🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Судас өргөсөх шалтгаан
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан тайлбараар “Ихэвчлэн хөлийн судас бүдүүрч, хүрэн эсвэл хөх өнгөөр овойж харагдана. Хөл янгинах, хүнд оргих, тавгүй байх, шагай хавдах, хөл халуун оргих, шөнө шөрмөс татах, судас товойсон хэсгийн арьс хуурайших зэрэг шинж тэмдэг илрэх боломжтой. Халуун цаг агаарын нөлөөгөөр эсвэл удаан хугацаагаар зогссон тохиолдолд зовуурь илүү илэрдэг. Хөлийн чилээгээ гаргаж алхах, эсвэл хөлөө амрааж өргөж хэвших нь зүйтэй. Судас дотор байрладаг жижиг хавхлагуудын үйл ажиллагаа доголдсон үед судас өргөснө. Эрүүл судсаар цус зүрх рүү чөлөөтэй урсах ба цусны урсгал буцаж урсахаас сэргийлж судасны хавхлагууд нээгдэж, хаагдаж байдаг. Хэрэв судасны хавхлаг гэмтсэн тохиолдолд цус чөлөөтэй урсаж чадахгүй хурж, өргөсдөг. Судас бүдүүрэх өвчин нь: -Эмэгтэйчүүд илүүтэй өвчилдөг -Удамшина -Өндөр насанд илүүтэй тохиолдоно -Илүүдэл жинтэй бол эрсдэл нэмэгддэг -Удаан хугацаанд зогсдог ажил эрхлэх -Жирэмсний үед илүү тохионо” гэсэн байна.
2. Ногоон лооль болон алимны цуугаар жин тавьж бүдүүрсэн судсыг эмчлэхгүй
АНУ-ын Судасны эмчилгээний төвийн гишүүн VeinAtlanta байгууллагын вэбсайтад байршуулсан “Улаан лооль судасны бүдүүрлийг эмчилдэг үү?” гэх гарчигтай мэдээлэлд:. “Олон нийт лоолиор судасны бүдүүрлийг эмчлэх боломжтой гэж цуурдаг нь ямар нэг шинжлэх ухааны үндэс байхгүй. Судасны бүдүүрлээр өвчилсөн хүмүүс харагдах байдлаас нь санаа зовниж, өөртөө итгэлгүй болдог. Бүдүүрсэн судсанд өвдөх эсвэл загатнах шинж тэмдэг илэрдэг учраас байнга тухгүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс хүмүүс энэ өвчнөөс хурдан ангижрах ямар ч хамаагүй аргыг хайж эхэлдэг. Бүдүүрсэн судсыг агшаах зорилгоор хүмүүс хэрчсэн лоолиор жин тавьдаг ч харамсалтай нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Лооль нь чийглэг, хүйтэн учраас жин тавих үед загатнаа, өвдөлтийг багасгадаг ч өөр ямар ч төрлийн хүйтэн жин ижил үйлчилгээг үзүүлэх боломжтой. Судас бүдүүрэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл жин болон цусны даралтаа тогтмол хянаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж. ногоон ургамал сайн идэх нь чухал. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй ч нэгэнт үүссэн судасны бүдүүрлийг эмчлэх эмчилгээ биш. Судасны бүдүүрэл хүндэрсэн тохиолдолд мэс ажилбар эсвэл лазерын эмчилгээнд орох боломжтой” гэсэн байна. АНУ-ын Судасны эмчилгээний төвийн вэбсайтад 2021 оны 02 дугаар сарын 09-нд нийтэлсэн “Алимны цуу судасны бүдүүрлийг эмчилдэг үү?” гэх гарчигтай мэдээлэл: “Алимны шүүсэнд исгэгч хийх үед шингэн алкохол болон хувирч, тодорхой хугацааны дараа цуу үүснэ. Алимны цуу нь ацет хүчил болон В, С витамин агуулдаг. Агуулж буй бодисоос нь шалтгаалан хүмүүс антиоксидант үйлчилгээтэй биеийг цэвэрлэх эм гэж эндүүрдэг. Судасны бүдүүрэлтэй хүмүүст алимны цуугаар арчиж, жин тавих аргыг санал болгох нь нийтлэг. Туркийн эрдэмтдийн 2016 оны алимны цууг судасны бүдүүрлийн үед ашигласан туршилтад зовуурийг арилгасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь туршилтын явцад алимны цууг туршилтад оролцогсдын хөлд түрхэхдээ хөлийг нь 45 хэм дээш өргүүлсэн байсан. Хөлөө зүрхнээс дээш түвшинд өргөх нь хөлийн судасны цусны урсгалыг сайжруулж, хавдрыг бууруулдаг. Тиймээс хөлийг өргүүлсэн нь алимны цуу түрхсэнээс илүү нөлөөтэй байсан хэрэг. Алимны цуу түрхэх нь ямар нэг хор хөнөөл байхгүй ч судасны бүдүүрлийг эмчлэхгүй. Учир нь судасны бүдүүрэл нь судасны хэсгүүдийн үйл ажиллагаа доголдсоноос үүднэ. Арьсны гадаргууд түрхэж буй алимны цуу судасны дотор хананд орж нөлөөлөх боломжгүй. Бүрэн эмчилье гэвэл мэргэжлийн эмчид хандаж, мэс засал хийлгэх нь зүйтэй” гэсэн байна.