2021 оны 01 дүгээр сарын 02-нд narhan.me вэб сайт “Цааш түгээгээрэй: Эмчилгээгүй болсон элэгний хорт хавдрыг АДУУНЫ ХӨХ ХОМООЛООР эмчилжээ” гарчигтай мэдээлэл нийтэлснийг 2022 оны 10 дугаар сарын 5-нд Нархан гэрэлт ирээдүй нэртэй пэйж дахин сэргээж оруулсан нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар тус мэдээлэл нь 1.3 мянга гаруй реакц, 38 коммент авч, 4197 удаа цааш түгээгдээд байна. Харин сайт дахь мэдээллийг Facebook-т нийт 41 удаа дахин оруулж, 36,269 хариу үйлдэл аваад байна. Тус мэдээнд элэгний хорт хавдар нь хүндэрсэн Болд гэх хүн адууны хомоолыг буцалгаж, хандыг нь нэг жилийн турш ууж эдгэрсэн гэх агуулгыг оруулжээ.
🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Судалгааны санд адууны хомоолоор элэгний хавдрыг эмчлэх тухай мэдээлэл байхгүй
Адууны хомоол нь элэгний хавдрыг эдгээхгүй бөгөөд хавдрын эсрэг үйлчилгээтэй биш юм. Бид дээрх мэдээллийн дагуу адууны хомоолыг уламжлалт эмчилгээнд ашигладаг эсэх талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнтэй 2022 оны 10 дугаар сарын 21-нд холбогдсон бөгөөд “адууны хомоолыг эмчилгээнд ашиглах талаар судалгаа байхгүй” гэж мэдээлсэн. Мөн бид Шинжлэх ухаан технологийн сангийн цахим мэдээллийн сан дахь судалгааны төсөл, диссертацийн бүтээлүүдээс “адууны хомоол” гэх хайлтаар хайж үзэхэд ямар нэг илэрц гарч ирээгүй. Цаашлаад эрүүл мэндийн судалгааны талаарх дэлхийн хамгийн том дата бааз буюу АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн (National Institute of Health) судалгааны сангаас “адууны хомоол ба элэгний хавдар” (horse manure and liver cancer) гэж хайхад энэ талаарх судалгааны илэрц гарч ирээгүй.
2. Адууны хомоолыг хөрс сэргээхэд хэрэглэх судалгаа бий
Харин адууны хомоолыг хөрс сэргээх болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд ашиглаж болохыг Жуони Хавукайнэн (Jouni Havukainen) нарын 2020 онд “Journal of Cleaner Production” сэтгүүлд хэвлүүлсэн “Амьдралын циклээр үнэлэх хандлагад суурилсан малын өтгийн менежментийн хүрээлэн орчны нөлөө” (Environmental impacts of manure management based on life cycle assessment approach) өгүүлэлд тайлбарлажээ. Дүгнэвэл, адууны хомоол нь хүндэрсэн хорт хавдар буюу эмчилгээгүй болсон хавдрыг эмчлэхгүй бөгөөд хэрвээ хавдрын шинж тэмдэгтэй бол “шидэт” адууны хомоолд найдах хэрэггүй юм.