1. Ходоодны шарх үүсэх шалтгаан ба ус ууснаар түүнийг эмчлэх боломжгүй
Ходоодны шархыг 10 хоногт ус ууж эмчлэх арга нь худал мэдээлэл юм. Ходоодны шарх нь хэд хэдэн шалтгаанаас үүсэж болох бөгөөд хамгийн нийтлэг шалтгаанууд нь Хеликобактерийн халдвар (Helicobacter pylori), үрэвслийн эсрэг стероид бус эмийн (жишээ нь, ибупрофен, аспирин) хэрэглээ зэрэг байдгийг АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дурджээ. Түүнчлэн, архийг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресс зэрэг нь ходоодны шархтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ходоодны шархны нийтлэг шинж тэмдэгүүд нь хүйснээс цээж хүртэл хөндүүрлэн өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах ба бөөлжих гэх мэтээр илэрдэг байна. Хэрвээ ходоод шарх нь хеликобактераас шалтгаалан үүссэн байвал тодорхой антибиотикыг, протоны шахуургыг хориглогч эмтэй (proton pump inhibitor) хослуулан хэрэглэдэг. Ийм төрлийн эмийг эмчийн заавраар нь 7-14 хоног хэрэглэх буюу өвчний байдлаас хамааран бусад эмтэй хослуулан, илүү олон хоногоор хэрэглэдэг байна.
2. Ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ өөр өөр байдаг
Бид ходоодны шархыг ус ууж эмчлэдэг тухай мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 10-нд АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Ц.Бямбажаваас тодруулахад “ийм эмчилгээ байхгүй” гэж мэдэгдсэн ба ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ нь өөр байдгийг онцолсон. Мөн АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь ходоодны шархны талаарх мэдээлэлд ямар нэг хоол нь ходоодны шархыг эдгээхэд нөлөөлдөг нь батлагдаагүй гэдгийг дурдсан байна.Түүнчлэн, АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дээрхтэй ижил агуулгатай мэдээллийг онцолсон байна.