдол, 63,232 хоргүй хавдрын тохиолдлыг тус тус шинжилсэн байна. 10 жилийн турш өдөр болгон бага тунгаар согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн хавдар тусах магадлал эрүүл бүлгээс дунджаар 1.05 дахин их байжээ. Бага тун гэдгийг өдөрт 180 мл дарс, 500 мл шар айраг, 60 мл вискиний аль нэгийг уухаар тооцсон байна. Хавдрын төрлөөс хамаарч зарим хавдрын үүсэх магадлал илүү их байсанд улаанхоолойн хавдар 1.45, мөгөөрсөн хоолойн хавдар 1.22, умайн хүзүүний хавдар 1.12 дахин их байжээ” гэсэн байна
5. Ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг, ходоодны үрэвслийн үед ач тустай гэх мэдээлэл ХУДАЛ
Германы эрдэмтдийн боловсруулсан тайланг Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд 1993 онд байршуулжээ. Тайланд: “Нийт эзлэхүүний 5 хувиас бага хэмжээтэй этилийн спирт агуулсан шингэн нь ходоодны хүчлийн ялгарлыг нэмэгдүүлдэг. Харин этилийн спиртийн тун өндөр байх тусмаа ходоодны хүчлийн ялгаралтад саад болдог байна. Спиртийн агууламж бага дарс, шар айраг зэрэг нь гастрин дааврыг идэвхжүүлж, ходоодны хүчил их хэмжээгээр ялгарахад нөлөөлнө. Ялангуяа шар айраг ходоодны хүчлийг хамгийн хүчтэй өдөөх үйлчилгээтэй. Тиймээс шар айраг болон дарсны хоол боловсруулах замын төрөл бүлийн эмгэг үүсгэх магадлалыг цаашид судлах шаардлагатай” гэсэн байна. Их Британийн архидан согтууралтай тэмцэх Drinkaware аяны вэбсайтад байршуулсан зөвлөмжид “Согтууруулах ундаа хэрэглэснээр ходоодны хүчил улаан хоолой руу сөргөж цээж хорсоход хүргэнэ. Зарим согтууруулах ундаа ходоодны хүчлийн ялгарлыг нэмэгдүүлэх учраас ходоодны дотор ханыг түлж, үрэвсүүлж болзошгүй. Урт хугацаандаа ходоодны шархлаа үүсгэх боломжтой. Согтууруулах ундааны тогтмол хэрэглээ нь хүнс боловсруулах, витамин болон уураг, эрдэс бодисыг шингээх чадварыг сулруулна. Цаашлаад шим тэжээлийн дутагдалд ороход хүргэдэг” хэмээн тайлбарласан байна.
6. Зөвхөн шар айраг л биеэс хөнгөнцагааны давсыг ялгаруулж гаргах чадвартай гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Испанийн эрдэмтдийн өгүүллийг 2007 онд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад байршуулжээ. Уг өгүүлэлд: “Олон улсын эрдэмтэд хөнгөн цагаан нь Алцгеймерийн өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл гэж үзэж буй тул бид шар айргийн хэрэглээ хөнгөнцагааны хордлогоос сэргийлэх эсэхийг туршлаа. Шар айрагт агуулагдах цахиурын хүчил нь хөнгөн цагааны хоруу чанарыг бууруулдаг байх таамаглалыг дэвшүүлсэн уг судалгааны ажил 3 хоногийн турш үргэлжилсэн. Хөнгөнцагаанаар хордуулсан харханд шар айраг хэрэглүүлэхэд хоол боловсруулах замд хөнгөн цагаан бага шингэж, ялгадсаар түргэн гадагшилж байсан. Тиймээс зохих хэмжээнд шар айраг хэрэглэх нь хөнгөнцагаанаас биеийг хамгаалах нөлөөтэй гэж хэлж болохуйц байна” гэсэн байна. Гэвч хөнгөнцагааны биеэс гадагшлах явцыг дэмжихэд заавал шар айраг уух шаардлагагүй. Учир нь шар айрагт буй цахиур хөнгөнцагааныг гадагшлахыг хурдасгаж буй тул цахиураар баялаг рашаан ус өдөрт 1.5 литр хүртэлх хэмжээ нь хөнгөнцагааны хордлогын үед мөн адил тустай болохыг Их Британийн эрдэмтдийн 2013 онд Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурджээ.
7. Шар айраг түрхэх нь хөлс багасгах, арьс сэргээх, үсэнд тэжээл өгөх үйлчилгээтэй гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН
Forbes сэтгүүлийн вэбсайтад 2019 оны 05 дугаар сарын 29-нд нийтлүүлсэн шар айргаар алжаал тайлах төвийн тухай мэдээлэлд: “Зүүн Европт, ялангуяа Чехэд уламжлал болсон соёл болох шар айргаар дүүргэсэн онгоцонд хэвтэх үзэгдэл нь арьснаас хорт бодисыг гадагшлуулж, стрессээс ангижруулах үйлчилгээтэй гэж үздэг. Уг арга нь хий хоосон итгэл үнэмшилд тулгуурлаагүй бөгөөд Европын Арьс болон бэлгийн замаар халдварлах өвчин судлалын академийн сэтгүүлд шар айргийн арьсанд үзүүлэх эерэг нөлөөг онцолсон байна. Шар айргийн найрлагад орж буй зөрөг цэцэг нь бактери, үрэвсэл, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн ашигт нэгдэл агуулдаг” гэсэн байна. Чехийн Euro Beer Spa төвийн шар айргийн онгоц хэрхэн бэлдэх тухай зөвлөмжид “Шар айргийн онгоц биед нөлөөлөхийн тулд онгоцыг шүүгээгүй, түүхий, амьд шар айргаар дүүргэх ёстой. Шар айргаар алжаал тайлах ихэнх төв шар айргийн хаягдал хөрөнгө ашигладаг. Хаягдал буюу ашигласан хөрөнгө нь шим тэжээлээ алдах ба арьсанд сайнаар нөлөөлж чадахгүй. Хаягдал хөрөнгөнд байх зөрөг цэцэг нь хүний бие тэсвэрлэшгүй халуун температурт л ашигт нэгдлүүдээ ялгаруулах боломжтой. Үйлдвэрийн аргаар гаргаж авсан шар айргаар онгоцыг дүүргэх нь ч зохисгүй. Учир нь үйлдвэрлэлийн явцад хадгалах хугацааг уртасгах зорилгоор шар айраг аль хэдийнээ амьд хөрөнгөө алдаж, ач тусаа алдсан байдаг” гэсэн байна. Германы Бетховен клиникийн вэбсайтад байршуулсан шар айргийн тухай мэдээлэлд: “Уламжлалт аргаар нэрсэн амьд шар айраг нь арьсанд маш чухал нөлөөтэй “пантотены хүчил” буюу витамин В5 агуулдаг. Мөн “ниацин” буюу витамин В3 нь арьсыг хөгшрөхөөс сэргийлж, хэт ягаан туяанаас хамгаалах, коллагеныг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Зөрөг цэцэг нь төрөл бүрийн полимер нэгдлүүд болон танин, пектин, фенолт нэгдлүүд, эфирийн тос агуулна. Тийм учир амьд шар айргийг нүүрний маск, үсний ангижруулагч зэргээр ашиглах боломжтой. Эцэст нь та бүхэн шар айргийг ууж хэрэглэх бол хэмжээг нь тааруулах нь зүйтэй. Тун нь хэтэрвэл шар айргийн бусад ашигт нэгдлүүд спиртийн нөлөөгөөр идэвхгүй болох магадлалтай” гэсэн байна.
8. Ханиадыг пивоор эдгээж болно гэх мэдээлэл БҮРЭН_БУС
Германы Мюнхений технологийн их сургууль 2009 онд гүйлтийн спортын 277 тамирчныг хамруулсан туршилт хийжээ. Оролцогчдыг хоёр бүлэгт хуваан эхний бүлэгт спиртийн агууламжгүй, амьд шар айраг өдөр болгон уулгаж эрүүл мэндийн байдлыг нь шар айраг уулгаагүй бүлэгтэй харьцуулсан байна. Мюнхений марафоноос 3 долоо хоногийн өмнөөс эхэлж, 2 долоо хоногийн дараа буюу нийт 1 сарын турш үргэлжилсэн судалгааны үр дүнд спиртгүй, амьд шар айраг уух нь ханиад хүрэх эрсдэлийг 30 хувиар бууруулж, илүү хурдан эдгэрэхэд тусалдаг гэх дүгнэлтэд хүржээ. Судалгааны тайланг судалгааны төслийн вэбсайтад байршуулсан байна. Германы Фурстенбэрг шар айргийн брэндийн вэбсайтад байршуулсан шар айргийг халааж хэрэглэх тухай зөвлөмжид “Зөрөг цэцэг болон амуу соёолжийн шар айргийг халааснаар тайвшруулах, нойрсуулах үйлчилгээг нэмэгдүүлэх ба хэт халаавал найрлага дахь спирт ууршиж болзошгүй. Тиймээс буцалгахгүйгээр бүлээсгэж уух ба хэт гашуун байвал зөгийн бал хийж болно. Ханиадны үед дархлаа суларч спиртэд илүү мэдрэг болох магадлалтай. Тиймээс халаасан шар айргийг хэтрүүлэлгүйгээр, бусад шингэнээ ч бас уух хэрэгтэй. Хүүхэд болон жирэмсэн ээжүүд хэрэглэж болохгүй” гэсэн байна.
9. Шар айраг нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН
2022 оны 01 дүгээр сарын 25-нд Энэтхэгийн MAX эмнэлгийн сүлжээний вэбсайтад бөөрний чулуутай холбоотой зарим тайлбар, залруулгыг нийтэлжээ. Үүнд: “Шар айргийг урт хугацаагаар хэрэглэх нь шингэний дутагдал үүсгэх эрсдэлтэй. Биед шингэн дутагдсанаар бөөрний чулуу үүсэх магадлал ихэснэ. Шар айраг нь таргалалттай холбоотой. Илүүдэл жин ихсэх тусам бөөрний чулуу үүсэх эрсдэл дагаад нэмэгддэг. Шар айргийн найрлагад буй зарим бодис шээсний хүчлийн ялгарлыг идэвхжүүлснээс үүдэн биед шээсний хүчил хуримтлагдаж, бөөрний чулуу үүсэх эрсдэл ихэснэ. Шар айраг нь ойр, ойрхон шээлгэх үйлчилгээтэй. Шээсээр дамжин жижиг чулуу гадагшлах боломжтой ч шээс хүргэдэг цорын ганц шингэн нь шар айраг биш. Шээсний замд чулуу тээглэж шээс гадагшлуулах боломжгүй болсон бол шар айраг ууж хэрхэвч болохгүй. Шар айргийн нөлөөгөөр давсагт илүү их шээс хуримтлагдаж, өвдөлт нь нэмэгдэх эрсдэлтэй. Бөөрний чулууны ихэнхийг оксалатууд бүрдүүлдэг бол шар айраг нь оксалат үүсгэдэг. Бөөрний чулуу гадагшлуулна гэж их хэмжээгээр хэрэглэх нь элгийг гэмтээж болзошгүй тул нэг өвчнийг нөгөө өвчнөөр сольж буйгаас ялгаагүй” гэсэн байна. Чехийн Оломоуцийн их сургуулийн эмнэлгийн бөөрний чулууны тухай зөвлөмжид: “Шээлгэх нөлөө нь их хэдий ч шар айраг ууж бөөрний чулуутай тэмцэх нь буруу. Харин ч эсрэгээрээ шээсний хүчил хуримтлагдаж, талстажсанаар төрөл бүрийн шээсний замын үрэвсэл үүсгэх боломжтой” гэж дурдсан байна.
10. Шар айргийг тодорхой хэмжээгээр хэрэглэснээр урт наслах боломжтой гэх мэдээлэл БҮРЭН_БУС
Америкийн генетик судалгааны нийгэмлэгийн 2015 оны чуулгад Айовагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааг хэлэлцсэн байна. Тэд тамхи, согтууруулах ундаа хүний насжилтад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлжээ. Судалгааны үр дүнд “Их ч бай, бага ч бай тамхи татах нь насжилтыг бууруулдаг. Бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс хамгийн урт насалсан бол их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн насжилт эрс буурсан үзүүлэлттэй гарсан” гэсэн байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төв байгууллагын согтууруулах ундааг хэрэглэх зөвлөмжид бага буюу тохируулан хэрэглэнэ гэдэг нь “Өдөрт эрэгтэй хүн дээд тал нь 2 хундага, эмэгтэй хүн 1 хундага хэрэглэхийг хэлнэ. 1 хундага гэдэг нь 340 мл шар айраг, 140 мл дарс, 44 мл архи байна” гэж заажээ. АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн вэбсайтад бага хэмжээгээр согтууруулах ундаа тогтмол хэрэглэх нь ямар ач тус болон эрсдэлтэйг харьцуулсан нийтлэл байршуулжээ. Мэдээлэлд: “Тогтмол хэрэглэдэг байснаар эерэг нөлөө: Стресс буурна Зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл буурна Өндөр настай хүмүүсийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх Сөрөг нөлөө: Цус харвах магадлал ихэснэ Эмд тэсвэртэй болно Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл ихэснэ Ургийн гажигтай хүүхэд төрөх магадлалтай Урт хугацаанд хэрэглэхэд архинд донтох магадлалтай” гэсэн байна. Насжилт судлалын олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн Нидерландын эрдэмтдийн 2020 оны судалгаагаар ч өдөрт нийт спиртийн агууламж нь 15 хүртэлх грамм согтууруулах ундаа хэрэглэснээр урт наслах эерэг нөлөөтэйг тогтоожээ.
11. Пиво нь кока кола, чихэртэй алимны шүүс, жимсний ундаанаас бага калори агуулдаг гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН
АНУ Вашингтоны Шинжлэх ухааныг нийтэд таниулах төвийн вэбсайтад худалдаанд буй олон төрлийн шар айргийн дундаж калорийг тооцсон байна. Мэдээлэлд: “2-3 хувийн спиртийн бага агууламжтай шар айраг 350 мл тутамд 60 калори 4 хувийн спиртийн агууламжтай шар айраг 350 мл тутамд 80-100 калори 5 хувийн спиртийн агууламжтай шар айраг 350 мл тутамд 150 калори 7-11 хувийн буюу спиртийн өндөр агууламжтай шар айраг 350 мл тутамд 200-300 калори агуулна. Харин нэг лааз буюу 250 мл кола 140 мл калоритой байдаг. Шар айраг нь спиртийн агууламжаасаа хамаараад лааз коланаас 2 дахин их хүртэл хэмжээний их калоритой байх боломжтой” гэсэн байна. Хүнсний шим тэжээлийн үзүүлэлт тооцох Souper Sage платформ ашиглан шар айраг болон алимны шүүсний илчлэгийн үзүүлэлтийг гаргахад: “Алимны шүүс илүү их витамин В1 агуулдаг бол шар айраг илүү их витамин В3, В6, В9, В12 агуулдаг. Алимны шүүс 100 грамм тутамдаа 46 калори Шар айраг 100 грамм тутамдаа 43 калори” гэсэн байна. Гэвч өмнө дурдсанчлан шар айргийн спиртийн агууламжаас илчлэг хамаарах тул алимны шүүснээс бага калоритой гэж шууд дүгнэх боломжгүй юм.
3. Пиво уух нь нүдний өвдөг буюу нүдний идээт хавдраас сэргийлнэ гэх мэдээлэл ХУДАЛ
Германы Бетховен клиникийн вэбсайтад байршуулсан шар айргийн ашиг тусын тухай мэдээлэлд: “Шар айраг нь 30 гаруй микро шим тэжээл болон эрдэс бодис агуулдаг. Гэвч тэдгээр бодисыг авахыг хүсвэл үйлдвэрийн шар айраг биш улаан буудайн өсгөгчөөр исгэсэн шар айраг хэрэглэх нь зүйтэй. Уламжлалт аргаар нэрсэн шар айрагт витамин В5, витамин В3 зэргийг агуулах ба коллагеныг нөхөн төлжүүлнэ” гэсэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-нд Германы Мюнхений их сургуулийн Нүд судлалын тэнхимийн профессор Карл-Людвиг Шунфелдийн зөвлөмжийг Эрүүл мэндийн зөвлөгөө сэтгүүлийн вэбсайтад байршуулжээ. Мэдээлэлд: “Нүдний идээт үрэвсэл нь олон нийтийн хэрэглээнд “арвайн буудай гарах” нэршлээр хэвшсэн. Бактерийн нөлөөгөөр зовхины захын булчирхай үрэвсэж хавддаг. Шар идээ татаж, арвайн буудай шиг хэмжээтэй болтлоо томрох ба өвдөх, лугших шинж тэмдэг илэрнэ. Гараа дутуу угаах, биеийн дархлаа сулрах зэргээс шалтгаалан өвдөх эрсдэл нэмэгдэх тул бага насны хүүхдүүдэд тохиолдох нь нийтлэг. Бактерийн гаралтай үрэвсэл учраас урьдчилан сэргийлэхийн тулд гараа маш сайн угааж, нүдэндээ аль болох хүрэхгүй байх нь чухал” гэсэн байна. Мөн Германы Нүд судлалын мэргэжлийн зөвлөл нүдний идээт үрэвслийн тухай зөвлөмж боловсруулсан байх ба сэргийлэх, эмчлэх аргуудад шар айргийг огт дурдаагүй байна. Тиймээс шар айраг ууснаар нүдэнд өвдөг гарахгүй, “германчуудын нүдэн дээр өвдөг гардаггүй” гэж дүгнэх боломжгүй юм.