🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Дэлхийн олон хэлээр түгсэн хуурамч мэдээллийг IFCN-ий баримт шалгагчид нягталж хуурамч болохыг тогтоожээ
“Шумахер 6 жил ухаангүй хэвтсэн болон түүний гэр бүл, эхнэр нь дампуурсан” гэх мэдээлэл нь худал бөгөөд AFP, Lead Stories, PesaCheck, Ellinika Hoaxes, Poligrafo гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд худал гэдгийг нь тогтоосон. Тус мэдээлэл нь англи, португал, франц, итали, орос гэх мэт олон хэлээр тархан түгсэн байсан гэдгийг AFP мэдээлсэн.
2. Михаил Шумахер ослоос хойш 8 сарын турш эмнэлэгт эмчлүүлж, зургаан сар комд байсан
2013 оны 12 дугаар сарын 29-нд Михаил Шумахер Альпийн нурууны Франц дахь хэсгийн хамгаалагдаагүй хэсэгт цанаар гулгаж байхдаа осолдон тархины гэмтэл авсан. Хэдийгээр тэрээр хамгаалалтын малгай өмссөн байсан ч чулуунд толгойгоо цохисноос хүнд гэмтэл авсан байна. Ослын дараа тэрээр Францын Греноблын эмнэлэгт хүргэгдэн хоёр хагалгаанд орсны дараа комд орсон байна. 2014 оны 06 дугаар сар хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гуравдугаар сарын сүүл болон дөрөвдүгээр сарын эхэнд ухаан орж эхэлсэн үеүд байсныг BBC мэдээлсэн байна. Тэрээр ослоос хойш зургаан сарын дараа буюу 2014 оны 06 дугаар сард бүрэн ухаан орж, Греноблын эмнэлгээс сэргээн засах эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Лозаннын их сургуулийн эмнэлэгт шилжиж, 2014 оны 09 дүгээр сар хүртэл эмчлүүлсний дараа гэртээ ирсэн гэдгийг түүний менежер Сабин Кем мэдэгдсэн байна. 2014 оны 11 сард Шумахерын найз Филиппэ Штрейфф (Philippe Streiff) түүнийг тархины гэмтэлээсээ шалтгаалан ой санамж, ярих чадварын асуудалтай болж, тэргэнцэр дээр суудаг болсон тухай мэдэгдсэн. 2018 оны 12 дугаар сард Шумахерыг Швейцарийн Гланд дахь гэртээ эмчлүүлж байгаа ба эхнэр Коринна болон гэр бүлийн хамт амьдарч байгааг Daily Mail мэдээлж байв.
3. Шумахерын эхнэр ба түүний гэр бүл дампуурсан гэдэг нь худал
2017 онд Forbes сэтгүүл Шумахер карьерынхаа туршид 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө цуглуулсан ба бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын 5 дугаарт жагсаж байсан талаар мэдээлсэн. Мөн Швейцарийн Bilanz сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 700-800 сая ам.доллар хүртэл байх боломжтой гэжээ. Харин 2016 оны 12 дугаар сард Их Британийн The Sun мэдээллийн вэб сайт 2014 оны 09 дугаар сард эмнэлгээс гарснаас хойш түүний эмчилгээний зардал 14 сая паунд болсон гэж мэдээлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сард Daily Mail түүний гэрийн эмчилгээний зардал 7 хоногийн 50 мянган паунд зарцуулдаг гээд ам.доллароор тооцвол жилд $3.6 сая орчим зардал гаргахаар байгааг дурдсан байна. Хэрвээ Шумахерын хөрөнгийг 700 сая ам.доллар гэж үзвэл дээрх зардлаар эмчилгээ хийлгэхэд 194 жил зарцуулах юм. Бидний шалгасан постод ашигласан Шумахерыг түүний эхнэр Коринна тэвэрсэн зураг нь ослоос хоёр жилийн өмнөх буюу 2011 оны 10 дугаар сард зурагчин Херберт Буккогийн (Herbert Bucco) авсан зураг гэдгийг AFP мэдэгдсэн.