🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Гарчигаар төөрөгдүүлсэн
Хандалт нэмэх зорилгоор содон гарчиг өгдөг нь хуурамч, ташаа мэдээллийн нэг шинж чанар юм. Сайт дахь мэдээлэлд “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожиж байгаагүй бол заавал анхаарах зүйлс”-ийн талаар огтхон ч дурдаагүй бөгөөд хуучирсан мэдээний он сарыг өөрчилж, утгын алдаатай мэдээлэл болгон оруулсан байна.
2. НӨАТ-ын сугалааны тохирлыг сар бүрийн гурав дахь Лхагва гарагт 13:00 цагаас явуулдаг
Шалгаж буй мэдээлэлд 2023 оны хоёр дугаар сарын тохирлын нэвтрүүлэг 02 дугаар сарын 21-ний Ням гарагт болно гэсэн байгаа нь ташаа мэдээлэл юм. 2023 оны 02 дугаар сарын 21 ням биш, мягмар гараг тохиож байна. НӨАТ-ын сугалааг сард нэг явуулах талаар Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралт “Сугалааны тохирлоор урамшуулал явуулах олгох, түүнийг явуулах журам”-ын, 3.1-д “Сугалааны тохирлыг сард нэг удаа явуулах бөгөөд сугалааны тохирлын урамшуулал нь энэ журмын 3.6-д заасны дагуу үндсэн урамшуулал, 3.8-д заасны дагуу байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Мөн 6.5-д “Сугалаа явуулах үйл ажиллагааг сар бүрийн гурав дахь Лхагва гаригт Улаанбаатар хотын цагийн бүсийн 13:00 цагт олон нитийн газар зохион байгуулна” гэж дээрх журамд зааж өгсөн. Энэ нь 2023 оны 02 дугаар сарын тохирол 15-ны Лхагва гарагт болохоор байна.
3. Энэ оны IV улирлын буцаан олголтыг тооцоолох хугацаа болоогүй байна
2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлсэн хэсэг нь 2021 оны 01 дүгээр сард гарч байсан мэдээний оныг өөрчилсөн байна. Энэ оны IV улирал дуусаагүй тул иргэдийн худалдан авалтын буцаан олголтыг тооцоолох боломжгүй. Тиймээс мэдээнд дурдсан “нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгоно” гэдэг нь худал юм. Мөн мэдээлэлд дурдсан “цөөвөр” хэмээх үхэр жил өнгөрсөн ба ирэх онд туулай жил гарна.