🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Олон улсын баримт шалгах байгууллагууд ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон
Хөлийн уландаа сонгино тавих нь дээрх дурдсан өвчнүүдийг эмчилдэг талаарх худал мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд Snopes, Lead Stories, AFP, AP News, VERA Files гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд дээрхтэй ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй бөгөөд хүний бие дэх эсвэл агаар дахь вирус, нянг устгаж цэвэршүүлэхгүй юм. Макгиллын их сургуулийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд тайлбарлах зорилготой Шинжлэх ухаан ба Нийгмийн оффисын захирал доктор Жое Шварц дээрх мэдээлэл нь хөлийн ул нь биеийн дотор эрхтэнүүдтэй холбогддог ба сонгинод агуулагддаг нэгдлүүд нь улаар дамжин хорт бодисыг устгадаг гэх төөрөгдөлд суурилсан гэж Australian Associated Press-д мэдээлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “сонгинод нянгийн эсрэг зарим үйлчилгээ байдаг ч… энэ нь ямар ч практик хэрэглээгүй.” гэж мэдэгджээ. Тийм учраас сонгиныг хөлийн уландаа биш хайруулын тавгандаа тавихыг доктор Шварц зөвлөсөн байна. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч “Сонгиныг хөлийн уландаа тавих нь ковид-19, хавдар, хумхаа, эвсэл өөр ямар ч хамаагүй өвчнийг эдгээхгүй” гэж AFP Fact Check-д мэдэгджээ. Түүнчлэн бид дээрх шалгаж буй мэдээлэлтэй холбоотой сонгины эрүүл мэндийн ач холбогдол, үйлчилгээний талаар өмнө нь баримт шалгалтуудаар сонгины талаарх худал мэдээллүүдийг няцаасан. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь хорт бодисыг өөртөө соронз мэт татах чадваргүй юм. Сонгины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Үндэсний Сонгины Холбоо (National Onion Association) бидний шалгаж буй мэдээллийг няцаасан мэдэгдэлдээ “арилгасан сонгино нянг сорох эсвэл агаар дахь хорт бодисыг сорж, арилгадаггүй” гэж мэдэгдсэн.