Томуугийн А вирусээр АНУ-д 2,800 хүүхэд өвдөж 380 хүүхэд нас барлаа гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Томуугийн А вирусээр АНУ-д 2,800 хүүхэд өвдөж 380 хүүхэд нас барлаа гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-д бүртгэгдсэн томуугийн А вирусээр нас барсан, өвчилсөн хүүхдийн тоо 380 хүрээгүй.

2022 оны 11 дүгээр сарын 2-нд И.Цэрэнхүү нэртэй хэрэглэгчийн хаягаар “Шуурхай мэдээ: A томууны дэлхийн газрын зураг гарлаа” гэх мэдээллийг газрын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 2-ны байдлаар 297 реакц, 58 сэтгэгдэл авч, 135 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 2-нд И.Цэрэнхүү нэртэй хэрэглэгчийн хаягаар “Шуурхай мэдээ: A томууны дэлхийн газрын зураг гарлаа” гэх мэдээллийг газрын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 2-ны байдлаар 297 реакц, 58 сэтгэгдэл авч, 135 удаа цааш түгээсэн байна. Уг пост нь: “Шуурхай мэдээ: H1N1 вирусын гаралтай онц аюултай 1,5% нас баралтын индекстэй А томууны дэлхийн газрын зураг гарлаа. Дэгдэнгүүт л нас барж эхэллээ, 2800 хүүхэд түүний дотор АНУ-д 380 хүүхэд нас бараад байна. Инкубацын хугацаа 2 цагаас 1 хоног, дараа нь инфлюэсенци буюу хүндрэх үе эхэлнэ… Тархаагүй, тархсан, дэгдсэн гэсэн эпидемийн 3 түвшингээр бүдүүвчлэн зураглажээ, Монгол тархсан бүсэд хамрагджээ! Энэ А гэх грипп голчлон 1-5 насны хүүхдэд халдварладаг вирус! Мөн хятадад томууны онц аюулт X вирус дэгдсэн сураг байна, хятад мэдээгээ нууцлаж байна!” гэжээ.

1. Постод хавсаргасан зураг олон улс дахь томуугийн тархалтыг зурагласан газрын зураг биш

Постод хавсаргасан зураг дээр ямар нэг тодорхой мэдээлэл, тархалтын статистик байхгүй бөгөөд Google reverse image search хийж шалгахад олон улсын биш ОХУ-ын газрын зураг байна.

2. АНУ-д 380 хүүхэд өвдсөн гэх мэдээлэл худал

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэбсайтад Томуугийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны 10 дугаар сарын 28-нд сүүлд шинэчилсэн байна. Үүнд: Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо: 880,000 Сүүлийн 7 хоногт эмнэлэгт хэвтсэн өвчтөний тоо: 2,332 Эмнэлэгт хэвтсэн байдал: 100,000 хүн тутамд 1.5 Нийт бүртгэгдсэн нас баралтын тоо: 360 Нийт нас барсан хүүхдийн тоо: 1 Харин шалгаж буй мэдээлэлд 2,800 хүүхэд өвчилж, 380 хүүхэд нас барсан, нас баралтын индекс 1.5% гэсэн нь ташаа мэдээлэл юм. АНУ-д бүртгэгдсэн нийт нас баралтын тоог, өвчилсөн хүмүүсийн тоонд хуваахад нас баралтын индекс 0.04% байх бөгөөд шалгаж буй мэдээлэлд бодит хэмжээг 37 дахин ихэсгэсэн байна. Нас баралтын тохиолдол нас харгалзахгүйгээр нийт 360, тэднээс хүүхдийн нас баралт 1 бүртгэгдсэн байхад албан тоо, хэмжээг мөн л хэтрүүлэн мэдээлсэн байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын Томуугийн зөвлөмжид: “Томуугийн вирусээр өвчилснөөс хойш 1-4 хоногт Томуугийн шинж тэмдэг илэрснээс 3-4 хоногт халдвар тараах чадвар хамгийн их байна. Зарим насанд хүрсэн хүмүүс шинж тэмдэг илрэхээс 1 хоногийн өмнө халдвар тарааж, шинж тэмдгээс хойших 7 хоног хүртэлх хугацаанд халдвар тараадаг. Хамгийн өндөр эрсдэлт насны бүлэг нь 1-5 насны хүүхдүүд юм” гэжээ.

3. Монгол Улсад томуу төст өвчний 7 вирус идэвхтэй, харин А хүрээний вирус бүртгэгдээгүй байна

2022 оны 11 дугаар сарын 02-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн пэйжид “ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор дэд профессор Ц.Билэгтсайхан Томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө” гэх гарчигтай, Mongol TV сувгийн нэвтрүүлгээс хэсэгчлэн оруулсан бичлэгт дурдсанаар: “Томуу болон томуу төст өвчний тархалт улирлын шинж чанартай. Жил болгон 11-2 дугаар сарын хооронд тархалт их байна. 10 дугаар сараас эхлэн томуу төст өвчний вирус тархалт ихтэй байна. Томуугийн тандалтын нэгжүүдэд 7 хоног тутам ирдэг сорьцуудыг шинжлэхэд өнгөрсөн 7 хоногт Rhinovirus, Bocavirus, RSV гэх 3 вирус бүртгэгдсэн. Энэ долоо хоногт Enterovirus, Иж томуугийн вирус, Adenovirus, Metapneumovirus гэх 4 вирус нэмэгдэж Монгол Улсад томуу төст өвчний 7 вирус идэвхтэй байна гэж хэлж болно. Эдгээр вирус нь томуугийн вирус биш бөгөөд одоогоор Монгол Улсад томуугийн А хүрээний вирус бүртгэгдээгүй байна. Томуу өвчин нь томуу төст өвчинтэй харьцуулахад эмнэл зүйд илүү хүчтэй зовуурьтай илэрнэ. Монгол Улсад томуу төст өвчний тархалт хэвийн түвшинд Говь-Алтай аймаг, алаг цоог дэгдэлттэй Говьсүмбэр аймаг, үлдсэн 19 аймаг идэвхжилийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчний товлолт вакцин нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн шалгарсан арга. Вакцинжуулалт 10 сараас эхэлсэн” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document