Өдөрт 2 удаа 6 хумс саримс идэж илүүдэл жин хасна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өдөрт 2 удаа 6 хумс саримс идэх нь холестерины хэмжээг бууруулж, судсыг цэвэрлэж, илүүдэл жин хасна гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сармисны жин хасах нөлөө судалгаагаар батлагдаагүй ба цээж хорсдог, ходоод хямардаг, ходоодны хүчил ихэсдэг тохиолдолд нэг дор их хэмжээгээр идэх зохимжгүй.

2021 оны 11 дүгээр сарын 12-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Сармисийг ингэж ид, холестерины хэмжээг бууруулж, судсыг цэвэрлэж, илүүдэл жин хасна” гэсэн гарчигтай Narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар 514 реакц, 19 сэтгэгдэл авч, 1,100 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 12-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Сармисийг ингэж ид, холестерины хэмжээг бууруулж, судсыг цэвэрлэж, илүүдэл жин хасна” гэсэн гарчигтай Narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний байдлаар 514 реакц, 19 сэтгэгдэл авч, 1,100 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 1,913 удаа хариу үйлдэл үзүүлсэн байна. Narhan.me домайн дээр байршсан мэдээ нь: “Сармис бол байгалийн хүчтэй антибиотик юм. Сармис идсэнээс хойш 24 цагийн дараа ч гэсэн энэ нь бие махбодид идэвхтэй нөлөөлсөөр байна! Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь шимэгч хорхойг устгаж, хорт бодисоос ангижрахад тусалдаг тул дотоод эрхтнийг эдгээхэд хувь нэмэр оруулж, архаг хууч өвчнийг ч анагаахад тусалдаг. Сармисыг хайруулын тавган дээр шарах эсвэл зууханд жигнэх нь ашигтай байдаг. Ингэж бэлтгэсэн сармис нь хурц үнэр, амтгүй боловч биед бүрэн шингэж, эмийн шинж чанараа хадгалдаг. Ийм сармисыг 2-3 өдөр тутам идэж заншаарай, ингэснээр таны эрүүл мэндийн байдал таатай байх болно! Сармис нь цусан дахь холестерины хэмжээг мэдэгдэхүйц бууруулж, судсыг цэвэрлэж, даралтын асуудлаас ангижрахад тусална. Ийм бүтээгдэхүүнийг ходоод, илүүдэл жинтэй хүн бүр идэх хэрэгтэй бөгөөд энэ нь чихрийн шижин өвчний хувьд маш ашигтай байдаг. Жигнэсэн, шарсан сармис нь тэжээллэг чанар өндөртэй, байнгын ядаргаа, дархлаа сулрах асуудлыг шийддэг. Ийм хоол нь жингээ хасахад тусалж чадна гэдгийг тусад нь тэмдэглэхийг хүсч байна! Бодисын солилцоог хурдасгахын тулд тусгай аргаар бэлтгэсэн 6 хумс сармисыг 2 хоногт 1-ээс доошгүй удаа идэх нь зүйтэй. Энэ эмийг хэрэглэхдээ их хэмжээний шингэн уухаа бүү мартаарай! Энэхүү сармисны эмчилгээг 2 долоо хоногийн дараа биеийн эд эс бүр цэвэрлэж, залуужих болно. Сармис нь олон эмийн бэлдмэлийг орлуулж, эрүүл мэндээ сайжруулах боломжтой энэхүү байгалийн гаралтай эмийг туршиж үзэхийг найзууддаа санал болго” гэсэн байна.

1. Түүхий саримс нь халааж, шарж болгосон саримснаас илүү ашиг тустай

АНУ-ын Орегон мужийн их сургуулийн Микро шим тэжээлийн мэдээллийн төвийн вэбсайтад саримс болон түүний ашигт бактериудын талаар мэдээлэл байршуулсан байна. Мэдээлэлд: “Түүхий саримсыг бяцлах, нухах, зажлах үед аллин гэх энзим ялгарна. Аллин энзимийн нөлөөгөөр олон төрлийн хүхэрт нэгдэл хоорондоо урвалжсанаар аллицин буюу хоёр атомт хүхрийн исэл бүхий тогтворгүй химийн нэгдэл үүсдэг. Саримсыг бяцлах 10-60 секундийн дотор дээрх урвал явагдах ба үүссэн аллицин нь тасалгааны температурт дээд тал нь 2.5 өдөр оршино. Бяцлаагүй бүхэл саримсанд аллицин үүсэхгүй бөгөөд аллинийг шууд ууж хэрэглэхэд ходоодны хүчиллэг орчинд өөрөө аллицин бүрэлдүүлж чаддаггүй. Аллин болон аллицин хэрхэн бодисын солилцоонд ордог нь тодорхой бус. Өндөр тунгаар буюу 25 грамм саримс хэрэглэсэн хүний шээс болон биеийн бусад шингэнээс 24 цагийн дараа дээж авахад аллицин илэрдэггүй. Саримсыг бяцлаад, залгих маш богино хугацаанд олон төрлийн хувирамтгай ашигт нэгдлүүд болон хувирч биед уусдаг. Хальслаагүй, бяцлаагүй саримсыг богино долгионы зууханд болгох үед аллин энзим идэвхгүй болж, аллицин ашигт нэгдлийг үүсгэж чадахгүй байсан. Тиймээс болгож хэрэглэх тохиолдолд саримсыг халаахаас дор хаяж 10 минутын өмнө бяцалж бэлтгэсэн байхыг зөвлөдөг. Хатаасан эсвэл нунтагласан саримс хэрхэн үйлдвэрлэснээс хамаараад аллин болон аллицин агуулах боломжтой. Харин бяцлахгүйгээр болгосон тохиолдолд аллицин ашигт нэгдлийн агууламж хамгийн бага байна” гэсэн байна.

2. Саримсыг тохируулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай

АНУ-ын Cleveland Clinic эрүүл мэндийн төвийн вэбсайтад 2022 оны 03 дугаар сарын 22-ны Саримсны шим тэжээлийн тухай мэдээлэлд: -Дархлаа сэргээх -Үрэвсэл намдаах -Зүрхний эрүүл мэндийг тэтгэх -Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гэсэн байна. АНУ-ын Айова мужийн эрүүл мэндийн байгууллага 1986 онд 41,837 эмэгтэйг хамруулан 5 жилийн турш судалгаа хийжээ. Үр дүнг боловсруулан 1994 онд АНУ-ын Өвчний тархалт судлалын сэтгүүлд нийтлүүлсэн байна. Судалгаагаар саримсны өдөр тутмын хэрэглээ нь ходоодны хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Олон улсын шим тэжээл судлалын сэтгүүлд 2002 онд Энэтхэгийн эрдэмтэд олон улсад хийгдсэн саримстай холбоотой судалгааны ажлуудыг тоймлон нийтлүүлжээ. Тус тойм дүгнэлтэд “Хүн дээр хийсэн олон судалгаагаар өдөр тутамдаа саримс хэрэглэх нь зүрх, судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй болох нь харагдаж байна” гэсэн байна. Олон улсын чихрийн шижингийн нийгэмлэгийн Их Британи дахь салбарын вэбсайтад “Саримсны тогтмол хэрэглээ нь чихрийн шижингийн хэв шинж 2-ын өвчтөнүүдэд цусан дахь сахрын хэмжээг бууруулах эерэг нөлөөг үзүүлдэг байна. Мөн муу холестериныг бууруулж, цусны эргэлтийг сайжруулах нөлөөтэй тул зохих хэмжээгээр хэрэглэх нь ашигтай” гэсэн байна. 2018 онд Ираны эрдэмтэд Scopus, PubMed, Cochrane, Google scholar зэрэг эрдэм шинжилгээний платформууд дээрх 1241 илэрцээс 13 судалгааны ажлыг сонгон авч үр дүнг харьцуулан судалжээ. 2019 онд судалгааны үр дүнг Олон улсын витамин ба шим тэжээл судлалын сэтгүүлд нийтлүүлсэн байна. Хураангуйд “Саримс ашигласан туршилтуудаар саримс нь биеийн жин болон биеийн жингийн индексэд мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлээгүй хэдий ч хэвлийн тойргийг багасгадаг байж болохуйц харагдаж байна. 12 долоо хоногийн турш үргэлжилсэн судалгаануудад хэвлийн тойрог 1.1 сантиметрээр багассан нь ажиглагдсан” гэсэн байна.

3. Ходоод гэдэс хямардаг бол саримсыг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй

2019 онд Канадын Examine хүнсний шим тэжээл судлалын төвийн вэбсайтад байршуулсан саримсны тухай судалгаанд “Саримс нь өдөр тутамдаа хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүн юм. Өдөрт 12 грамм буюу 2-3 хумс саримс хэрэглэх нь аюулгүй. Саримс хэрэглэх дээд тун: 70 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 17 грамм буюу 3-4 хумс, 90 кг жинтэй хүн өдөрт 22.7 грамм буюу 4-5 хумс, 110 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 28.4 грамм буюу 5-7 хумс байна. Дээрх хэмжээг хэтэрсэн тохиолдолд хордлогод орох эрсдэлтэй. Хэт их саримс идсэнээр амны хөндий болон биеэс таагүй үнэр үнэртдэг. Цээж хорсдог, ходоод хямардаг, ходоодны хүчил ихэсдэг тохиолдолд нэг дор их хэмжээгээр идэх зохимжгүй. Сав авахуулах хагалгаанд орсон өвчтөн их хэмжээгээр саримс идсэнээс болоод цус бүлэгнэхгүй, цусны даралт хэт буурах зэрэг гаж нөлөө илэрч байсан. Гоо сайхны, арьсны, нүдний зэрэг энгийн хагалгааны дараа ч саримсны өндөр тунтай хэрэглээний нөлөөгөөр цус бүлэгнэхгүй, шарх удаан эдгэсэн тохиолдлууд бүртгэгдэж байжээ” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document