1. Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгохыг хуулиар хориглосон
2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын 36 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам” гэж баталсан. Энэ журмын 6.4-д “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж байсан ч дэмжээгүй
2020 оны 11 дүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх албан бичиг хүргүүлсэн. Уг бичигт “200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр олгох хэрэгтэй” гэсэн санал тусгасан байв. Маргааш нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 08-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоол”-ын төсөл өргөн барьсан. Уг төсөлд “өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах”-аар заасан байсан. Уг тогтоолыг УИХ-аар эцэслэн батлаагүй бөгөөд, parliament.mn вэбсайтаас хайхад 404 кодтой алдаа зааж байна. /URL хаяг олдохгүй буюу устгасан, зарим тохиололд нуухыг хүссэн үед заадаг алдаа/
3. Төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж, цахим залилангийн хохирогч болохоос зайлсхийгээрэй
Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл” болон “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй. Мөн дээрх төрлийн зээлийн бүтээгдэхүүний талаар албан ёсны ямар ч сайтад байхгүй, эргээд холбоо барих хаяг, байршил, утасны дугааргүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан байгаа тул та бүхэн хялбар зээл авахыг хүсэж, хувийн мэдээлэл, дансны дугаараа өгөхөөс зайлсхийгээрэй.