Германчуудын илүүдэл жингээсээ салах арга гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Германчуудын илүүдэл жингээсээ салах арга хэмээх алимны цуу, хүнсний содтой жорны тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Алимны цуу, хүнсний содыг жин бууруулах үйлчилгээ батлагдаагүй буюу мэргэжлийн байгууллагууд зөвлөдөггүй.

2021 оны 08 дугаар сарын 16-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй пэйжид “Янз бүрийн тураах бэлдмэл хэрэглэж, хоолны дэглэм бариад ч олигтой жин хасаагүй найз маань Германчуудын илүүдэл жингээсээ салах аргын тусламжтай танигдахын аргагүй өөр болсон” гэсэн гарчигтай Delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 808 реакц, 53 сэтгэгдэл авч, 2.300 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 08 дугаар сарын 16-нд “Delgeen News Инээмсэглэл” нэртэй пэйжид “Янз бүрийн тураах бэлдмэл хэрэглэж, хоолны дэглэм бариад ч олигтой жин хасаагүй найз маань Германчуудын илүүдэл жингээсээ салах аргын тусламжтай танигдахын аргагүй өөр болсон” гэсэн гарчигтай Delgeen.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 808 реакц, 53 сэтгэгдэл авч, 2.300 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 902 реакц, 84 сэтгэгдэл авч, 3,943 удаа цааш түгээжээ. Энэ мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 29-нд дахин оруулсан нь 322 улаа цааш түгээгдээд байна. Delgeen.com домайн дээр байршсан мэдээ нь: “Агаараас ч болов илүүдэл жин нэмээд байвал таныг энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна. Саяхан америкийн доктор Жарвисийн нэгэн нийтлэл нүдэнд минь өртсөн юм. Тэрээр олон жил уламжлалт анагаах ухаанаар дагнан ажиллаж байгаа нэгэн. Үр дүнгээ шууд өгдөг аргыг дэлгэснээс гадна үр дүнгүй худлаа эмчилгээний талаар ч дурдсан байв. Илүүдэл жингээсээ салахаас гадна бодисын солилцоог идэвхжүүлэх, залуужихад ч нөлөөлнө. Алимны уксустай ус нь илүүдэл жинг буруулахад тусална. Уксусын ашиг тустай үйлчилгээний үр дүнд цусны эритроцитын үржилт хурдсах, цусны эргэлт сайжирна. Алимны уксус цусны чанарыг сайжруулж, хоол шингэх явцыг хурдасгана. Уг бэлдмэлийг бие махбодид илүү их ашиг тустай байлгахын тулд хэрхэн хэрэглэх вэ? Нэг стаканыг өглөө өлөн дээрээ ууна. Сод нь уксусын хүчлийг дарж байгаа учраас өлөн ходоодыг гэмтээхгүй. Хоёр дахь стакан – орой буюу оройн хоолноос 30 минутын өмнө. Уксус ууж байхдаа хоолны цэснээс амттаныг хасаж жимс, ногоо түлхүү хэрэглэнэ. Ялангуяа түүхий лууван, алим идээрэй. Салат хийсэн ч болно. Эдгээр эрүүл хоол хүнс нь уксустай нийлж илүү их үр дүн үзүүлнэ. Уксус нь өөх тосны эд эсийг шатаахгүй. Гэхдээ бие махбодийг эрүүлжүүлж, дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана. Энэ нь нүүрс усыг боловсруулах ажлыг идэвхжүүлж өөх хуримтлахаас сэргийлэх юм. Гайхалтай байгаа биз? Үүнээс гадна нүүрс усаар бага хоол хүнс хэрэглэвэл үр дүн нь улам хүчтэй мэдрэгдэнэ. Илүүдэл жингээсээ өөрт төвөггүйгээр салахаас гадна маш богино хугацаанд эрүүлээр турна гэж ойлгоорой” гэсэн байна.

1. Шалгаж буй мэдээлэлд дурдсан эх сурвалжийг олон улсын эрдэмтэд үгүйсгэдэг

АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн 1977 оны ярилцлагын тэмдэглэлд: “D.C Jarvis нь “Ардын эмчилгээ” гэх номын зохиолч бөгөөд зөгийн бал, алимны цууны хольц бүхий бүтээгдэхүүнийг өвчтөнүүдэд төрөл бүрийн өвчнийг анагаана гэж худал хэлэн борлуулдаг байсан. Шинжлэх ухаанаар нотлоогүй эмчилгээний зөвлөмж гаргаж, бүтээгдэхүүн борлуулсан нь тогтоогдсонд үндэслэж түүний ном болон 60,000$-той тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнийг хураасан” гэсэн байна.

2. Алимны цуу жин хасах үйлчилгээтэй эсэх нь бүрэн нотлогдоогүй

Олон улсад алимны цууг өндөр давтамжтай байнга хэрэглэснээс үүдэн шүдний паалан хайлсан зарим тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Нидерландын шүдний эрүүл мэндийн NTVT сэтгүүлийн вэбсайтад 2012 оны 08 дугаар сарын 12-нд нийтэлсэн мэдээлэлд “Хойд Африкийн цагаач гаралтай 15 настай охин шүдний паалан устаж шүдэндээ төхөөрөмж зүүхээр болсон байна. Эмч нар нарийн шалтгааныг тогтоохоор ажилласан ба охин өдөр болгон алимны цуутай ус уудаг байснаас үүдсэн гэж дүгнэжээ. Хойд Африкт эмэгтэйчүүд турах зорилгоор алимны цуу уух нь түгээмэл бөгөөд нийтлэлд дурдаж буй охин ч мөн адил турах зорилготой уудаг байсан” гэсэн байна. Германы Bavarian Broadcasting агентлагийн вэбсайтад 2022 оны 10 дугаар сарын 20-нд байршуулсан “Алимны цуу тураах үйлчилгээтэй юу?” нийтлэлд: “Алимны цуу хэрэглэхэд хүний биед эергээр нөлөөлөх зарим үйлчилгээг шинжлэх ухаанаар нотолсон байдаг. Гэвч жин хасах, өөх шатаах үйлчилгээг нотолсон шинжлэх ухааны туршилт маш бага хийсэн. Баварийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс алимны цууг хүнсэнд хэвийн хэмжээгээр хэрэглэхэд хүний биед олон эерэг нөлөөтэй ч тураах үйлчилгээтэй гэж хүлээн зөвшөөрдөггүй” гэсэн байна. “Зөгийн бал шинжлэл” Олон улсын судалгааны ажлын эмхэтгэлд Бразил улсын Паранагийн Холбооны их сургуулийн эрдэмтдийн нийтлүүлсэн судалгааны ажилд “Зөгийн балын pH буюу ус төрөгчийн ионы концентраци 3.5-5.5 хооронд байдаг бөгөөд харьцангуй хүчиллэг шинжтэй” гэсэн байна. Алимны цуу болон зөгийн бал нь хоёул хүчиллэг шинж чанартай тул хэрэглэх үедээ шүдэндээ анхаарах нь чухал юм. Таргалалтын тухай олон улсын сэтгүүлд Их британийн эрдэмтдийн 2013 оны 08 дугаар сарын 23-нд нийтлүүлсэн туршилтын тайланд “Алимны цууг хоолны дуршил дарах зорилгоор хэрэглэх аргын аюулгүй байдалд дүн шинжилгээ хийлээ. Алимны цууг хэрэглэх үед бага хэмжээний дотор муухайрах мэдрэмж төрснөөр хоол идэх сэдэл багасдаг байна. Энэ нь хоолны дуршлыг дарж буй хэрэг биш бөгөөд хоолны дуршил дарах аюулгүй арга гэж зөвлөх боломжгүй” гэсэн байна. АНУ-ын Hackensack Meridian Health эрүүл мэндийн ажилтнуудын сүлжээний вэбсайтад 2021 оны 10 дугаар сарын 07-нд оруулсан мэдээлэлд “Алимны цуу нь жин хасах үр дүнтэй арга биш бөгөөд буруу үед, буруу аргаар уух нь хүний биед аюул учруулж болзошгүй. Алимны цууны үр нөлөөг туршсан судалгааны ажил ховор бөгөөд жин хасах үйлчилгээ нь маш сул. Алимны цуу уугаад турсан гэх хүмүүсийн яриа нь алимны цуу жин хасах үйлчилгээтэй гэсэн үг биш бөгөөд, нотолгоонд суурилаагүй цуу яриа гэж ойлгож болно. Алимны цууг унтахаас өмнө хэрэглэх нь бүр ч аюултай. Цээж хорсдог, ходоодны хүчил ихэсдэг, ходоод, улаан хоолойн сөөргөө өвчтэй хүмүүс унтахаас өмнө дор хаяж 1 цагийн дотор хүчиллэг хоол идэж болохгүй” гэсэн байна. Forbes сэтгүүлийн вэбсайтын эрүүл мэнд буланд 2022 оны 06 дугаар сарын 30-нд байршуулсан мэдээлэлд: “Цусны даралт ихсэх, холестерины түвшин ихсэх, чихрийн шижин зэрэг өвчний эм уудаг, мөн инсулин хэрэглэдэг хүмүүс алимны цуу уух үед цусан дахь калийн түвшин хэт багасах аюултай тул зайлсхийх нь зүйтэй. Шүд болон хоолой мэдрэгших шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу” гэсэн байна. АНУ-ын Баруун Виржиниагийн их сургуулийн вэбсайтад байршуулсан зөвлөмжид “Алимны цууг өдөрт 2 хоолны халбагаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Өглөө өлөн байхдаа хэрэглэх нь ходоод гэмтээх магадлалтай. Эрүүл мэндийн шалтгаанаар тогтмол хэрэглэх бол заавал мэргэжлийн эмчид хандана. Тураах үйлчилгээг нотолсон баримт сул тул өөх тос, боловсруулсан хүнснээс татгалзаж, ногоо сайн идэж дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хамгийн үр дүнтэй арга юм” гэсэн байна.

3. Хүнсний содыг мэргэжлийн эмч зөвлөөгүй тохиолдолд ууж хэрэглэж болохгүй

АНУ Нью-Йоркийн Mount Sinai эмнэлгийн вэбсайтад хүнсний содын хордлогын тухай мэдээлэл байршуулсан байна. Мэдээлэлд: “Хүнсний содыг хоол, жигнэсэн бүтээгдэхүүний орц, найрлагад ашиглахад ямар нэг хор нөлөө байхгүй. Харин шингэнээр ууж хэрэглэх үед хордлого үүсгэх эрсдэлтэй. Зарим төрлийн эмчилгээний үед л эмчийн зөвлөгөөгөөр хүнсний содыг ууж хэрэглэх тул дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Хүнсний содыг ууж хэрэглэх үед дараах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандана уу -Гүйлгэх -Шөрмөс татах -Булчин сулрах -Хоол боловсруулах замд түгжрэл үүсэх -Ойр, ойрхон шээх -Бөөлжих” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document