Данбаолиг хүний үсээр хийдэг гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятадад Данбаолиг хүний үснээс гаргаж авдаг гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“L-cysteine гэх хүнсний орлуулагч бодисыг хүний үс мэтээр тайлбарлан төөрөгдүүлсэн ойлголт үүсгэжээ.

2019 оны 09 дүгээр сарын 15-нд Ts’s Delguur нэртэй хэрэглэгч “Мэдмээр юм байна” гэх тайлбартай, “Хятадад Данбаолиг хүний үснээс гаргаж авдаг” гэх агуулгатай бичвэрийн зураг бүхий пост оруулсан нь 10 дугаар сарын 19-ний байдлаар 339 реакц, 96 сэтгэгдэл авч, 13.4 мянган удаа цааш түгээсэн байна. Харин зурагт буй бичвэрийг нь анх Uba Udval нэртэй хэрэглэгч нийтэлсэн нь 922 реакц, 5 сэтгэгдэл авч, 1.2 мянган удаа цааш түгээжээ.

Энэхүү хуучирсан мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 13-нд Ulzii Lochin нэртэй хэрэглэгч сэргээн хуваалцсан байна. Уг постод “Сая Монголд байх хугацаанд монголчууд хүнсэндээ Данбаоли буюу Хятад гурил эсгэгчийг их өргөнөөр хэрэглэж харагдаад нэг юм бичмээр санагдаад үүнийг орууллаа. Данбаолиг битгий хүнсэндээ хэрэглээрэй. Хятадад Данбаолиг хүний үснээс гаргаж авдаг 100% үнэн шүү. L Cysteine гэдэг химийн орцыг манай урд хөршид хүний үсээр хийдэг юм аа. Болж өгвөл Герман өсгөгч буюу Hefe гэж бичсэн өсгөгчийг хүнсэндээ хэрэглээрэй” гэсэн байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. L-cysteine амин хүчлийн тухай

Канадын Талх, нарийн боовчдын холбооны L-cysteine бодистой холбоотой мэдээлэлд: “Хүний биед мэтионин гэх үл орлуулах амин хүчил хувиралд орох үед L-cysteine гэх орлуулах амин хүчил бүрэлдэнэ. L-cysteine гидрохлорид нунтаг буюу Е 920 хүнсний нэмэлт бодисыг талх, нарийн боовын салбарт гурилын зуурмаг бэхжүүлэгч болгон ашигладаг. Зуурмагийн цавуулгийн хэлхээг тасалж, зунгааралтыг багасгаснаар талх, нарийн боов барихад илүү хялбар болгож, халаах үед хөөлгөх үйлчилгээтэй. L-cysteine хүнсэнд ашиглахад хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Гол нь яаж гаргаж авч буйгаас шалтгаалан иргэд уг бодисыг эсэргүүцдэг. Уг амин хүчлийг гаргаж авах гол түүхий эд нь нугас болон галууны өд боловч хүний үс, гахайн үс, гахайн туурай зэргээс гаргаж авах боломжтой. Сүүлд дурдагдсан түүхий эдүүдээс гаргаж авахыг Канад улсад хориглосон. Ногоон хоолтон хүмүүст зориулсан лабораторид нийлэгжүүлж гаргаж авсан L-cysteine байдаг ч үйлдвэрлэлийн өртөг өндөртэй тул өргөн ашигладаггүй. Ногоон хоолтнууд энэ бодисыг мал, амьтны эдээс гаргаж авч буйг шүүмжилдэг. Канадын Худалдааны зөвшөөрөл олгох байгууллага, АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг, Европын Хүнсний аюулгүй байдлын алба, Австралийн Хүнсний стандартын байгууллага зэрэг нь уг бодисыг үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнд ашиглахыг зөвшөөрдөг” гэсэн байна. Дээрх агуулгад дурдсан байгууллагууд L-cysteine бодисыг ашиглахыг зөвшөөрдөг эсэхийг холбогдох албан ёсны вэбсайт, нийтэд ил эх сурвалжуудаас судалж үзэхэд батлагдаж байна. Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хятадад Данбаолиг хүний үснээс гаргаж авдаг” гэх агуулгыг хайж үзэхэд, БНХАУ-д L-cysteine бодисыг амьтны гаралтай түүхий эд ашиглан гаргаж авах ёстойг хуульчилсан байдаг байна. Энэ талаар БНХАУ-ын Соху мэдээллийн агентлагийн вэбсайтад 2021 оны 08 дугаар сарын 12-нд мэдээлэл нийтэлжээ. Тодруулбал: “L-cysteine ашигласан гэхээр таны талханд шууд хүний үс хийгээд байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл. БНХАУ-ын Хүнсний стандартад L-cysteine бодисыг GB2760 гэж тэмдэглэдэг. Талх, нарийн боовонд заавал уг бодисыг нэмэх шаардлагагүй, ижил үйлчилгээтэй өөр бодис ашиглах ч боломжтой. Хүнсний стандартад уг бодисыг хэрхэн үйлдвэрлэж, гаргаж авах ёстойг тодорхой заасан байдаг. GB 1886.75 кодтой стандартад “Мал, амьтны үс, өд ашиглан гаргаж авах” гэж заасан байдаг ба гахай, тахиа, нугас, галууны үс, өд ашиглан гаргаж авах нь хамгийн нийтлэг. Хүний үснээс гаргаж авах боломжтой ч үйлдвэрлэлийн технологид хориотой учраас хүний үс ашигладаггүй. БНХАУ нь дэлхийн L-cysteine борлуулалтын дийлэнх хувийг хангадаг учир стандартыг зайлшгүй мөрдөх ёстой. L-cysteine ашиглахыг талханд үс хийж байгаатай адилтгах нь утгагүй, учир нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг L-cysteine гаргаж авах процесстой төстэй аргачлал ашиглан үйлдвэрлэдэг. Жишээлбэл, шар сүүний уураг буюу фитнесийн хүнсний нэмэлтийн гол орц бодисыг бяслагийн хаягдал усаар /шар сүү/ үйлдвэрлэдэг. Гахайн тэжээл болох буурцагийн уургийг тахианы ялгадасаас гаргаж авдаг учраас гахайн маханд тахианы ялгадас агуулдаг гэж ойлгож болохгүй” гэсэн байна. БНХАУ-ын Хүнсний стандартын жагсаалтад Sohu агентлагийн дурдсан стандартуудыг жагсаасан байна.

2. Данбаоли болон Hefe нь ижил орцтой бөгөөд хоёул L-cysteine агуулдаггүй

Иргэд ахуйн хэрэгцээндээ нийтлэг ашигладаг Данбаоли брэндийн гурил исгэгч нь БНХАУ-аас орж ирдэг. Данбаоли брэндийн вэбсайтад байх үйлдвэрийн танилцуулгад: “50 гаруй оронд үйлдвэрлэж, 185 оронд бүтээгдэхүүн нийлүүлдэг Францын Lesaffre брэндийн БНХАУ дахь төлөөлөгчөөр ажиллаж, нэгдсэн технологийн дагуу исгэгч үйлдвэрлэдэг. 1985 онд БНХАУ-ын анхны исгэгч үйлдвэрлэгч компани болон үйл ажиллагаагаа эхлүүлснээр гурил исгэгч, хөөлгөгч, алкохолийн исгэгч болон хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэж одоо Хятад болон бусад улсуудад экспортолдог” гэжээ. Данбаоли брэндийн исгэгчийн тухай мэдээлэлд орц, найрлагадаа “Гурилын хөрөнгө болон сорбитан моностеарат” гэх хоёр л орцтой гэсэн байна. Баримт шалгалтад дурдсан Hefe /герман хэлээр хөрөнгө гэсэн үг/ нь мөн л гурил исгэгч бөгөөд тодорхой брэнд дурдаагүй ч Германы онлайн худалдааны дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бүтээгдэхүүний орцтой танилцахад мөн адил хөрөнгө болон сорбитан моностеарат гэсэн байна. Европын Хүнсний аюулгүй байдлын албаны вэбсайтад байршуулсан исгэгчийн орц дахь Сорбитан моноестарат бодисын тухай мэдээлэлд: “E 491 тэмдэглэгээт хүнсний нэмэлт буюу Сорбитан моностеарат нь хүнсний эмульс /зохих бүтцийг хадгалах үйлчилгээтэй тогтворжуулагч/ юм. Эрдэнэ шиш болон кассава ургамлаас гаргаж авдаг сорбитолыг тосны хүчилтэй урвалжуулснаар сорбитаны төрлийн нэгдлүүдийг гаргаж авна. Европын Хүнсний аюулгүй байдлын агентлагаас дараах бүтээгдэхүүнүүдэд ашиглахыг зөвшөөрдөг: Нарийн боов Нарийн боовны чимэглэл Тосон эмульс Сүү ба цөцгий орлуулагч Шингэнийг цайруулагч Шингэн цайны концентрат Чихэр, дессерт Өтгөрүүлсэн соус Гурилын исгэгч Бохь Хүнсний нэмэлт уургийн тэжээл Хөөсийн хэмжээ багасгагч


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document