Ходоодны шархыг богино хугацаанд эмчлэх аргууд гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тарганд ургамлын тос холин уух, цайны халбаганы хэмжээтэй өндөгний нунтаг хальс уух, буцалгасан алимны нухашны хандыг уух зэргээр ходоодны шархаа богино хугацаанд эмчлэх боломжтой гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэргэжлийн эмч дээрх эмчилгээг зөвлөөгүй ба ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ нь өөр байдгийг онцолсон.

2022 оны 10 дугаар сарын 27-нд “Ontslog.COM” нэртэй пэйжид “Ходоодны шархыг богино хугацаанд эмчлэх аргууд” гэсэн тайлбартай, senbii.com домайн нэртэй вэб сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 715 реакц, 38 сэтгэгдэл авч 3,995 удаа цааш түгээгдсэн байна. senbii.com сайтад “Ходоодны шархыг богино хугацаанд эмчлэх аргууд” гарчигтай мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 28-нд оруулсан ба Facebook платформд 10 удаа дахин постолж нийт 11,584 хариу үйлдэл авсан байна.

2022 оны 10 дугаар сарын 27-нд “Ontslog.COM” нэртэй пэйжид “Ходоодны шархыг богино хугацаанд эмчлэх аргууд” гэсэн тайлбартай, senbii.com домайн нэртэй вэб сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 715 реакц, 38 сэтгэгдэл авч 3,995 удаа цааш түгээгдсэн байна. senbii.com сайтад “Ходоодны шархыг богино хугацаанд эмчлэх аргууд” гарчигтай мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 28-нд оруулсан ба Facebook платформд 10 удаа дахин постолж нийт 11,584 хариу үйлдэл авсан байна. Тус мэдээлэлд гэрийн нөхцөлд ходоодны шархийг эмчлэх аргууд хэмээн тараг, ургамлын тос, өндөгний хальс, алим ашиглан ходоод шархыг эдгээх боломжтой хэмээн зөвлөсөн байна. Тодруулбал, 10 хоногийн турш тарганд ургамлын тос холин уух, 14 хоногийн турш цайны халбаганы хэмжээтэй өндөгний нунтаг хальс уух, буцалгасан алимны нухашны хандыг уух зэргээр ходоодны шархаа эдгээхийг зөвлөсөн. Мөн “Өглөө бүр бага зэрэг иодтой ус уувал ходоодны шархаар өвчилдөггүй сайн талтай” гээд “ходоодны шархтай хүн архи, тамхи хэрэглэх хориотой. Мөн гаазтай ундаа, халуун ногоотой хоол идэхээс зайслхийгээрэй” гэж зөвлөсөн байна.

1. Архийг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресс зэрэг нь ходоодны шархтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг нь үнэн

Архийг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресс зэрэг нь ходоодны шархтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ходоодны шарх нь хэд хэдэн шалтгаанаас үүсэж болох бөгөөд хамгийн нийтлэг шалтгаанууд нь Хеликобактерийн халдвар (Helicobacter pylori), үрэвслийн эсрэг стероид бус эмийн (жишээ нь, ибупрофен, аспирин) хэрэглээ зэрэг байдгийг АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дурджээ. Ходоодны шархны нийтлэг шинж тэмдэгүүд нь хүйснээс цээж хүртэл хөндүүрлэн өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах ба бөөлжих гэх мэтээр илэрдэг байна.

2. Ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ нь өөр өөр байдаг

Бид ходоодны шархыг дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнүүдээр эмчилдэг эсэх талаарх мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 10-нд АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимын багш, Анагаах ухааны доктор Ц.Бямбажаваас тодруулахад “ийм эмчилгээ байхгүй” гэж мэдэгдсэн ба ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ нь өөр байдгийг онцолсон. Хэрвээ ходоод шарх нь хеликобактераас шалтгаалан үүссэн байвал тодорхой антибиотикыг, протоны шахуургыг хориглогч эмтэй (proton pump inhibitor) хослуулан хэрэглэдэг. Ийм төрлийн эмийг эмчийн заавраар нь 7-14 хоног хэрэглэх буюу өвчний байдлаас хамааран бусад эмтэй хослуулан, илүү олон хоногоор хэрэглэдэг байна. АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь ходоодны шархны талаарх мэдээлэлд ямар нэг хоол нь ходоодны шархыг эдгээхэд нөлөөлдөг нь батлагдаагүй гэдгийг дурдсан байна.Түүнчлэн, АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дээрхтэй ижил агуулгатай мэдээллийг онцолсон байна.

3. Пробиотикыг нэмэлт эмчилгээний хэсэг болгосон олон улсын нэгдсэн журам, зөвлөмж байхгүй

Хэдийгээр тарганд агуулагддаг зарим пробиотикууд нь хеликобактерийг устгах нөлөөтэй талаар судалгаанууд байгаа ч пробиотикыг нэмэлт эмчилгээний хэсэг болгосон үндэсний болон олон улсын нэгдсэн журам, зөвлөмж байхгүй байгааг Жиузеппе Лосурдо (Giuseppe Losurdo) нарын судлаачдын 2018 онд “World Journal of Gastroentrology” сэтгүүлд хэвлүүлсэн “Пробиотикын нэг эмийн эмчилгээ ба хеликобактерийг устгах нь: Шигшсэн дата анализтай системт үнэлгээ”(Probiotic monotherapy and Helicobacter pylori eradication: A systematic review with pooled-data analysis) өгүүлэлд онцолсон байна.

4. Хулгана дээр хийсэн туршилтаар алимны хальсанд агуулагддаг полифенолууд нь хеликобактерийн эсрэг үйлчилгээтэй байсан ч хүн дээр энэ нөлөөлөл байх эсэхийг судлаагүй

Мөн 2010 онд Эдгар Пастене (Edgar Pastene) нарын “Journal of Agricultural and Food Chemistry” сэтгүүлд хэвлүүлсэн “Эсийн өсгөвөр болон амьд организм дахь алимны хальсны хеликобактерийн эсрэг үйлчилгээ” (In Vitro and in Vivo Effects of Apple Peel Polyphenols against Helicobacter pylori) өгүүлэлд эсийн өсгөврийн түвшинд болон хулгануудад алимны хальсанд агуулагддаг полифенолууд нь хеликобактерийн эсрэг үйлчилгээтэй байгаа талаар дүгнэсэн ч хүн дээр энэ нөлөөлөл байх эсэх талаар үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэдгийг дурдсан байна. Өндөгний хальсыг ходоодны шархыг эмчлэхэд ашигладаг баримт байхгүй ба эрүүл мэндийн судалгааны талаарх дэлхийн хамгийн том дата бааз буюу АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн (National Institute of Health) судалгааны сангаас “өндөгний хальс ба ходоодны шарх” (egg shell and gastric ulcer) хайхад энэ талаарх судалгааны илэрц гарч ирээгүй. Ходоодны шархтай болсон үед архи, тамхины хэрэглээг аль болох багасгах цаашлаад татгалзах болон өвчний шинж тэмдэгийг хүндрүүлэх хүнснээс татгалзахыг зөвлөдөг байна. Хэдийгээр бидний шалгасан мэдээлэлд дурдсан алим, ургамлын тос, тараг зэргийг нь ходоодны шархны өвчлөл болон эмчилгээний үед хэрэглэж болох хүнс гэж зөвлөсөн ч дээрх бүтээгдэхүүнүүдээр ходоодны шархыг эмчлэх талаар батлагдсан зөвлөмж байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document