2022 оны 10 дугаар сарын 28-нд “Дашнямын Охин Энхтүвшин” нэртэй хэрэглэгчийн хаягаар “Нустай ханиад болон хий ханиадны сироп зааж өгье” гэсэн тайлбартай хэрчсэн сонгино өрөөндөө тавьж, ханиадны нянг соруулж аваад, маргааш нь хаях ёстой гэх ба хэрчсэн сонгино дээрээ элсэн чихэр нэмж сироп бэлдээд түүнийгээ ууж ханиад эмчилнэ гэх зөвлөгөө ярьж, хийх заавар үзүүлсэн шууд бичлэг оруулжээ. Уг бэлдсэн сонгинын сиропоо 4 сартайгаас дээш хүүхдэд болон том хүнд 10-14 хоногийн турш өдрийн 3 удаа өгнө гэсэн байна. Цаашлаад бичлэгийн үеэр асуултад хариулах ба уушгины боронхиттой хүүхдэд ч өгөх хэрэгтэй гэжээ. Зөвхөн цагаан сахар хийнэ, бор сахар, зөгийн бал болохгүй гэсэн ба хонуулсны дараах бэлэн болсон сиропны шингэн нь хоргүй сахар бөгөөд ёроолд нь тунаж үлдсэн нь хортой сахар нь гэж тайлбарлажээ. Уг бичлэгийг 10 дугаар сарын 30-ны байдлаар 2.4 мянган реакц, 735 сэтгэгдэл авч, 4.5 гаруй мянган удаа цааш түгээсэн байна.
🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Сонгино агаарт байгаа ханиадны нянг өөртөө шингээхгүй
Сонгинын сиропоор буюу сонгиныг элсэн чихэртэй хольж гарган авсан шүүсээр ханиад эмчилдэг гэх мэдээлэл нь худал юм. Бид сонгины эрүүл мэндийн ач холбогдлын талаарх хэд хэдэн баримт шалгалтууд хийсэн бөгөөд дээрх мэдээлэл нь сонгинын үйлчилгээний худал мэдээллийн нэг хэсэг юм. Тодруулбал, сонгино болон сонгинын сироп нь вирус сорох, элэг цэвэрлэх, чихрийн шижинг эмчлэх, шарх эдгээх, ханиалга дарах зэрэг үйлчилгээгүй юм. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь хорт бодисыг өөртөө соронз мэт татах чадваргүй юм. Сонгины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Үндэсний Сонгины Холбоо (National Onion Association) бидний шалгаж буй мэдээллийг няцаасан мэдэгдэлдээ “арилгасан сонгино нянг сорох эсвэл агаар дахь хорт бодисыг сорж, арилгадаггүй” гэж мэдэгдсэн. Мөн ижил мэдээллийг шалгасан Wall Street Journal-н нийтлэлд мэдэгдсэнээр “вирус нь амьд организмд орших шаардлагатай байдаг ба биеэс гаран өрөөгөөр тэнэх боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Харин сонгино өвчин үүсгэдэг нянг өөртөө татдаг гэх мухар сүсэг олон жилийн турш тархаж байсныг Snopes мэдээлсэн бөгөөд 1900 онд энэ тухай “Chambers’ Journal’ сэтгүүлд бичиж байсан байна. Тийм учраас арилгаж хонуулсан сонгино нь хор болохгүй эсрэгээр сонгино нь микробын эсрэг үйлчилгээтэй учир нянг татахгүй юм. Хэдийгээр сонгино бусад хүнсний бүтээгдэхүүний адил муудах ч таарсан нөхцөлд буюу битүүмжилсэн саванд 7 хоног хүртэл хадгалж болно гэж АНУ-ын Жиоржиагийн их сургуулийн Хүнсний Аюулгүй байдлын төвийн мэдээлэлд сануулсан байна.
2. Сонгинын сиропоор ханиад эмчлэх эмчилгээний арга зүй байхгүй
Бидний шалгаж буй мэдээлэлтэй ижил агуулгатай мэдээлэлд Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай Australian Associated Press баримт шалгалт хийж худал мэдээлэл болохыг нь тогтоосон. Австралийн Мердокын нэрэмжит Хүүхдийн Судалгааны Институтийн хүүхдийн амьсгалын замын өвчлөлөөр мэргэшсэн профессор Сарат Ранганатаны (Sarath Ranganathan) мэдэгдсэнээр дээрх сироп нь “хүүхдийн амьсгалын замын асуудалд ямар ч нөлөөгүй” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн дээрх “чихэрлэг сонгины шүүсийг хэрэглэсний үр дүнд шүд хорхойтно” хэмээн анхааруулсан байна. Мөн Эрүүл мэндийн судалгааны Мензиес сургуулийн профессор Анне Чан (Anne Chang) дээрх сиропыг зөвлөсөн “ямар нэг шинжлэх ухааны баримт нэр хүндтэй [шинжлэх ухааны] сэтгүүлүүдэд байхгүй” байгааг онцлон мэдэгдсэнийг Australian Associated Press мэдээлжээ. Түүнчлэн бид дээрх сонгинын сироп нь элэгний өөхлөлт үүсгэж болохыг өмнөх баримт шалгалтдаа анхааруулж байсан. Өмнө нь “1 кг улаан сонгиныг хэрчээд, 900 гр бор, цагаан аль нэг сахарыг хольж дараад элэгний өвчинг эдгээнэ” гэх зөвлөгөө өгснийг манай төв баримтаар шалгаж байсан. Чихэр их хэмжээгээр хэрэглэх нь жингийн илүүдэл, чихрийн шижин болон Архины бус шалтгаант элэгний өөхлөлт (АБШЭӨ) зэрэгт хүргэж болох бөгөөд эдгээр өвчлөл нь элэгний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэх боломжтойг 2013 онд Грегори Мишелотти (Gregory A. Michelotti) нарын “Nature Reviews Gastroenterology & Hepatology” сэтгүүлд хэвлүүлсэн “АБШЭӨ, хүндэрсэн АБШЭӨ болон элэгний хавдар” (NAFLD, NASH and liver cancer) өгүүлэлд тайлбарлажээ. Түүнчлэн, 2018 онд Томас Женсен (Thomas Jensen) нарын “Journal of Hepatology” cэтгүүлд хэвлүүлсэн “Фруктоз ба Сахар: Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийн үндсэн шалтгаануудын нэг болох нь” (Fructose and Sugar: A Major Mediator of Nonalcoholic Fatty Liver Disease) өгүүлэлд дүгнэснээр сахар болон фруктозын хэрэглээ ихэссэнтэй зэрэгцээд АБШЭӨ нэмэгдэж байгаа бөгөөд сахар эсвэл фруктозын хэрэглээг багасгах нь АБШЭӨ-өөс сэргийлэхэд тустай байж болохыг онцолсон байна.