Үйлдвэрлэгчид E 407 буюу каррагинан бодисыг асар их хэмжээгээр ашигладаг гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үйлдвэрлэгчид E 407 буюу каррагинан бодисыг асар их хэмжээгээр ашигладаг гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Стандарчиллын үндэсний зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 16-нд MNS CAC 192:2015-ыг баталсан. Энэ стандартад Европод хүлээн зөвшөөрөгддөг хүнсний аюулгүй байдлын E тэмдэглээт бодисуудтай ижил бодисууд орсон байдаг. Хүний биеийн үндсэн жинг харгалзан хоногийн зохист хэрэглээнд тааруулан хэрэглэх ёстойг хүнсний стандартад дурдсан байна.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд Zermaa Chuluunsuren нэртэй хэрэглэгч “E тэмдэглэгээтэй бүх хүнснээс татгалз. Жишээ нь E 407 л (каррагеен гэдэг) гэхэд хүнсийг өтгөрүүлэхэд ашигладаг химийн бодис бөгөөд зайрмаг, гурилан бүтээгдэхүүн, нялх хүүхдийн сүү, хүүхдийн хүнс, гадаадаас орж ирж байгаа бүх сүүн бүтээгдэхүүнүүдэд, кетчуп гэх мэтэд аcар ихээр орсон байдаг. Каррагеений дээд хязгаар гэж байдаггүй учраас, үйлдвэрлэгчид дуртай хэмжээгээрээ хийх эрхтэй. Каррагеен нь юун түрүүнд чихрийн өвчтэй болгодог” гэх мэдээллийг “Өгөөж чихэр боов” ХХК-аас үйлдвэрлэн гаргадаг хоёр төрлийн бүтээгдэхүүний зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 16-ны байдлаар 290 реакц, 31 сэтгэгдэл авч, 240 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд Zermaa Chuluunsuren нэртэй хэрэглэгч “E тэмдэглэгээтэй бүх хүнснээс татгалз. Жишээ нь E 407 л (каррагеен гэдэг) гэхэд хүнсийг өтгөрүүлэхэд ашигладаг химийн бодис бөгөөд зайрмаг, гурилан бүтээгдэхүүн, нялх хүүхдийн сүү, хүүхдийн хүнс, гадаадаас орж ирж байгаа бүх сүүн бүтээгдэхүүнүүдэд, кетчуп гэх мэтэд аcар ихээр орсон байдаг. Каррагеений дээд хязгаар гэж байдаггүй учраас, үйлдвэрлэгчид дуртай хэмжээгээрээ хийх эрхтэй. Каррагеен нь юун түрүүнд чихрийн өвчтэй болгодог” гэх мэдээллийг “Өгөөж чихэр боов” ХХК-аас үйлдвэрлэн гаргадаг хоёр төрлийн бүтээгдэхүүний зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 16-ны байдлаар 290 реакц, 31 сэтгэгдэл авч, 240 удаа цааш түгээсэн байна.

1. Хүнсний нэмэлт гэж юу вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вэбсайтад 2018 оны 01 дүгээр сарын 31-нд байршуулсан хүнсний нэмэлтийн тухай мэдээлэлд: “Хүнсний аюулгүй, шинэ, амтлаг байдлыг нэмэгдүүлж, бүтэц, үзэмжийг хадгалах зориулалтаар хүнсэнд ашигладаг бодисуудыг хүнсний нэмэлт гэж нэрлэнэ. Зарим хүнсний нэмэлт нь олон зууны туршид ашиглагдаж ирсэн. Жишээлбэл, төрөл бүрийн хатаасан маханд давсыг, амттанд элсэн чихэр зэргийг ашигладаг байжээ. Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дагаад олон төрлийн хүнсний нэмэлтийг шинээр ашигласаар ирсэн. Учир нь нийтийн хүнсний үйлдвэрлэлт нь ахуйн нөхцөлд бүтээгдэхүүн гаргаж авахаас ялгаатай. Боловсруулсан бүтээгдэхүүн хүргэлтийн явцад хэрэглэгчдийн гар дээр чанараа хадгалж ирэх ёстой. Хүнсний нэмэлтийг технологийн дагуу хэрэглэж, хэрэглэгчдэд ойлгомжтой, үйлдвэрийн зохист дадалд нийцсэн байх нь чухал. Хүнсний нэмэлтийг ургамал, мал амьтан, эрдэс бодисоос гадна лабораторийн нөхцөлд нийлэгжүүлж гаргаж авах боломжтой. Хүнсний нэмэлтийн тусгай зориулалт, тун хэмжээг зохицуулах үүднээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан зөвлөл ажилладаг” гэжээ.

2. Тодорхой тунгаар хэрэглэж болох аюулгүй шаардлагыг хангасан бодисыг Е тэмдэглэгээгээр тэмдэглэдэг

Өмнө дурдсанчлан хүнсний нэмэлтүүдийн хүнд нөлөөлөх аюулгүй байдлыг шалгаж, үнэлж, стандартыг тодорхойлох олон улсын байгууллагууд ажилладгийн нэг нь Европын хүнсний аюулгүй байдлын алба бөгөөд бүс нутгууд өөр, өөр байдлаар хүнсний нэмэлтийг кодчилон хэрэглэдэг. Е тэмдэглэгээт бодис нь хүнсэнд хэрэглэхэд аюулгүйг бататгах тоо болохыг Европын хүнсний аюулгүй байдлын албаны тайлбарт дурдсан байна. Монгол Улсын стандартад ч хүнсний нэмэлтийн жагсаалтыг баталж, үйлдвэрлэлийн технологид ашиглах журам бий бөгөөд Стандартчиллын үндэсний зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 16-нд Европын хүнсний аюулгүй байдлын Е тэмдэглэгээт бодисуудтай ижил жагсаалтыг баталсан. MNS CAC 192 : 2015 Хүнсний нэмэлтийн стандартад нийтлэг ашигладаг бодисууд орсон байна. Тиймээс хүнсний нэмэлт болгоноос татгалзах ёстой гэх мэдээлэл нь үндэслэлгүй юм. Гол нь хүний биеийн үндсэн жинг харгалзан хоногийн зохист хэрэглээнд тааруулан хэрэглэх ёстойг хүнсний стандартад дурдсан байна. Зарим хүнсний нэмэлтүүдийг танилцуулбал: E 100 – Куркумин E 101 – Витамин В1 Е 296 – Алимны хүчил Е 300 – Аскорбины хүчил Е 948 – Хүнсний хүчилтөрөгч зэргийг тэмдэглэдэг байна. Үүнээс гадна шалгаж буй мэдээлэлд хавсаргасан “Өгөөж чихэр боов” ХХК-ийн бүтээгдэхүүний найрлагыг харуулсан зураг дахь тэмдэглэгээнүүд нь дараах хүнсний нэмэлтүүдийг илэрхийлдэг байна. “Мөрөөдөл” жигнэмэг дэх хүнсний нэмэлтүүд: Е 202 – Мөөгөнцрийн эсрэг агент Е 407 – Каррагинан E 500 – Хүнсний сода “Blueberry pancake” дэх хүнсний нэмэлтүүд Е 260 – Цууны хүчил Е 440 – Пектинүүд буюу полисахарын эслэг Е 330 – Нимбэгний хүчил Е 331 – Нимбэгний хүчлийн 3 халагдсан давс Е 133 – Бриллиантан хөх хүнсний будаг Е 450 – Дифосфат буюу хөөлгөгч Е 170 – Нүүрсхүчлийн кальцийн давс Е 341 – Тогтворжуулагч Е 407 – Каррагинан Эдгээр нь бүгд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS CAC 192 : 2015 Хүнсний нэмэлтийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

3. Шалгаж буй мэдээлэлд дурдсан каррагинан бодис нь хүний биед аюулгүй

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Каррагинан бодисын тухай мэдээлэлд: “Каррагинаныг 1980 оны эхэн үе хүртэл зөвхөн нэг аргаар гаргаж авдаг байсан. Усан орчинд далайн замгаас каррагинан ялгаруулж, дараа нь далайн замгийг ялгаж авсан үлдэгдлийг ууршуулж хатааснаар каррагинан ялгаруулна. Гэвч уг арга нь хэт ярвигтай, өндөр өртөгтэй байсан тул далайн замгийг ус болон шүлтээр угааснаар үлдэгдэл уусмалыг хуурайшуулсны эцэст эслэг болон каррагинанын холимгийг хурааж авах аргыг хэрэглэдэг болсон. Каррагинаныг уусмалыг өтгөрүүлж гель гаргаж авах зорилгоор ашиглах ба усанд массын 0.5%, сүүнд массын 0.2%-тай тэнцэх хэмжээний каррагинан хийхэд гель гаргаж авах боломжтой. Дараах бүтээгдэхүүний боловсруулалтад каррагинаныг ашиглана: Сүү, сүүн бүтээгдэхүүн Усан суурьтай хүнсний бүтээгдэхүүн /цэлцэгнүүр гэх мэт/ Боловсруулсан мах Тэжээвэр амьтны хоол Шүдний оо” гэсэн байна. Европын Хүнсний аюулгүй байдлын албаны вэбсайтад байршуулсан Е 407 бодисын 2018 оны шинэчилсэн үнэлгээнд дурдсанаар: “Каррагинантай ижил аргаар гаргаж авдаг ч өөр бүтэцтэй, хүнсний зориулалтаар ашигладаггүй полигенан гэх бодис бий. Полигенан бодис нь хүний биед гаж нөлөөтэй ч каррагинан хүний биед хор нөлөө үзүүлэх эрсдэл маш бага. Амьтан дээр хийсэн туршилтаар биеийн жингийн килограмм тутамд 3.9 грамм тунгаар каррагинан хэрэглүүлэхэд гаж нөлөө илрээгүй, туршилтын хамгийн өндөр тун буюу килограмм тутамд 7.5 грамм тунгаар хэрэглүүлэхэд хорт хавдрын эрсдэл, гений өөрчлөлт үүсгээгүй. 79 төрөл, зүйлийн хүнсэнд хийсэн туршилтаар аюулгүй байдлыг шалгасан тул хор нөлөө бага гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хүний өдрийн каррагинаны хүлцэх хэмжээ килограмм тутамд 0.075 грамм байна. Каррагинаны тунг хүнс үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэлийн зохист дадалд тааруулан хэрэглэж болно” гэжээ. Шалгаж буй баримтад дурдсан бүтээгдэхүүнүүдэд каррагинаныг үйлдвэрлэлийн зохист дадалд тааруулан хэрэглэх бүрэн боломжтой хэдий ч Монгол Улсын стандартад нялх балчир хүүхдийн хоол тэжээлийн шаардлагад ашиглах тунг зааж өгсөн байна. 2020 оны 08 дугаар сарын 12-ноос мөрдөж эхэлсэн Нялх балчир хүүхдийн сүүн тэжээл болон эмчилгээний тусгай сүүн тэжээлд тавих шаардлагад “Каррагинан өтгөрүүлэгчийн 100 грамм бүтээгдэхүүн дэх хамгийн их хэмжээ нь ердийн шар буурцаг дээр суурилсан нялхсын сүүн тэжээлд 0.03 грамм, Гидролизжүүлсэн уураг/эсвэл амин хүчилд суурилсан шингэн сүүн тэжээлд 0.1 грамм” гэж заасан байна. Европын Хүнсний аюулгүй байдлын албаны вэбсайтад байршуулсан Е 407 бодисын 2018 оны шинэчилсэн үнэлгээнд дурдсанаар 2012 онд Чикагогийн их сургуулийн эрдэмтэд каррагинанийг хулганад хэрэглүүлж туршилт хийжээ. 6 хулганад өдөр тутам каррагинан хэрэглүүлэхэд инсулин боловсруулах чадвар хэвийн үеэс сул байсан үр дүн гарчээ. Тухайн үед үр дүнг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрөөгүй байна. Учир нь каррагинанаас болж инсулин боловсруулах чадвар хэвийн үеэс суларсан бус, “туршилтын үеэр хулганыг 18 цагийн турш хооллоогүйн улмаас инсулинд илүү мэдрэг болсон” гэж үзжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document