2022 оны 10 дугаар сарын 14-нд ikon.mn, isee.mn мэдээллийн вэб сайтууд Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн эрхийн зөвлөлийн ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлсэн талаар мэдээлэл нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хүний эрхийн зөвлөлд нэр дэвшүүлсэн улсуудын өргөдөл дунд Монгол Улс байхгүй байна
2022 оны 10 дугаар сарын 11-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн зөвлөлд 14 гишүүнийг шинээр сонгосон ба энэ сонгуульд Монгол улс нэрээ дэвшүүлэхээр өргөдөл гаргаагүй юм. Мөн НҮБ-ын дижитал номын сангаас өргөдөл гаргасан улсуудын жагсаалтыг харж болох бөгөөд Монгол улс өргөдөл гаргасан мэдээлэл байхгүй байна. Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийн сонгуульд НҮБ-ын гишүүн орнууд нууц, шуудаар санал өгдөг учир нэр дэвшүүлээгүй оронд санал өгөх боломжтой. Тодруулбал, энэ удаагийн сонгуулиар Монголоос гадна Сан Марино, Бахрейн улсууд нэрээ дэвшүүлээгүй ч адил нэг нэг санал авсан.
2. Нэр дэвшүүлсэн 17 улсаас 3 нь сонгогдож чадаагүй байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь нийт 47 гишүүнтэй ба энэ удаагийн сонгуулиар 14 гишүүний суудал суларч ээлжит сонгууль болсон. Энэ сонгуульд 17 орон нэрээ дэвшүүлэн 3 орон хангалттай санал авч чадаагүй учир сонгогдоогүй байна. Үүнд, Ази-Номхон далайн бүсийн 4 суудалд Афганистан (12), Бангладеш (160), Киргизстан (126), Малдив (154), Бүгд Найрамдах Солонгос улс (123), Вьетнам (145) зэрэг 6 улс дэвшсэн бөгөөд Афганистан 12 санал, Бүгд Найрамдах Солонгос Улс 123 санал авч бүс нутгийн төлөөлөл дундаасаа сонгогдож чадаагүй байна. Мөн Латин Америк ба Карибын улсуудаас Венесуэл 88 санал авч Чили (144), Костра Рикагийн (134) ард жагсан сонгогдож чадаагүй гэдгийг НҮБ-ын вэб сайтад мэдээлжээ. Ikon.mn дээрх мэдээллийг няцаасан тодруулга мэдээлэл гаргасан ба бид ГХЯ-наас тодруулахад Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлээгүй гэдгийг батлан мэдэгдсэн.