Хумсаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд хүүхдийн өвчлөлийг ихэсгэж байна гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хумсаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд хүүхдийн өвчлөлийг ихэсгэж байна гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр дээрх мэдээлэл нь хумсны будганд агуулагддаг химийн бодисуудыг онцлон хор уршгийг нь тайлбарласан ч алдаатай баримтууд ашигласан цаашлаад хумсны будгийн хор нөлөөг дэгсдүүлсэн агуулгыг түгээжээ.

2022 оны 10 дугаар сарын 20-нд манай пэйжийн чатботоор Eshley Eshley нэртэй хэрэглэгч дараах мэдээллийг шалгуулах хүсэлт илгээсэн юм. Уг мэдээлэл нь 09 дугаар сарын 25-нд “Жаргалтай гэр бүл” нэртэй пэйжид “Хумс хуруугаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд их олширч байгаа болохоор хүүхдүүдийн дунд хавдар болоод амьсгалын замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, үргүйдэл улам ихсэнэ” гэсэн эхлэлтэй хумсны будгийн хор нөлөөний талаарх мэдээллийг YouTube дэх бичлэгийн линк хавсаргасан байна.

2022 оны 10 дугаар сарын 20-нд манай пэйжийн чатботоор Eshley Eshley нэртэй хэрэглэгч дараах мэдээллийг шалгуулах хүсэлт илгээсэн юм. Уг мэдээлэл нь 09 дугаар сарын 25-нд “Жаргалтай гэр бүл” нэртэй пэйжид “Хумс хуруугаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд их олширч байгаа болохоор хүүхдүүдийн дунд хавдар болоод амьсгалын замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, үргүйдэл улам ихсэнэ” гэсэн эхлэлтэй хумсны будгийн хор нөлөөний талаарх мэдээллийг YouTube дэх бичлэгийн линк хавсаргасан байна. Тус мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар 608 реакц, 82 коммент өгч, 1700 гаруй удаа цааш түгээсэн байна. Постод хумсны будагт агуулагддаг гэх трифенилийн фосфат, фталат, толуол, формальдегид зэргийг олон төрлийн эрүүл мэндийн хүндрэл, өвчин үүсгэнэ гэж тайлбарлажээ. Тухайлбал, “24 эмэгтэйн хумсыг будаж, 6 цагийн дараа цусны шинжилгээ авахад “Трифенилийн фосфат” гэх хорт бодис илэрч, 10 цагийн дараа өмнөхөөсөө 7 дахин нэмэгдсэн. Энэ бодис нь дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлөөд зогсохгүй үргүйдлийг үүсгэдэг. Ялангуяа өсвөр насны охидод маш аюултай. Хумсны будагны брендүүдийн 98% нь энэ бодисын тухай найрлага дээрээ огт дурдаагүй байдаг тул эрүүл мэндээ хамгаалах боломжгүй” гэжээ. Мөн “Хуванцар эд анги үйлдвэрлэхэд ашигладаг “Фталат” гэх маш хүчтэй бодис хумсны будганд маш бага хэмжээгээр агуулагддаг боловч ууршиж, хумсаа будсан хүнд төдийгүй эргэн тойрныхонд хортой. Дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлж, астма, бронхит, хорт хавдар, үргүйдэл үүсгэнэ” гэжээ. Түүнчлэн “Бензин, шатахууны найрлагад байдаг “Толуол” гэх хорт бодисыг хумсны будгийг шингэлэх, хурдан хатаах зорилгоор хийдэг. Найрлага, үнэр нь мансууруулах нөлөөтэй, мэдрэлийн системд муугаар нөлөөлж, нүд болон арьсны хамгаалах давхаргыг гэмтээдэг” гэжээ. Цаашлаад “Хуванцар сав болон цавуу хийхэд ашигладаг “Формальдегид” буюу “шоргоолжны хүчил”-тэй удаан харьцвал, нүдний хараа, мэдрэлийн систем, бөөр, элэг гэх мэт дотор эрхтнүүдийг муутгадаг байна. Эмэгтэйчүүдэд үргүйдэл бий болгох, болон ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг. Формальдегид нь лосьон, шампунь, ангижруулагч, биеийн саван, хумсны будаг зэрэгт агуулагддаг боловч хамгийн хортой бодисын жагсаалтад нэлээн дээгүүр бичигддэг” гэжээ. “Үүнээс гадна хумсны будгийн брэндээс хамаарч янз бүрийн хорт бодис агуулагддаг. Хурдан хатдаг хумсны будаг нь жирийн будгийг бодвол хорт бодисын хэмжээ нь хавьгүй илүү байдаг. Нялхсын сул дорой эд эрхтэн дээр эдгээр хорт бодис маш амархан суурьшиж өвчлүүлнэ. Хумсаа будсан үедээ хумсаа мэрж болохгүй, мөн хоол хийж болохгүйг санаарай” гэх мэтээр бичжээ. Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан видео бичлэгт нь хумсны эрүүл байдлаа хэрхэн хадгалах, хумсаа будах, салоноор үйлчлүүлэхдээ анхаарах зөвлөмжүүдийг тайлбарласан байна. Тус бичлэгт тэрээр хумсны салонд ашигладаг хэт ягаан туяа нь хавдар үүсгэх эрсдэлтэй, арьсны хөгшрөх үйл явцыг хурдасгадаг тухай болон гелин хумс нь бактер үржих шалтгаан болдог зэргийг анхааруулсан байна.

Баримт шалгалтын хураангуй:

Хэдийгээр дээрх мэдээлэл нь хумсны будганд агуулагддаг химийн бодисуудыг онцлон хор уршгийг нь тайлбарласан ч АЛДААТАЙ БАРИМТУУД ашигласан цаашлаад хумсны будгийн хор нөлөөг ДЭГСДҮҮЛСЭН агуулгыг түгээжээ. Өөрөөр хэлбэл, хумсны будгийн хэрэглээг тохируулж, маникюрын үйлчилгээ үзүүлэгч нь аюулгүй байдлаа хангавал олон төрлийн өвчин үүсэх эрсдэл маш бага юм. Хэрэв ажлын нөхцөлөөс шалтгаалан тухайн бодисуудаас хүртэх, хордох тохиолдолд аюулгүй ажиллагааны зөвлөмжийг даган өртөх эрсдлээ бууруулах шаардлагатай. Хумсны салоны ажилчид эрүүл мэндийн эрсдэлтэй талаар хангалттай судалгаа байхгүй. 2019 оны Лэслиам Кюрос-Алкала (Lesliam Quiros-Alcala) нарын хумсны салоны ажилчид ашигладаг бүтээгдэхүүнээсээ хордон, эрүүл мэндийн хүндрэлтэй болдог эсэх талаарх өмнө нь хийсэн судалгаануудыг шүүн тоймлосон бөгөөд тус судалгаанд “салоны ажилчид нөхөн үржихүйн эрүүл мэндийн сөрөг нөлөөнд өртдөг талаар дүгнэхэд хангалттай судалгаа цуглаагүй байгаа” гэжээ. Ямар хэмжээгээр яаж хэрэглэхэд хэр их хортой талаар нарийвчлан тогтоогоогүй Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн вэб сайтын 2019 онд танилцуулсан мэдээлэлд хумсны будгийн бодисуудыг агаараар, арьсаар гэх мэтээр хүн биедээ шингээдэг нь тогтоогдсон ч чухам ямар замаар, ямар хэмжээнд шингээдэг, тэр хэмжээ нь эрүүл мэндийн сөрөг үр дагавартай байх зэрэг нь нарийн тогтоогдоогүй байгаа аж. Ээжүүд хумсаа будсанаар хүүхдийн хавдар үүсгэдэг гэх мэдээлэл батлагдаагүй Шалгаж буй мэдээлэлд хиймэл хумсны завсарт бактер үржих магадлалтай тул хоол хүнс бэлдэхдээ сайтар цэвэрлэж, хүнсний бээлий өмсөх шаардлагатайг дурджээ. Мөн хавсаргасан бичлэгт хумсаа будсанаар гэр бүлийнхнийхээ өвчлүүлэх тухай зөвлөсөн мэт ойлгуулахаар бичжээ. Уг бичлэгт Өмнөд Солонгосын “Сөүл нэг” дерматологийн клиникийн (서울원피부과) эмч Жо Гван Хюн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Үүнд, Гелин будгийг хурдан хатаахад хэрэглэдэг хэт ягаан туяа нь хавдар үүсгэх эрсдэлтэй, арьсны хөгшрөх үйл явцыг хурдасгадаг, Хумсны толионы өнгө хэвийн биш бол эмчид үзүүл, Хиймэл хумс наадаг бол бактери үржих эрсдэлтэй, Хумсны махыг авах нь буруу, Гэр бүлийн гишүүд дундаа нэг хумсны хутга хэрэглэхгүй байх, /халдвартай бол тараах магадлалтай/ Хумсаа байнга будахгүй, онцгой үед, эсвэл сэтгэлээ сэргээмээр санагдсан үедээ л хааяа будахыг зөвлөсөн байна. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад 2013 оны 04 дүгээр сард нийтэлсэн “Фталатын хордлого ба хүүхдийн эрүүл мэнд” судалгаанд “Хүүхэд тодорхой фталатуудаар өндөр хэмжээгээр, удаан хугацаанд амьсгалын замаар хүртвэл астма болон экзема зэрэг харшлын өвчин үүсгэх эрсдэлтэй. Фталатыг орчны тоосонцор болон хуванцар бүтээгдэхүүний хэрэглээнээс хүртэж болохоос гадна косметик бүтээгдэхүүнээс түүний нэг төрөл болох диэтилфталатийг хүртэх боломжтой”-г дурджээ. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хүүхдийн гараас хол байлгах нь зүйтэй.

Баримт шалгалтын дэлгэрэнгүй:

Бид нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан хумсны будгийн талаар дараах баримт шалгалтыг хийлээ.

1. Трифенилийн фосфат дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллага мэдэгдсэн, харин үргүйдэл үүсгэдэг талаар Европын холбоо, АНУ-ын мэргэжлийн агентлаг тайлан гаргаагүй байна

2000-аад оны эхэн үе хүртэл хумсны будгийн найрлагад дотоод шүүрлийн булчирхайны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй дибутилфталат (Dibutyl phthalate) зэрэг бодис өргөн ашигладаг байсан. Харин 2004 онд Европын Холбоо дибутилфталатийн найрлагатай хумсны будгийг хориглосон ба 2006 оноос АНУ-ын косметик үйлдвэрийн компаниуд “3-free” буюу дибутилфталат, формальдегид, тулуол гэсэн 3 бодисын найрлагагүй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн борлуулж эхэлсэн байна. Гэхдээ косметик үйлдвэрлэгчид дээрх бодисуудын оронд трифенилийн фосфат (triphenyl phosphate) ашиглаж эхэлсэн бөгөөд 2012-2015 оны хооронд үйлдвэрлэсэн хумсны будгийн найрлагад энэ бодис орсон байсан нь тогтоогдсоныг Анна Янг (Anna S. Young) нарын Харвардын их сургуулийн судлаачид мэдэгдсэн. Трифенилийн фосфат нь органофосфатын галд тэсвэртэй бодисын (organophosphate flame retardant буюу PFR) нэг төрөл бөгөөд энэ төрлийн зарим бодис дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг АНУ-ын Косметик найрлагын судалгааны байгууллага (Cosmetic Ingredients Review) мэдэгдсэн байна. Мөн тус бодис нь зарим амьтны үр хөврөлд сөргөөр нөлөөлсөн болон хүний эр бэлгийн эсийг буруулах эрсдэлтэй байдгийг тогтоосон судалгаа байгаа боловч Косметик найрлагын судалгааны байгууллага болон АНУ-ын Хүрээлэн орчныг хамгаалах агентлаг, Европын химийн агентлаг дээрх судалгаануудыг дүгнэсэн тайлан гаргаагүй байна.

“24 эмэгтэйн хумсыг будаж, цусны шинжилгээ авахад трифенилийн фосфат 7 дахин их илэрсэн” гэх мэдээлэл баримтын алдаатай ч төстэй үр дүн үзүүлсэн судалгаа байна

Бидний шалгаж буй постод эшилсэн судалгааг тодорхой дурдаагүй ба хумсны будаг дахь трифенилийн фосфатын нөлөөг судалсан төстэй агуулгатай судалгаа олсон. 2015 онд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад АНУ-ын Дюкийн их сургуулийн Эмма Менделсон (Emma Mendelsohn) нарын судлаачид 2013-2014 оны хооронд худалдаж авсан хумсны будгууд дахь трифенилийн фосфатыг хэмжсэн судалгааны ажлыг нийтэлсэн байна. “Хумсны будаг трифенилийн фосфатаар хордох эх сурвалж болох нь” (Nail Polish as a Source of Exposure to Triphenyl Phosphate) өгүүлэлд хумсны будаг хүний бие дэх трифенилийн фосфатын хэмжээг хэрхэн өөрчилдөг талаар судалснаа тайлбарлажээ. Уг судалгаанд 26 оролцогчийн хумсаа будахаас өмнөх ба дараах үеийн шээсний шинжилгээг харьцуулсан байна. Үр дүнд нь хумсаа будсанаас 10-14 цагийн дараа шээсэн дэх трифенилийн фосфатын хэмжээ 7 дахин нэмэгдсэн байсныг тогтоосон байна. /Энэхүү судалгааг одоогоос 8-9 жилийн өмнө үйлдвэрлэсэн хумсны будгуудыг ашиглан хийсэн болохыг анхаарна уу/

“Хумсны будгийн брэндүүдийн 98% нь энэ бодисын тухай найрлага дээрээ огт дурдаагүй байдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Өнөөгийн байдлаар хумсны будаг дахь фталат болон органофосфатын галд тэсвэртэй бодисуудын хамгийн өргөн хэмжээнд хийсэн судалгаа нь Харвардын их сургуулийн Анна Янг нарын судлаачдын 2018 оны “Хумсны будаг дахь фталат ба органофосфатын зөөлрүүлэгчүүд: Шошго болон найрлагыг шинжлэх нь” (Phthalate and Organophosphate Plasticizers in Nail Polish: Evaluation of Labels and Ingredients) судалгаа юм. Тус судалгаанд дурдсанаар нийт 12 брэндийн 40 төрлийн хумсны будгийг шинжилж үзэхэд 13 нь трифенилийн фосфатыг найрлагандаа дурдсан байсан бол найрлагадаа дурдаагүй үлдсэн 27 будгаас 12-т нь тус бодис илэрсэн байна. Энэ судалгаанд хамруулсан 40 төрлийн будгаас 32.5% буюу 13 нь найрлагаа ил тод мэдээлсэн ба үлдсэн 27 будгийн 12 нь буюу ойролцоогоор 55.6% нь найрлагадаа дурдаагүй ч трифенилийн фосфат илэрсэн байна. Тиймээс хумсны будаг худалдан авахдаа найрлагад “Phthalate”, “Triphenyl Phosphate” зэрэг бодис орсон эсэхийг шалгаж байгаарай.

2. Фталат нь дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлөх, астма, бронхит зэрэг амьсгалын замын өвчлөл үүсгэх эрсдэлтэй

Фталат нь пластик болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэгт ашигладаг химийн бодис бөгөөд хумсны будаг, сүрчигний найрлаганд ордог байна. Гэхдээ үүнийг хумсны будгийн найрлагад хүний биед сөрөг нөлөөлөхүйц хэмжээгээр хийсэн эсэх судалгаа байхгүй байна. Харин 2021 оны 05 дугаар сарын 18-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад байршуулсан судалгаанд “Хүний биеийн жингийн кг тутамд DEHP буюу Фталатын нэг төрлийг 4.8мг/кг хэмжээтэй хэрэглээнд ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй” гэжээ. Фталатууд нь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг доголдуулагч бодисуудын бүлэгт багтдаг бөгөөд амьд организмын дааврын тэнцвэртэй байдалд нөлөөлж, цаашлаад нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөг байна. 2019 онд Чинонсо Кристиан Одебату (Chinonso Christian Odebeatu) нарын “Environmental Science and Pollution” сэтгүүлд хэвлүүлсэн “Фталатууд ба насан хүрэгчид болон хүүхдүүд дэх астма: Үндэсний Эрүүл мэнд ба Шим тэжээлийн шинжилгээний судалгаа 2007–2012” (Phthalates and asthma in children and adults: US NHANES 2007–2012) судалгааг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад байршуулсан байна. Уг судалгаанд 2007-2012 оны хооронд АНУ-ын Үндэсний Эрүүл мэнд ба Шим тэжээлийн шинжилгээний судалгааг үндэслэн астмийн өвчлөл болон фталатын харилцааг судлан дүгнэснээр зарим төрлийн фталат астма үүсгэх эрсдэлтэй талаар дурджээ. Тодруулбал, моно-бензил фталат (MBzP) хүүхдүүдэд астма үүсгэхэд нөлөөлж байсан байна.

Фталат хавдар, үргүйдэл үүсгэх эрсдэлтэй

2021 онд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад Ге Лиу (Ge Liu) нарын “International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Бисфенол А, фталатууд ба хөхний хавдрын эсрдэлийн хамаарал: Мета анализ” (The Association of Bisphenol A and Phthalates with Risk of Breast Cancer: A Meta-Analysis) нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэлд тайлбарласнаар “хумсны будгийн найрлагад ордог моно-бензил фталат (MBzP) болон моно-2-изобутил фталат (MiBP) нь хөхний хавдарын эсрдэлтэй хамааралтай”-г тогтоосон. Мөн Ван Юуфэй (Wang Yufei) нарын 2021 онд “Healthcare” сэтгүүлд хэвлүүлсэн “Фталатууд ба тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” (Phthalates and Their Impacts on Human Health) өгүүлэлд “фталатаас шалтгаалан нөхөн үржихүйн даавар болон бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг” талаар тайлбарласан байна. Цаашлаад, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох нь бамбай булчирхайн хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Мөн фталатаас шалтгаалан дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэйг тус өгүүлэлд тоймлосон байна. Фталат нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар 2020 онд Хэнриэта Хлисникова (Henrieta Hlisníková) нарын судлаачдын “International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Нөхөн үржихүйн процесс болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд фталатуудын нөлөө ба үйлдлийн механизм: судалгааны тойм” (Effects and Mechanisms of Phthalates’ Action on Reproductive Processes and Reproductive Health: A Literature Review) өгүүлэлд тайлбарласан байна. Тус өгүүлэлд “фталатууд нь нөхөн үржихүйн эрүүл мэндээд сөргөөр нөлөөлдөг бөгөөд эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн тоо буурах зарим тохиолдолд үргүйдэлд хүргэх эрсдэлтэй байдаг” гэжээ. Эдгээр судалгааны ажилд дурдсан фталатын төрлүүд нь хумсны будгийн найрлагад илэрсэн байна. Гэхдээ ямар хэмжээний найрлагатай будгийг хэр хугацаанд хэрэглэхэд аюул учрах зэргийг нарийвчлан судлаагүй байна.

3. Хумсны будгийг шингэлэх, хурдан хатаах зорилготой толуолыг 50 хувь хүртэлх концентрацтай хэрэглэхэд аюулгүй

“Толуол” буюу онцгой үнэртэй, өнгөгүй шингэн бодис бөгөөд шатахууны октаны хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглаж, коксжих нүүрс гаргаж авах үед үйлдвэрлэдэг байна. Толуолыг будаг гаргаж авах, арьс шир будах, хэвлэл зэрэгт үйлдвэрлэлийн үйл явцад ашигладаг бөгөөд удаан хугацааны үйлдвэрлэлийн явцад ажилчид хордох боломжтой буюу толуолоос шалтгаалсан эрүүл мэндийн хүндрэлүүд үүсэх боломжтой байдаг байна. Түүнчлэн, толуол нь шатахууны үйлдвэрлэлд ашиглагддаг учир машин замын ойролцоох агаарт тархдаг ба тамхины утаан дахь толуол зэргээс шалтгаалан хүмүүс өдөр тутамдаа богино хугацаанд, бага хэмжээгээр амьсгалж байдаг байна. Харин косметик хэрэглээнд толуолыг хумсны будгийн найрлагад будгийн орцыг шингэлэх, будаг түрхсэний дараа хурдан хатдаг болгох зорилгоор ашигладаг байна. 1987 онд АНУ-ын Хор судлалын коллежийн сэтгүүлд (Journal of the American College of Toxicology) АНУ-ын косметикийн найрлагын аюулгүй байдлыг шалгадаг “Cosmetic Ingredients Review” байгууллагын хэвлүүлсэн толуолын аюулгүй байдлын тайланд “косметик хэрэглээнд 50 хувь хүртэлх концентрацтай толуолыг хэрэглэхэд аюулгүй” гэж үзсэн байна. Дараа нь, 2005 онд тус байгууллага толуолын аюулгүй байдлын талаарх судалгааг дахин хийж, аюулгүй гэж дүгнэсэн бөгөөд толуолын орцтой бүтээгдэхүүний тоо ихээхэн буурсныг онцолсон байна.

Ажлын нөхцлөөс хамаарс удаан хугацаагаар толуолоор амьсгалах нь мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг

АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн (CDC) Хорт бодис, өвчний бүртгэлийн агентлагийн мэдээлснээр ажлын нөхцөл байдлаас шалтгаалан удаан хугацаанд толуолоор амьсгалахад мэдрэлийн өвчний шинж тэмдэгүүд илрэх, сонсгол муудах, нүдний өнгө ялгах чадвар алдагдах болон хараа, сонсголын бусад хүндрэлийг үүсгэх боломжтой юм. Харин богино хугацааны хордлогоос шалтгаалан дотор муухайрах, толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна. Харин ажлын нөхцөлөөс шалтгаалан толуолыг арьсандаа хүргэсэн тохиолдолд арьсанд гэмтэл үүсэх боломжтой ба толуол нь арьсны өөхөн давхрагыг гэмтээх чадвартай байдаг байна.

4. Формальдегид удаан харьцвал нүдний хараа, мэдрэлийн систем, бөөр, элэг гэх мэт дотор эрхтнүүдийг муутгадаг, түүнчлэн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (Food and Drug Administration) вэб сайтад мэдээлснээр формальдегидыг хумсны будгийг хатууруулах зорилгоор ашигладаг ба формальдегид амьсгалын дээд замын хавдар болон цусны хавдар үүсгэх эрсдэлтэй талаар судалгаанууд байдаг байна. Түүнчлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын харъяа Олон Улсын Хавдарын судалгааны агентлаг формальдегидыг хавдар үүсгэх эрсдэлтэй гэж тогтоосон бөгөөд 2004 онд хориглосон. Цаашлаад, формальдегид нь элэг, бөөр, мэдрэлийн систем, нүдний хараанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учир ажлын орчинд ямар нэг байдлаар формальдегидтай харьцдаг тохиолдолд хөдөлмөр хамгааллын зөвлөмжийг дагахыг сануулдаг. Мөн 1987 оноос АНУ-ын Хүрээлэн орчныг хамгаалах агентлаг (EPA) нь формальдегидыг хавдар үүсгэх эрсдэлтэй гэж тогтоон, ялангуяа ажил болон гэрийн нөхцөлд формальдегидыг бага байлгахыг зөвлөсөн байна. Үүнд, хумсны салонд ажилладаг хүмүүс дээр дурдсан бодисууд буюу фталатууд, толуол болон формальдегид гэх мэтийг агуулдаг бүтээгдэхүүнтэй харьцах боломжтой учир салоны ажилчдыг хөдөлмөр хамгааллын зөвлөмжийг дагахыг сануулсан байдаг. Тодруулбал, дээрх бодисууд агуулагдаагүй бүтээгдэхүүн ашиглах, ажлын өрөөний агаарыг сэлгэдэг байх, хумсны будгийг арьс, нүдэндээ хүргэхгүй байх, маск, бээлий, нүдний шил гэх мэт хамгаалалтын хэрэгсэл зүүхийг зөвлөдөг байна. Амьсгалах, залгих, арьс, нүдэндээ хүргэх зэрэг хүртэх замаасаа хамааран формальдегидаас шалтгаалсан эрүүл мэндийн хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнд, мэдрэлийн систем, бөөр, элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх боломжтойг Канадын засгийн газрын Ажлын байрны эрүүл, аюулгүй байдлын төв мэдээлжээ.

Формальдегид нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үргүйдэл бий болгох, ургийн хөгжилд муугаар нөлөөлөх эрсдэлтэй

Формальдегид нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. АНУ-ын Халдварт өвчний хяналтын төвийн (CDC) вэб сайтад мэдээлснээр формальдегид нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэжээ. Үүнд, эрэгтэйчүүдийн бэлгийн эс, ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж цаашлаад үр зулбалтад хүргэх боломжтой байдаг байна. Тиймээс 2014 оны 12 дугаар сарын 16-нд Европын Холбооны Хэрэглэгчийн аюулгүй байдлын шинжлэх ухааны хороо /SCCS/-оос гаргасан “Хумсны хатууруулагчид формальдегид хэрэглэх аюулгүй байдлын талаархи санал бодол” зөвлөмжид “хумс хатууруулагчид 2.2%-ийн формальдегидын концентрацаас хэтрүүлэхгүй орцтой байх”-ыг шаарддаг.

5. Хумсны салонд ашигладаг хэт ягаан туяаны ламп нь хавдар үүсгэх эрсдэл маш бага

Хэт ягаан туяа нь арьсны коллагеныг гэмтээж, уян хатан чанарыг дордуулдах боломжтой ба маникюр удаан хугацаанд, тогтмол хийлгэх явцад хэт ягаан туяанаас шалтгаалан арьсны хөгшрөх үйл явц түргэсэх эрсдэлтэй байдаг байна. АНУ-ын Кливландын клиникийн эмч Мэлисcа Пилианг (Melissa Piliang) “Хэрвээ та 7 хоног бүр хумсаа янзлуулж, 10 минутын турш хэт ягаан туяаны лампанд гараа тавьдаг бол өөртөө санаа зовох хэрэгтэй. Харин жилд цөөн удаа хумсаа янзлуулдаг бол маш бага эрсдэлтэй” гэж мэдэгдсэн байна. Хэрвээ маникюр тогтмол хийлгэх шаардлагатай бол хэт ягаан туяаны ламп ашиглалгүй агаарт эсвэл сэнсээр хатаах нь хамгийн аюулгүй хувилбар байдгийг АНУ-ын Арьсны хавдрын сан зөвлөсөн байна. Түүнчлэн, хэт ягаан туяаны ламп дор гараа тавихаасаа өмнө гарандаа нарны тос түрхэх эсвэл хуруугаа гаргасан бээлий өмсөхийг зөвлөдөг байна. Мөн 2020 онд Челси Шварц (Chelsea T. Schwartz) нарын “The Journal of Clinical and Aesthetic Dermatology” сэтгүүлд хэвлүүлсэн “Хэт ягаан туяатай гелний маникюр: Залуу насанд хүрэгчдийн хумс ба гаранд арьсны хавдар үүсэх эрсдэлтэй юу?” (Ultraviolet Light Gel Manicures: Is There a Risk of Skin Cancer on the Hands and Nails of Young Adults?) өгүүлэлд дүгнэснээр хумсны салонд ашигладаг хэт ягаан туяаны аппарат нь хавдар үүсгэх эрсдэл маш бага буюу байхгүй гэжээ. Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн вэб сайтад мэдээлснээр хэрвээ өмнө дурдсан трифенилийн фосфат, фталатууд, формальдегид зэрэг бодисууд агуулаагүй будгуудыг хэрэглэхийг хүсвэл “3-free” будгуудыг сонгохыг зөвлөдөг байна. Цаашлаад, “7-free”, “10-free” зэрэг дээр дурдсанаас өөр хортой бодис агуулаагүй будгуудыг зарим компани борлуулдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. 2019 оны Лэслиам Кюрос-Алкала (Lesliam Quiros-Alcala) нарын судалгааны тойм www.link.springer.com
  3. Анна Янг (Anna S. Young) нарын “Хумсны будаг дахь фталат ба органофосфатын зөөлрүүлэгчүүд: Шошго болон найрлагыг шинжлэх нь” бүтээл 2018 он www./pubs.acs.org
  4. Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн вэб сайт дахь хумсны будаг ба эрүүл мэндийн талаарх мэдээлэл www.health.harvard.edu
  5. Эмма Менделсон“Хумсны будаг трифенилийн фосфатаар хордох эх сурвалж болох нь” (Nail Polish as a Source of Exposure to Triphenyl Phosphate) ncbi.nlm.nih.gov
  6. АНУ-ын Косметик найрлагын судалгааны байгууллагын трифенилийн фосфатын талаарх тайлан www.www.cir-safety.org
  7. АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг доголдуулагч бодисуудын жагсаалт www.niehs.nih.gov
  8. Чинонсо Кристиан Одебату “Фталатууд ба насан хүрэгчид болон хүүхдүүд дэх астма: Үндэсний Эрүүл мэнд ба Шим тэжээлийн шинжилгээний судалгаа 2007–2012” ncbi.nlm.nih.gov
  9. Ге Лиу “Бисфенол А, фталатууд ба хөхний хавдрын эсрдэлийн хамаарал: Мета анализ” ncbi.nlm.nih.gov
  10. Ван Юуфэй “Фталатууд ба тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” ncbi.nlm.nih.gov
  11. Хэнриэта Хлисникова “Нөхөн үржихүйн процесс болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд фталатуудын нөлөө ба үйлдлийн механизм: судалгааны тойм” www.ncbi.nlm.nih.gov
    1. АНУ-ын Хүрээлэн орчныг хамгаалах агентлагийн толуолын талаарх тайлан www.epa.gov

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document