2022 оны 11 дүгээр сарын 11-нд “Алаг хорвоо” нэртэй пэйжид иргэний үнэмлэх сунгуулахтай холбоотой тулгарсан бэрхшээлийн тухай мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 15-ны байдлаар 1,558 реакц, 377 сэтгэгдэл авч, 564 удаа цааш түгээгджээ.
2022 оны 11 дүгээр сарын 11-нд “Алаг хорвоо” нэртэй пэйжид иргэний үнэмлэх сунгуулахтай холбоотой тулгарсан бэрхшээлийн тухай мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 15-ны байдлаар 1,558 реакц, 377 сэтгэгдэл авч, 564 удаа цааш түгээгджээ. Уг мэдээлэлд, “Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байхаар нь Улсын бүртгэлийн газарт очоод сунгуулах гэхээр банканд мөнгө тушаагаад ир гэх юм. Банк руу очоод мөнгөө тушаах гэхээр иргэний үнэмлэхийн хугацаа дууссан хүнд үйлчлэхгүй гэх юм. Уг нь дуусхаас нь өмнө нь сунгуулчий гэж бодоод очсон хугацаа нь дуусаагүй байна сунгахгүй гэсэн. Энэ одоо яана вэ” гэсэн байна.
1. УБЕГ-аас “банк үйлчлэх ёстой” гэв
2022 оны 11 дүгээр сарын 14-ний 16:47 цагт Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлах 1800-1890 дугаарын утсаар дараах мэдээллийг авлаа. “Банкууд хураамж тушаахад үйлчлэх ёстой. Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан буюу 25, 45 насанд шинэчлэх шаардлагатай болсон тохиолдолд 30 хоногийн дотор дахин авах хүсэлтээ өгнө. Ингэхдээ заавал өөрийн биеэр УБЕГ, эсвэл харъяа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ирж, биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээ уншуулах шаардлагатай. Энэ хугацаанд үнэмлэхийн хураамж төлөхөд асуудалгүй. Хэрэв 30 хоног хэтэрсэн бол дүүрэг бүрд байрлах хяналтын байцаагч хэтэрсэн хоногийг харгалзан торгууль ногдуулдаг. Харин 30 хоног дотроо хугацааг сунгуулах бол 18,300 төгрөг тушаадаг. eMongolia-ийн иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ бол хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн зэргээр торгууль хүлээх шалтгаантай нөхцөлд л хамаарах учраас торгууль, хураамж нийлээд 63,300 төгрөг төлбөрт тушаадаг. Тухайн иргэн 16, 25, 45 насанд иргэний үнэмлэх авах бол eMongolia-аас авахгүй, заавал өөрийн биеэр улсын бүртгэлийн газарт ирэх ёстой” гэсэн юм. Торгуулийн хэмжээг Зөрчлийн тухай хуульд заахдаа: Зөрчлийн тухай хуулийн 15.24-т Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг хуульчилж өгсөн. Үүнд: “1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
2. Банкуудын шаардлага ялгаатай байна
Хугацаа дууссан иргэний үнэмлэхийн хураамжийг банканд тушаах үед үйлчлэх эсэх асуудлаар системийн нөлөө бүхий таван банкаас тодрууллаа. 11 дүгээр сарын 14-ний 16:53 цагт Төрийн банкны 1800-1881 дугаарт залгаж дараах хариултыг авлаа. -Төрийн банкны аль ч салбараар иргэний үнэмлэх сунгуулах хураамж төлөхөд асуудалгүй. Харин бусад гүйлгээ хийхэд заавал иргэний үнэмлэх шаардана гэв. 11 дүгээр сарын 14-ний 16:56 цагт Хаан банкны 1800-1917 дугаарт залгаж дараах хариултыг авлаа. -Хүчинтэй хугацаа нь дууссан иргэний үнэмлэхээр үйлчлэх боломжгүй. Харин хүчинтэй хугацаа бүхий гадаад паспортоор үйлчилж болно. Иргэний үнэмлэхийн хураамжаа дүүргүүдэд байрлах үйлчилгээний автомат машинаар картнаасаа төлж болно. 11 дүгээр сарын 14-ний 16:59 цагт Худалдаа хөгжлийн банкны 1900-1977 дугаарт залгаж дараах хариултыг авлаа. -Дүнжингарав, Мишээл, 6 буудал зэрэгт байрлах Нэг цэгийн үйлчилгээний төв дэх салбаруудад иргэний үнэмлэхийн хураамжийг хугацаа дууссан үнэмлэхтэй эсэхээс үл хамааран төлөх боломжтой. Бусад салбарт хугацаа дууссан иргэний үнэмлэхээр үйлчлэхгүй. 11 дүгээр сарын 14-ний 17:03 цагт Голомт банкны 1800-1646 дугаарт залгаж дараах хариултыг авлаа. -Зөвхөн хүчинтэй хугацаатай иргэний үнэмлэх, гадаад паспортоор үйлчилнэ. 11 дүгээр сарын 15-ны 10:22 цагт Хас банкны 1800-1888 дугаарт залгаж дараах хариултыг авлаа. -Бэлнээр хураамжаа төлөх бол орлогын гүйлгээнд иргэний үнэмлэх шаардахгүй. Харин данснаас гүйлгээ хийх бол хүчинтэй хугацаатай иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг шаардана. Дээрх мэдээллийг багцалж үзэхэд: Банкуудад бэлэн мөнгөөр орлогын гүйлгээ хийх тохиолдолд иргэний үнэмлэх үзэх шаардлагагүй үйлчилдэг ба данснаас гүйлгээ хийх бол тухайн хүний данс мөн эсэхийг нягтлах үүднээс хүчинтэй иргэний үнэмлэх, гадаад паспортын аль нэгийг шаарддаг гэв.