🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.
1. Зургаар хайж, мэдээллийн бодит байдлыг нягтлах
Бид тус мэдээллийн дагуу Мерген Донгакын мэдээлэл болон постод ашигласан зургийг Yandex хайлтын систем дэх Reverse image search функцээр хайж үзэхэд түүний Оросын баатар цолоор шагнуулсан тухай мэдээллүүд гарч байсан. Тодруулбал, үүнд Оросын Батлан хамгаалах яам болон Известия, Лента зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд ахлах түрүүч Мерген Донгакыг Оросын баатар цолоор шагнагдсан гэдгийг 2022 оны 07 дугаар сарын 23-нд мэдээлсэн байна. Бидний шалгаж буй постод ашигласан зураг нь Известиягийн 07 дугаар сарын 23-ны “Герой России Донгак вернулся в родную Тыву” (Оросын баатар Донгак төрөлх Тувадаа буцаж ирэв) гэх гарчигтай мэдээнд ашигласан зурагтай таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ зураг нь түүнийг Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызылд нисэх онгоцноос буусны дараа авсан зураг гэдгийг Известиягийн мэдээллээс харж болохоор байна. Харин түүнийг ганцаараа 34 хүнийг хутгаар хөнөөж, ОХУ-ын 100 гаруй цэргийг олзноос чөлөөлсөн гэх мэдээлэл байхгүй байна.
2. Тува цэргийн удирдсан багийн тухай мэдээлэл
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Мерген Донгакын удирдсан бүлэг цэрэг Украины 25 орчим цэргийг алж, 2 танк, 4 ачааны тээврийг устгасан ба өөр тохиолдлуудад түүний удирдсан цэргүүд 10 гаруй цэргийг алж, Украины талын зэвсэг, сумны нөөцийг устгах болон 20 орчим цэргийн байршлын мэдээллийг бригадын удирдлагад мэдээлсэн байна. Тус мэдээлэлд Донгак Украины цэргүүдийг хутгаар алсан болон олзлогсдыг аварсан талаарх мэдээлэл байхгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 14-нд Оросын талыг баримталсан Украины дайны талаарх мэдээллийг хүргэдэг “Za нами правда” Телеграм сувагт түүнийг байлдааны үеэр шархдсан салааны захирагчаа байлдааны галаас хамгаалж, салаагаа удирдан Украины дайралтыг зогсоосон гэж мэдээлсэн байна. Түүний байлдааны гавьяаг үнэлэн 2022 оны 06 дугаар сарын 09-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг Оросын баатар цолоор шагнасан гэж Төрийн думын дэд дарга Шолбан Кара-оол мэдээлсэн байна.