2022 оны 11 дүгээр сарын 13-нд “Үндэсний мэдээ” нэртэй пэйжид “Зүрхний Б.Болдсайхан эмч ард түмнээсээ ТУСЛАМЖ хүслээ. Шэйр хийж түгээж өгөөрэй!” гэсэн тайлбартай, kdramatalks.xyz домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 14-ний байдлаар 1,453 реакц, 142 сэтгэгдэл авч, 1,085 удаа цааш түгээгээд байна.
2022 оны 11 дүгээр сарын 13-нд “Үндэсний мэдээ” нэртэй пэйжид “Зүрхний Б.Болдсайхан эмч ард түмнээсээ ТУСЛАМЖ хүслээ. Шэйр хийж түгээж өгөөрэй!” гэсэн тайлбартай, kdramatalks.xyz домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан мэдээлэл оруулсан нь 11 дүгээр сарын 14-ний байдлаар 1,453 реакц, 142 сэтгэгдэл авч, 1,085 удаа цааш түгээгээд байна. Холбоосоор ороход, “Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал, олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн Б.Болдсайхан эмч цахим хуудсаараа дамжуулж тусламж хүсэж буйгаа илэрхийллээ. Тэрээр бичихдээ “Зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь…данс улайсан…өнөөдөр 4 хүүхэд, энэ 7 хоногт 15 ороод зогсох нь…нийт 234 хүүхэд орж…хүмүүс компаниуд тусалж дэмжээрэй…хүүхдийн зүрхний хагалгаа хямд биш, амар биш, бид Солонгосоос 10-15 дахин хямд хийж буй ч” гэсэн бүрэн бус өгүүлбэр байна. Уг мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад 2021 оны 02 дугаар сарын 24-нөөс хойш Facebook платформд нийт 30 удаа дахин түгээж, 5,905 хариу үйлдэл авсан байна.
1. Хуучирсан мэдээллийг дахин түгээсэн
Шалгаж буй мэдээллээс “данс улайсан” гэх үгийг хуулж аваад, Б.Болдсайхан эмчийн хувийн хаяг “Boldsaikhan Bundan” нэртэй 305 мянган дагагчтай пэйжид хайлт хийхэд 2021 оны 08 дугаар сарын 18-нд оруулж байсан пост гарч ирэв. Уг постод ““зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь … данс улайсан …өнөөдөр 4 хүүхэд, энэ 7 хоногт 15 ороод зогсох нь … нийт 234 хүүхэд орж … хүмүүс, компаниуд тусалж дэмжээрэй … хүүхдийн зүрхний хагалгаа хямд, амар биш, бид Солонгосоос 10-15 дахин хямд хийж буй ч” гэсэн байна. Үүнийг kdramatalks.xyz сайтад энэ чигээр нь оруулж, “Үндэсний мэдээ” пэйжээр дахин постолж, 24 цагийн дотор 2,674 хариу үйлдэл цуглуулаад байна. Энэхүү мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 24-нд анх оруулснаас хойш Facebook платформд 20 гаруй пэйж болон группээр нийт 30 удаа дахин түгээж, 6,279 хариу үйлдэл авсан байна. Харин Б.Болдсайхан эмчийн албан ёсны пэйжээр 2021 оны 08 дугаар сарын 18-нд оруулсан анхдагч пост нь 3.7 мянган реакц, 159 сэтгэгдэл, 2.6 шэйр авсан ба, сэтгэгдлийн ихэнх нь хандив өргөсөн дансны хуулгын зургаа оруулж, дэмжсэн байв.
2. Албан ёсны хаягуудад тусламж хүссэн мэдээлэл байхгүй байна
Шалгаж буй мэдээллийг дахин түгээсэн хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт /11.07-11.13/ “Зүрх мартахгүй” төслийн пэйж болон Б.Болдсайхан эмчийн пэйж, twitter хаягт хандив хүссэн, тусламж гуйсан утгатай мэдээлэл оруулаагүй байна. Түүнчлэн Б.Болдсайхан эмч өөрийн пэйж болон twitter хаягаар Япон дахь Tobu hotel-д байрлаж байгаа бөгөөд, 11 дүгээр сарын 19-24-ний хооронд 5 өдөр үзүүлэх хүмүүсээ хүлээж авах тухай зар оруулсан байна. Энэ мэдээллийг постлохоос 2 цагийн өмнө буюу 11 дүгээр сарын 13-ний 19:21 цагт тэрбээр дээрх хаягуудаар “2022-XI-18-24нд Токиод энэ буудалд бууна. Токио хавьд байдаг, Эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асууудалтай монголчууд байвал: үзүүлээд Үнэгүй зөвлөгөө авч болно шүү. Япон, Солонгос, АНУ, Европоос олон монголчууд мсж-р зөвлөгөө авдаг ( ялангуяа даатгалгүй нь) .. би өөрөө Токио их сургуулийн эмнэлэгт хавдарын нэг шинжилгээ хийлгэх юм. Зүгээр суухаар 2-3 хүн ч болтугай үзээд тусалчихвал гэж санаад ( жич: надад ямар нэг тусламж огт хэрэггүй: бүгдийг төлөвлөөд захиалсан)” гэсэн зар оруулж байжээ. Хуучирсан мэдээллийг дахин түгээж хандалт авах, цаашлаад хандалтынхаа хэмжээгээр орлого олохыг санаархдаг пэйж, клик сайтуудын энэ мэт мэдээллийг идэвхжүүлж, зорилгыг нь хангадаг гэнэн хэрэглэгч байхгүйн тулд та мэдээлэлд хариуцлагатай хандаарай.